Яруу найраг

Оюун түлхүүр

Дээд лам гурван эрдэнэд итгэмүй

Эртний богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир

Эзэд хаадтан, олныг хураая гэхүл өглөгөө өг

Осолдолгүй явъя гэвэл түшмэдээ өргө

Агуу хүчээ ихэтгэе гэхүл цэргээ асар

Уудам сул жаргая гэхүл эеэ хичээ

Өдөр явсан явдлыг шөнө шүүгтүн

Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун

Олны дотор үгээ бэхэл

Гагцаар суухуйд сэтгэлээ шинжил

Олон хүн лүгээ найран зохилдож

Ер авах гээхийн ялгалыг шинжлэн мэд

Их багын санааг асууж нэгтгэн

Егүүтгэлгүй сэтгэлийг угаас барьж

Шашин амьтны тусын тулд шамдан

Хамаг амьтныг гагц хөвгүүн мэт асарч

Эцэг мэт сургаж, эх мэт тэжээ

Засаг цаазыг номын ёсоор барьж

Олон амьтныг жаргаланд зохиож

Төрөл төрөгсдөө энх амарт хүргэгтүн

Үзтэл үнэнээр явагчдыг

Үргэлж өргөж хөгжөөгтүн

Үнэхээр гэмт хүнийг гэсгээ

Хатан, хөвгүүн албат нарыг адил сурга

Хэд хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт

Хичээн бүтээж явбаас

Төрийн бамбай, дайсны баг (хуяг) адил

Ер биеийн амрыг үл харан

Бусдын үйлээс үл уйдан явбаас

Дээдсийн явдалд ойр гэх

Асрахын урьд айлгах

Албат лугаагаа атаа тэмцэх.

Ах дүү лүгээ гээ хэрүүл үүсгэх

Дэмий холын хүнтэй ханилан эвдрэх

Дэргэдэх хүнийг дэнсэлгэн зовоох

Төрөл төрөгсдөө үл амруулах

Төр цаазаас үл айх

Муу хүний үгэнд орох

Сайн хүний үгийг үл итгэх

Ширүүн үгээр дайсныг хураах

Хорт сэтгэлээр хамгийг хашруулах тэргүүтнийг тэвчигдэхүй.

Тойн хүний хамаг эрдмийн дотор

Нигүүлсэхүй сэтгэл нэн эрдэм

Хаан хүний гучин таван эрдмийн дотор

Хайрлах сэтгэл нэн эрдэм

Хатан хүний арван таван эрдмийн дотор

Сайхан ааль нэн эрдэм

Түшмэл хүний есөн эрдмийн дотор

Төвшин сэтгэл нэн эрдэм

Тойн хүн хамаг эрдмийг төгс суравч

Дотроо нигүүлсэхүй сэтгэл үгүй болбоос

Тоолшгүй эрдэмтэй боловч

Тун тусгүй

Хаан хүн хамаг эрхийг төгсөвч

Хайрлах сэтгэл үгүй болбоос

Хамагт аргагүй хөнгөн болмуй

Хатан хүн хамаг сайхныг төгсөвч

Ааль муутай болбоос

Харин төрхөмдөө буцаж буг болмуй

Түшмэл хүн есөн эрдмийг төгсөвч

Түвшин сайн сэтгэл үгүй болбоос

Хорт чоно мэт жигшигдэхүйн тул

Төв сэтгэлийн эеийг хичээ

Арслан мэт ноёдыг

Барс мэт түшмэд дагах

Барс мэт ноёдыг

Ирвэс мэт түшмэд дагах

Ирвэс мэт ноёдыг

Чоно мэт түшмэд дагах

Чоно мэт ноёдыг

Үнэг мэт түшмэд дагах тул

Хамагт зовлон болмуй

Ер хүн сайн сайхан үнэн үг

Шударга явдлыг хичээн сурагтун

Өндөр их заяатныг үзэн ядваас

Өөрийн амны хишиг зайлах

Өнчин хүний жаргалыг хөнөөвөөс

Өөрийн хишиг эвдрэх

Үнэн тус хүргэгчдийг муулбаас

Тэнгэр үл таалах

Үзтэл муулсан хүнийг аргадваас

Үйл үл бүтэх

Үзмэгц яаран бүү магт

Түргэн зуур ханилсан нөхөрт яаран бүү уурла

Үргэлж ханилж тэнсэн мэд

Нэгэнт учирсан хойно яаран бүү цуцар

Итгэсэн хойно үгээ бүү нуу

Итгэлгүй хүнд

Ямагт зүрхний үгийг бүү хэл

Муу хүний үгэнд бүү ор

Эм хүний үгийг бүү дага

Хөвгүүн ба боолоор бүү мэдүүл

Хартай хүн лүгээ үг бүү зөвлө

Олон хүний зөвшсөнийг бүү эвд

Хилэнцэт үйлэнд бүү шуна

Буянт үйлэнд бүү саад хий

Үнэхээр зүтгэсэн ардын урмыг

Өчүүхэн юманд бүү шантал

Үзмэгц яаран магтаад

Учралдан ханилж гайхуулаад

Удалгүй хэрэлдэн салаад

Даруй буцаж инээдэм наадам хийн явагч хүн

Үзтэл муу ард мөний тул

Үтэр түүнээс зайл

Дээрэнгүй омог сэтгэлийг барьж

Дэмий муу биеэ гайхуулаад

Дээдсийн ёсноор загнагч

Танхай ард ичих мэт

Түүнээс түргэн зайл

Хилэн ихтийг аргаар өнгөрүүл

Хилэнц ихтийг номоор тэтгэ

Төрөл төрснөө тэтгэж явбаас

Бөх их хүчтэй болох

Төр ёсныг төв шударга дагаж явбаас

Хүнд их нэртэй болох

Төв ихсийн журмыг дагаж явбаас

Түмнийг эхлэх болох

Түүнийг үүнийг ялгалгүй асарваас

Олон нөхөдтэй болох

Холын хүнд өршөөл тус хүргэвээс

Алдар нэр дуурьсмуй

Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс

Эв эе бүтээд хүчин нэммүй

Харийн газарт арга чадлаа бэхэл

Халуун зуураа эв эеэ хичээ

Шашинд дургүй сахилтнаас

Сайн сүсэгт хар хүн дээр гэлээ

Төр ёсон үл мэдэх хаадаас

Түвшин сайн түшмэл дээр гэлээ

Ичгүүр үл мэдэх хатнаас

Ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ

Хадгалж үл чадах хөвгүүдээс

Халамжит сайн боол дээр гэлээ

Харам сэтгэл тушаа

Хатуу сэтгэл жад

Хар санаа хор

Ханилсан нөхрөө хуурваас

Харин биеэ хуурсан адил болъюу

Үнэхээр барилдсан сайн нөхрийн үгсийг

Үхтэл бүү март

Хагацашгүй хань нөхөрт

Марташгүй муу үгийг бүү хэл

Үг үл сонсох муу хүнд

Олон үг бүү хэл

Харин улиг болмуй

Үг үл мэдэх мунхаг хүн лүгээ

Үг бүү тэмц харин ичгүүр болмуй

Өчүүхэн номч хүн омгоор

Үргэлж их мэдэх мэргэдэд халдваас

Үтэр шантрахын тэмдэг

Гэнэт сайжирсан ард

Хэтэрхий ихэст халдваас

Гэмшиж үл барагдахын тэмдэг

Арслангийн омог баатар мөн арсландаа зохих

Үнэгний уран арга мөн үнэгэндээ зохих.

Арслангийн баатар омог үнэгэнд тусгүй

Үнэгний уран арга арсланд тусгүй

Арслан үнэг мэт явбаас түргэн гутах

Үнэг арслан мэт явбаас түргэн үхэх хэмээсэн үлгэрийг

Хэн хүн хянан үзэж

Хэр хэрээ мэдэж

Чинээ чинээгээ бодож явсан сайн

Ер хоёр хүн эвтэй болбоос

Төмөр хүрээ мэт бэх

Хорин хүн эвгүй болбоос

Эвдэрхий хүрээ мэт хэврэг

Өнөр хүн эвгүй болбоос

Өнчин хүний элэг болох

Олон хүн эвгүй болбоос

Оорцог хүний идэш болох

Цувж явсан барсаас

Цуглаж суусан шаазгай дээр гэлээ

Тиймийн тул эв эеэ нэн бэхлэгтүн

Амраг ханилсан нөхөрт

Аливаа хүний үгээр бүү уурла

Ажиглан онож мэдээд харин биеэ шүүгтүн

Үлэмж сайн ханилсан хүмүүсийг

Үнэхээр муу сэтгэлтэй хүмүүс

Үзэн ядаж хуурмаг аргаар эвдрүүлээд

Элэглэе гэх мэдэшгүй

Өнгөц зусар аргатай хүн

Зөөлөн худал үгээр хууран байж

Үнэн санааг аваад

Үймтэл муутган хэлэхүй нь олон буй

Үзэж таньж ханил

Худал үгийг ерд тэвч

Хүн мэдвээс бие хөнгөрмүй

Бардам хатуу үгсийг орхи

Хүн мэдвээс өшмүй

Хулгай худал энэ насны ичгүүр

Эцэст тамын буг

Үүнийг урьдаас тасал

Ариун явдалт ламыг бурхан мэт тахь

Асрал ихт ноёдыг тэнгэр мэт хүндэл

Ам авсан тангаргийг амь мэт сахь

Арга заль хоёрыг угаас орхи

Аливаа хүн лүгээ нийцэн зохь

Хан хүн лүгээ бүү тэрсэл

Сайд хүн лүгээ бүү эвдэр

Лам хүний эд малд бүү хурьц

Тарничийг хүндэл

Дэмий хүнийг бүү аргад

Өчүүхэн бага хүнийг бүү бас

Самуун муу сэтгэлийг бүү үүсгэ

Бурхан тэнгэрийг сайтар сахь

Эзэд сайдыг бүү хараа

Айх ичих хоёрыг ажиглаж мэд

Аливаа хүний зан аалийг

Аргаар тэнсэж мэд

Дотор муутай төрлөөс

Тун үл таних хүн дээр гэлээ

Муу сэтгэлт ах дүү дайсан лугаа адил гэлээ

Өрсөх дайсанд цусаа бүү үзүүл

Өшөөтэй хүнд муугаа бүү үзүүл

Хортон дайсанд хол ойр гэж үгүй буй

Хэн хортой болбоос шадар гэж бүү янагла

Хэн тустай болбоос гадуурхаж бүү ялга

Зөвтэй явах хүнийг бүү дарла

Буруутай явах хүнийг бүү асар

Муу явах хүнийг ихэд хайрлаваас

Харин биед халдах гэм буй

Сайн ардыг муулбаас

Харин хойно гэмших буй

Сайн муу үнэн худлыг ялгаж мэдэх хэрэгтэй

Сайн ардад өглөг өгч үйлээ захирга

Хэдий өргөмжлөгдөвч өчүүхэн сэтгэлийг барьж олон лугаа зохь

Гэнэт доройтвоос гэмшилгүй хатуужих хэрэгтэй

Хүний нүүрийг харалгүй

Үйлээ туйлд хүртэл зүтгэж хэргээ бүтээ

Харийн үйлийг ашид сэрэмжил

Халуун зуураа эв эеэ хичээ

Дээдсийг хүндэл, доодсыг асар

Бурханы шашинд амиа тавь

Бусдын тусад биеэ орхи

Бултралгүй явбаас Богд сайдын явдал ойр гэх

Самуун муу биеэ ихэд бодоод

Сайн хүнийг сонжоод (үзэн ядаад)

Саваагүй мунхаг үгээ зөв болгоод

Санаандаа их дүрийг барьж

Арга хуурмагаар авах идэхийг сурч

Доод хүнийг дарлан явагчийг

Адгуусны зэрэгт ойр гэх

Ил магтаад, далд муутгаад

Ихээхэн өгвөөс баярлаад

Эс өгвөөс гомдоод

Инээдэм наадмаар өнгөрүүлэн явах

Ичгүүргүй сургаалд үл орогч хүнийг гэсгээвээс

Улам хойддоо тустай биш үү

Өөрийн хэргээ орхиж

Үнэн санаагаар зүтгэж

Ил далд магтах ба

Муушаахыг үл бодон

Олзонд шуналгүй

Нэгэн зоригоо хугалалгүй

Ер уйдах чилэхүйг саналгүй

Хэв хэзээд цөхрөлгүй

Зовох цагт зайлалгүй

Жаргах цагт хэтрэлгүй

Хайрлах цагт дасалгүй

Халдах цагт гуталгүй

Насан үргэлжид нэгэн зангаар явбаас

Улам хойддоо хөгжлөг болох буй.

Ер хүний ахуйн үйл яршигтай

Амьтны сэтгэлийг мэдэшгүй

Зальхай хуурмаг аргатан олон тул

Тиймийг яахин баримталмуй

Тустай сайн санааг насад хичээ

Тустай сайн хүн ус мэт эелдэг

Тун муу хүн мод мэт хөшүүн

Бусдын гэмийг ятгаж орхи

Өөрийн биеэ магталгүй

Үйлээ үргэлжид шинжигтүн

Шашин амьтны тусыг цаг тутам үйлдэж явбаас

Хэв хэзээд юун хэрэг болох буй

Үхэлгүй насны шидийг эс олсны тул

Мөнх бусыг санах хэрэгтэй

Аюулт тамын хаалгыг эс хаасны тул

Хилэнцээс зайлах хэрэгтэй

Ашдын хүнс номын өглөг

Амгалангийн дээд бодь мөр

Мэргэдийн гэгээнийг үзэлгүй ном номлогч

Ноёдын гэгээнийг танилгүй төр ёсон хэлэгч

Энэ хоёр мунхгийн туйлд эндүүрчээ

Гэм хийвээс цааз бэрх

Хилэнц хийвээс там бэрх

Жаргал зовлон бүгд

Ач үрийн хувь

Ашдын амар жаргалыг ольё гэвээс

Онц буян хэрэгтэй тул хичээн үйлд

Эрдэмт ламын тангаргийг бүү эвд

Эзэд хаадын зарлигийг бүү дав

Эцэг эхийн сургаалыг бүү март

Эм хөвгүүн ба боолын үгийг бүү дага

Шударга үгний сургаал үүнээс элдэв жаргал үүсэх болтугай

 

* * *

Үүнээс үлэмж сударт номлосон нь,

Сонсохуйн дээд олноо өргөгдөх

Жаргалангийн дээд сэтгэл амар

Нөхрийн дээд үл аргадагч

Үйлийн дээд бодь мөрийн зэрэг

Хортой бөгөөс хөвгүүнийг ч тэвч

Тустай бөгөөс дайсныг ч асар

Үлэмж олон нүд буй боловч

Өчүүхэн зулын гэрэл шөнөд хэрэгтэй хэмээгчийн үлгэр нь

Олон хүн цугласан боловч

Түүний дотроос гагц сайн хүн удирдан хэлэх

Алтан дэлхийг өргөстэй гэж бүтээж үл болох

Харин өөрийн хоёр хөлөө бэхлэхүл дээр гэгчийн үлгэр нь:

Олон мунхаг ардыг сургаснаас

Гагц биеэ сургасан сайн

Тэргүүлэгч ноён хүн аливаа албат юугаан

Тэжээн чадах хэмээгчийн үлгэр нь:

Гэмтнийг гэсгээвээс түмэн амьтныг жаргуулан чадах

Жаргах цагт сэрэх хэрэгтэй

Зовох цагт хатуужих хэрэгтэй

Дайсангүй гэж ирт мэсийг биеэс бүү холдуул

Даруй хортой хэмээн нөхрийг бүү сөнөө

Онож мэдсэн сайн

Алтыг арчваас улам сайхан өнгө гарах

Нүүрсийг угааваас улам харлах

Мэргэдийг хорсговоос улам эрдэм гарах

Мунхгуудыг хорсговоос баас гарах

Муу хүн нэг ч эрдэмгүй болбоос

Дээрээ шүдтэйгээс бус үхэр лүгээ адил

Сургаал үл сонсох бөгөөд гагцхүү цадахыг санагч хүн

Үсгүйгээс бус гахай лугаа адил

Авах идэхүйд шунагч өнгөч зусарч хүн

Сүүлгүйгээс бус нохой лугаа адил

Муу хүнд хүргэсэн тус

Хужиртай газар тарьсан тариа

Доргоны нууж тавьсан хүнс

Тэр гурав алинд ч тусгүй

Ер бусад юмыг засаж болмуй

Гагцхүү муу хүнийг засаж үл болмуй

Олон бүгд архи уусан хүнийг жаргал гэнэм

Айралжлан явах өвчтэй хүнийг жаргалд тооцох буюу

Муу хүнийг хэрэгт зарваас өвчин хүртэх

Аргагүй зарваас хойноос нь бас явах

Хэрвээ аянаа явбаас өмнөөс урагшлан ирж

Шал, бал, худал өгүүлэн хэрүүл үүсгэх

Эцэг эхээ хуурч бүрэлгээд

Ийн тийн гуйж эс өгөв хэмээн харин гутах

Эмээ даган төрхөмд нь зарагдах

Өр шир хийж төрөл төрөгсдөө зовоох

Хулгай худал хийж амь биеэ үрэх

Ийм зовлон бүгдийг өөрөө үйлдээд

Ах дүү минь аль буй гэж

Гомдох олон буй за

Эрдэнэт хүний төрлийг олсон тул

Тийм муугаас зайлах хэрэгтэй

Манагаар үхэх боловч эрдмийг хичээн суралцах хэрэгтэй

Хэрвээ эс суравч хойд төрөлдөө

Сайны авьяас болох тул хичээгтүн

Адгуус ч эрдмийг сурах бөгөөтөл

Эрдэнэт хүний бие олсон тул

Хүний сурсан эрдмийг болгоомжтой болбол сурах хялбар

Үхэхийн урьд амьд цагтаа буяныг үйлд

Өтлөхийн урьд залуу цагтаа эрдмийг хичээ

Өвчин хүртэхийн урьд эрүүлдээ буян номыг хичээ

Үгээгүйрэхүйн урьд баян цагтаа өглөгийг өг

Бүтэхүйн дөрвөн нөхөр тэр болой

Хоосон чанарыг олсон ламыг тахь

Хоёр заяаг ялгаж мэдэх эздийг хүндэл

Үхэх хүн сайн ламаас айх

Үгээгүйрэх хүн сайн хоточ нохойноос уйдах

Доройтох ноён сайн түшмэдээс уйдах

Маш зөв явбаас сайн нэр алдаршиж

Мөн энэ биеийн чихэнд чимэг болох

Арга билэг хоёр алган дээр тогтох

Зусар ихэдвээс тамираа мэдэгдэх

Борооны ус түргэн урсавч үтэр замхрах

Их мөрөн дөлгөөн урсавч их далайд цутгах

Чин сайн эрдэмт хүн

Чоно хонь хоёрыг нэгэн онгоцонд услах мэт

Чингис богдын зохиосон сургаал үүнээр

Шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай.

* * *

Аяа гайхамшигт сайн үлгэр үүнийг

Танхай ард өвөрчлөн шалгаад

Сайтар ухаж шүүвээс

Өдгөөгийн энэ цаг лугаа нийлэх тул

Оюун түлхүүр нэрт сургаал үүнийг

Үзэж сурах хэрэгтэй

* * *

Үлгэрлэвээс мэргэд эрдэнийн хэлтэрхийг шинжлэх

Нүүрсийг хаана байвч үл шинжилмүй

Жигүүртний хаан гарди наран гарахыг таалах

Муу хар элээ бүрий болохыг хүсэх

Цаст уулын цагаан арслан

Хар ууланд үл одох зан

Сарьсан багваахай шөнө нисэх зан

Галт хорхой гурван ертөнцийг дүүрэвч

Гагцхүү нарны гэрэлд дарагдах

Эрдмийг хичээн сурваас

Алдар нэр хаана ч алдаршмуй

Гэм эрдэм хоёрыг ялгаж эс мэдсэний үлгэр нь

Мунхаг ухаант хүн мэргэдээс дайжаад

Сармагчин хөтөлсөн хүнийг хүндэлбэй гэх.

Ийм ийм утгыг санаж

Язгуурын эрдмээ сэлбэн ав

Эрдэм сурсангүй бөгөөд

Арга хуурмаг сурч

Авах идэхүйн үлгэр нь

Урьд нэг хүн, бусдын тарианд харуулаас нууж

Илжгэнд ирвэсийн арьс нөмөргөж тавьсанд

Олноор айн эмээсний хожим

Тэр ирвэсийн арьс салхинд хийсэж унасанд

Тарианы эзэд илжгийг таньж

Эзэнтэй нь алав гэх.

Муур хүзүүндээ эрих зүүж

Махнаас гарав хэмээж

Хулгана барьж идсээр мэдэгдэв гэх.

Үнэгний гэмийг хэлээд үнэгэнд хэлэгдэв гэх

Үнэн эрдэм алтанд адил

Алтыг түлбээс улам өнгө гарах

Зандныг түлбээс улам сайхан үнэр гарах

Галыг уруу хандуулбаас харин гар өөд шатмуй

Эрдэмтэй болбоос олноо хүндлэгдэх

Эрдэмгүй болбоос доромжлогдохын үлгэр нь,

Өлссөн барсын дэмий хүрхэрсэн дуунд,

Өндөр модны орой дээр хэвтсэн бичин

Өөрөө хөсөр унаж идэгдэв гэх

Пагжал улсын бярманы хөвгүүн

Гагцаар хамаг дайсныг дарав гэх.

Шоргоолж бүх газрыг цоолох чадалтай гэх.

Сайн хүн хамгийг эрхдээ хураах чадалтай гэх

Үхэр хараацай хөсрийн усыг үл уух.

Арслан бөөлжсөө үл идэх.

Сайн хүн үгээ үл урвах

Нохой бөөлжсөө идэх.

Муу хүн үгээ урвах.

Соронзон гүр төмрийн үртсийг аван чадах адил.

Сайн хүн сайн үгсийг авч

Мэргэдийн санд нийлүүлмүй.

Шагжийн хөвгүүн Шигэмүни

Хамаг эрдмийг төгс сурсны тул

Туулсан бурхан болж,

Хамаг судар тарнисыг бадруулсан,

Баршгүй энэ номын тивд учирч

Эрдэнэт хүний төрлийг олсон нь маш чухаг бүлгээ.

Олохуйяа бэрх энэ цогцоо бүхүй цагт,

Шатын гишгүүрийг улам дээш тавигтун.

Оюун түлхүүр нэртэй шастир төгсвэй.

 

Эх сурвалж: Монголын уран зохиолын дээж зуун билэг оршвой 1 дэвтэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *