БоловсролДомог, ТуульДомог, Тууль, БусадМэдээОновчтой уншлагаТүүх, Хуучны баримтУран зохиол - Зураг

Нэгэнт бичигдсэн түүхийг өөрчилж болдоггүйн учир…

Нэгэн цагт “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” гурвыг дарлагч ноёдын харгис зохиол хэмээн цоллож, нэр бүхий хэвлэлүүдэд, олны танил бүхий хүмүүс бичиж хэвлүүлж байсан[1] нь өдгөө баримт болон хоцорчээ.

Монголын нэг толгой академич Их сургуулийн ректор байхдаа уг саналыг зөвшөөрч “Гэсэр”, “Жангар” хоёрыг Их сургуулийн программаас хасч[2] байсан удаа ч байх юм.

Гэтэл өдгөө энэхүү гурван зохиол нь “Монголын сонгодог бичгийн уран зохиолын гурван оргил” гэсэн хүндлэлийг хүлээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар зарлигаар “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай” зарлан тунхагаж, “Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэний чулуун шигтгээт хосгүй нэг хувь Монголын нууц товчоог урлан бүтээж төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт зал”-ж, “айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж, сүслэн дээд”-лэх болжээ.

Хэл бичиг, эх зохиолдоо хүнийрхүү, хүйтэн хандаж байсан өөр нэгэн баримтыг дэлгэе.

1955 онд хэл бичгийн багш  Дэмбэрэл дунд сургуулийн  5 дугаар ангийн унших бичгийг зохиохдоо “Урьдын цагт монголчууд соёлгүй байсан” гэж бичжээ. Энэ үед дээрх гурван зохиол болоод бусад холбогдох зохиолуудыг дээрх үндэслэлээр “цааз”-алсан байжээ.

Тухайн үед дунд сургуулийн программд Монголын утга зохиол гэсэн хичээл байхгүй байсан агаад 1956 онд уг программд засвар оруулж Монголын  утга зохиолыг 32 цаг үзэх болсон байна.

Энэхүү баримт, үйл явдлуудыг нийгмийн дэглэмтэй холбож ойлгон өнгөрөөж болох ч  өнөө цагт энэ үзэл байсаар байгааг юу гэж харах вэ?

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийн цагийг танаж, өөр хичээлд хавсарга байдлаар заах тухай нэг хэсэг шуугиад өнгөрсөн. Харин одоо “их дээд сургуульд дунд сургуульд үзсэн түүх, уран зохиол монгол хэлний хичээл зэргийг дахин оруулахгүй байх”[3] нэрийн дор түүх, утга зохиол, эх хэл рүүгээ ахин довтолж эхэллээ.

Дээр дурдсан хоёр баримтаас харахад эх түүх, хэл соёлдоо хүндэтгэлгүй хандваас түүх танд энэрэнгүй ханддаггүйн жишээг бэлээхэн харж болох юм. Нэгэнт бичигдсэн түүхийг өөрчилж болдоггүйн учир нь буюу.

Эх түүх, хэл соёлынхоо талаарх шийдвэрийг “долоо хэмжиж, нэг огтольё”.

 

Эш татаж, ашигласан материал:

[1] “Шинжлэх ухаан” сэтгүүл, 1950 он.-№3

[2] Дамдинсүрэн Ц. Соёлын өвийг хамгаалья// Монголын уран зохиолын өв уламжлалын асуудалд I.- 1987.- 17-27-р хууд.

[3] https://gogo.mn/r/ny25e?fbclid=IwAR3M8HFodDbPqamLUXj1DHFmUjbeMfqM90SDG9m3LP_z008y9L-U4w7dZxM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *