Монгол ардын үлгэр

Хаан хүү Галдмаа

Эрт урьд цагт Галдмаа гэдэг нэгэн өнчин хүүг амьтан хүмүүс «хаан хүү, хаан хүү» гэдэг байжээ. Өнчин Галдмаа их өгсөнд нь хоноод, бага өгсөнд нь үдлээд өдөр хоног, сар жил өнгөрөөсөөр арван найман нас хүрчээ. Нэгэн өдөр өнчин Галдмаа «Хүмүүс намайг хаан хүү, хаан хүү гэлцэх юм. Би хаан болох учиртай баймаар юм сан даа» гэж бодоод хааны орд өргөөг сураглан явсаар хааны ордонд ирж хааны ширээнд сууж, Хаан Галдмаа гэгдэх болж гэнэ. Галдмаа их хэнгэргээ цохиж их албатаа цуглуулж, бага хэнгэргээ цохиж бага албатаа цуглуулжээ. Хамаг амьтан манай хаан хүү Галдмаа хаан ширээн дээрээ заларч гэлцэн их найр хийж хаан хүүгийн цолыг ерөөн сонсгожээ. Нутгийн өнцөг булангаас амьтан хүн цугларч олон янзын бэлэг дурсгал хаан хүүд барьцгаажээ. Төмөрийн дархай өвгөний хүү төмөр бишгүүр урлан хийж хаан Галдмаад барьсанд хаан маш их сонирхон бишгүүрийг үлээж үлээж дэргэдээ тавьчхаад дархан хүүг дуудан ирүүлж ямар нэгэн, гачигдал зовлон ядуу зүдүү явдал тохиолдвол ичиж зоволгүйгээр надад хэлж байгаарай гэжээ. Дархан хүү гэртээ буцаж явтал мужаан өвгөний хүү нэгэн нугас харваж унагаад байхад нь дайралджээ. Дархан хүү, мужааны хүүд:

Энэ нугасаа над өг гэсэнд мужааны хүү:

— Дэлхийн баялаг шувуу дуусаагүй байна. Намнаад аваарай! гэжээ. Дархан хүү энэ үгийг сонсоод:

— Чамайг би долоон хоногийн газрын дунд ардаа буулгая даа гэсэнд энэ үгийг сонссон мужааны хүү буцаж ирээд ихэд гуньхран суужээ. Өвгөн мужаан хүүгийнхээ зовж шаналж байгааг мэдээд:

— Чи юутай учирч, юу үзэж, юу сонсов, яагаад ингэж уруу царайлж сууна гэсэнд хүү нь:

Саяхан би шувуу агнаж яваад нэгэн нугас алчхаад байтал дархан өвгөний уран хүү ирээд энэ алсан нугасаа над өг гэхлээр би урьдаас нь дэлхийн баялаг шувуу дуусаагүй байна. Өөрөө алаад ав гэсэн юм. Гэтэл дархан хүү

— Чамайг би долоон хоногийн газрын дунд ардаа буулгая гэж дээрэлхээд явлаа. Тэр үгний учрыг би ер мэдэхгүй байна гэсэнд өвгөн мужаан бодож бодож байгаад хүүдээ:

— Тэр үгийн учир бол бид хаангүй байлаа. Одоо хаантай болсон, манай хаан бол энэ хүү юм. Тэр арван найман настайдаа хаан ширээнд залрав. Хаан хүүд дархан хүү сонин сайхан бэлэг өгснийг хаан тоож үзжээ. Иймд чамд үл мэдэгдэх үг хэлэв. Чи одоо хоёр тэргэндээ дөрвөн морь хөллө! Мод авч ирж нэгэн сонин зүйл урлаж хаанд бэлэг болгон барья гэж ярилцаад эцэг хүү хоёр, хоёр тэргээр модонд явжээ. Модонд очоод эцэг нь хэрэгцээнд тохирохуйц сайн мод шилэн авч буцаж ирж хангарди сийлжээ. Өвгөн мужаан өөрөө модоо цавчиж засаад хүүгээрээ өө сэвийг нь даруулан эцэг хүү хоёр хамтран ажиллаж үнэхээр жавхлан төгөлдөр илбэ увдисттай хангарди шувуу сийлжээ. Толгойд нь ногт зүүж, дээр нь хүүгээ суулгаж дэлүүлэн нисгэж огторгуйд гаргаад эргүүлэн буулгажээ. Өвгөн мужаан уран хүүдээ хэлсэн нь:

— За энэ шувууг хаандаа өргөн барь гэсэнд хүү хангардиар нисэж ирж хааны гадаа ирж бууж унаганы зэлэнд нь хангардиа сойчхоод хааныд оржээ. Хааны аягач нар хүүд унд хоол өгч дуугүй суугаад байжээ. Хааны гэрийн дотор их шуугиан чимээ гарч байв гэнэ. Тэгээд түр нам болоход мужааны хүү хаанд хандаж:

— Би танд нэгэн зүйл бэлэглэхээр авч ирэв. Та гарч түүнийг минь болгоож хайрлана уу? гэсэнд хаан за гэв. Тэгтэл бас их шуугилдав. Дахиад нэг нам болоход хүү бас хэлэв. Хаан

— Саяхны хэлсэн зүйлийг чинь би мартаж орхив гээд өргөөнөөсөө гарч ирээд мужаан хүүгийн унааг хараад:

— Энэ чинь юу юм бэ? гэсэнд мужаан хүү:

— Дээр нь суугаад нисдэг юм гэсэнд хаан:

— За тэгвэл чи өөрөө суугаад нисэж над үзүүл гэхэд мужаан хүү модон хангардидаа сууж нисгэж хөөрөөд эргэн ирж буужээ. Хааныг суулгаж нисгээд эргэж буухад энэ сонин бэлгийг маш их сонирхон таалжээ. Хаан мужаан хүүг гэртээ оруулж идээ будаагаар дайлж цайлаад:

— За ядарч зүдрэх, дутагдах гачигдах зүйл тохиолдвол ичиж зоволгүй над ирж хэлээд туслалцаа дэмжлэг авч байгаарай гээд их найр наадам хийгээд мужаан хүү гэртээ буцаж Галдмаа шадар түшмэлүүдтэйгээ үлджээ:

Он жил өнгөрч байгаад Галдмаа хаандаа, хатан залах тухай ярилцаж наран гарах зүгт Очир мэргэн гэж байдаг гэнэ гээд нэгэн түшмэлээ илгээв гэнэ. Түшмэл явж явж илбэ увдисттай жавхлан төгөлдөр нэгэн сайхан орд харшид иржээ. Түшмэл, Очир мэргэний орд харш гэдэг энэ юм байх! Би өнчин ядуу хааны элч ийм ихэмсэг орд харшид хэрхэн орж тэр ихэс дээдэстэй яахан учрах билээ гэж бодож байгаад орд харшийн үүдэнд очоод Очир мэргэний хиа дагуулуудаар л дамжуулан учир явдлаа мэдүүлж Очир мэргэнд бараалхаад шинжлэн харвал хаан Галдмаад нь тус болох өлзий буянтай хүн юм шиг санагдав. Хоол унд идээ будаа болж түшмэл ирсэн учир явдлыг өгүүлж хэлсэнд хариу өгүүлсэн нь:

— Эрт урьд цагт өмнө төрөлдөө ооно шаргачин хоёр явлаа. Тэгээд би хөх нуурын хөвөөнд ус өвс элбэгтэй юм гэнэ гэж сонсоод тэнд бэлчээрлэж идээшлэхээр явж билээ. Гэтэл тэнд Хүдэр мэргэн торгон урхи тавьсан байжээ. Хүдэр мэргэн хашхирч бархираад ирж явахыг үзээд алтан ооно давхин одох замдаа хөх торгон урхи торонд орж хоцров. Би шаргачны хамт урхи торонд оролгүй харайн гараад эргэж харан: «Шүдээрээ хаз чи, хумсаараа мааж чи» гэв шившин өгүүлсэнд алтан оонод хүч сур нэмэгдээд урхи торыг таслан гарч ирэв. Бид ам бүлээрээ элэг бүтэн болж Улаан нуурын хөвөөнд ус өвс элбэг юм гэнэ гэж сонсоод тийшээ очтол Улаадай мэргэн улаан торгон урхи тор тэнд тавьсан санжээ. Улаадай мэргэн биднийг үзээд урин хашхирч ирэхийг үзээд урьд нь хаширсан алтан ооно торолгүй гарч шаргачин бид хоёр урхи торонд оров. Алтан ооно арагшаа хараад зогсож байхыг үзээд би: «ачлал халамжгүй яасан хачин ижил нөхөр вэ? Чи магтаал ерөөл шившиж сүр сүлд, хүч чадлыг минь оруулаач!» гэсэнд:

— Чамтай адил шивэгчин дахиад над олдоно» гэж хэлчхээд дэгдэн тоглоод далд орж бид Улаадай мэргэний ганзага мялаав. Түүнээс хойш би эр хүйстэй амьтнаас хол явъя гэж шийдсэн юм гээд хариу сайн үг хэлсэнгүй гэнэ.

Очир мэргэний үгийг сонсоод түшмэл буцаад харьж ирээд явсан ажил хэрэг, зорьсон үйлс бүтэл муутай ирсэн учраа айлтгахад хаан хүү Галдмаа Хангардиараа нисэж их хотод очоод алтан шар хивс, толь авч хангардиа чимэн гоёж баян хааны ихэмсэг хөлгийн сүр оруулсанд хангарди нь гал бадарсан сүрлэг сайхан хөлөг болжээ. Хаан хүү Галдмаа хангардиараа Очир мэргэний зүг нисэн одож Очир мэргэний алтан ёроолтой мөнгөн худаг дээр өглөөгүүр ирж буугаад хангардиа аргамжчихаад төмөр бишгүүрээ авч адаг араагаараа аяслуулаад үүдэн шүдээрээ гэгэлзүүлэн үлээхэд жаргалын жаран найм, зовлонгийн зуун найман аяс уянгалан гарчээ. Энэ сайхан ая дуунд хамаг амьтан хол ойроос хуран цугларчээ. Очир мэргэний гар дээр ус хийж өгдөг шивэгчин хүүхэн ус авахаар худаг дээрээ мөнгөн хувинтай ирээд тэр сайхан ая дуу чагнан чагнан зогссоор мөнгө хувингаа худагт живүүлж олон амьтны дунд уусан оджээ. Очир мэргэн шивэгчин хүүхнээ хүлээж хүлээж ядаад нэгэн түшмэл эхнэрээ хойноос нь илтээсэнд тэр түшмэл хүүхэн худаг дээр ирж сонсоогүй сайхан ая дуунд нь уяран чагнаж саатав гэнэ. Гэнэт түшмэл хүүхэн зорьж ирсэн хэргээ санаж усчин хүүхнийг олж дагуулаад буцаж ирэхэд Очир мэргэн авхай цухалдангуй харагдсанд дагуул хүүхэн нь:

— Худгийн аман дээр нэгэн сонин сайхан эр хүн иржээ. Тэр эр үнэхээр үзэсгэлэн төгөлдөр хангарди хөлөглөжээ. Төмөр бишгүүрийг гэгэлзүүлэн уянгатай намбатай үлээх юм. Тэр аяыг нь хамаг амьтан уяран чагнаж, нахис нахис биелцгээж байна гэсэнд Очир мэргэн авхай «Өтөр түргэн дөрвөн шарга морь хөлөглө!» гэж зандрав. Очир мэргэн авхай дөрвөн шарга морио дөрвөн сайхан хүүхнээр жолоодуулаад Галдмаа хүүг үзэхээр бараалхан очив гэнэ. Галдмаа хүү Очир мэргэн авхайг дөрвөн сайхан хүүхнээр жолоодуулсан өнгө зүс хосолсон жавхлант дөрвөн шарга морь хөллөн айсуйг үзээд хангардидаа сууж нисэн явсанд Очир мэргэн авхай:

— Тэр зүг туун давхигтун! гэжээ. Галдмаа хүү сүр дээр сүр, жавхаа дээр жавхаа нэмэн төмөр бишгүүрээ гэгэлзтэл үлээн үлээн нисгэн явтал Очир мэргэний дөрвөн шарга морь сульдаад зогсоход Очир мэргэн авхай:

— Залуу сайхан ах минь түр саатна уу? Золгож мэндэлье гэсэнд Галдмаа хүү:

— Та бүхэн жаргалтай хүмүүс жаргалаа хөөж эдлэгтүн!

Би зовлонтой хүн зовлонгоо гүйцээх гэж явна билээ гэхэд Очир мэргэн авхай:

— Танд ямар зовлон байна вэ? Түүнээ өршөөж айлтгана уу? сонсъё гэсэнд Галдмаа

— Эрт дээр төрөлдөө алтан ооно, шаргачин хоёр байжээ. Бид Хөх нуурын хөвөөнд ус өвстэй гэж сонсоод бэлчээрлэж идээшлэхээр одсон юм. Тэгээд Хүдэр мэргэн хөх торгон урхи тавьсан байжээ. Хүдэр мэргэн хашхирч бархираад ирэхийг үзээд алтан ооно би урхинд орж шаргачин дүүлэн гарчхаад шүдээр хаз! Хөлөөрөө тийр гэхэд би тэр үгэнд хүч авч урхи таслан гарч билээ. Дараа нь улаан нуурын хөвөөнд ус өвс элбэгтэй байна гэдгийг сонсоод тийшээ очсон чинь Улаадай мэргэний тавьсан улаан торгон урхинд урьд нь хаширсан алтан ооно би оролгүй гарч шаргачин урхинд орсон юм. Тэгээд урхинд орсон шаргачин надад хандаж «Ачлал халамжгүй яасан хачин хань ижил вэ? Чи магтаал, ерөөл шившиж, сүр сүлд, хүч чадлыг минь нэмээч!» гэхлээр алтан ооно би «Чамтай адилхан шивэгчин эм над дахиад олдоно» гэж хэлчхээд би тоглож дүүлэн одсон билээ. Гэвч одоо түүнийг минь гүйцэх, тийм сайн хань ижил олдохгүй байна гээд гиюүрэн, гунигтай уян аялгуу төмөр бишгүүрээр үлээсэнд Очир мэргэн авхай:

Эр нөхөр та түр азнаж саатна уу? Учран золгож учир явдлаа ярилцъя гэсэнд Галдмаа хангардиа газардуулан буулгаж Очир мэргэн авхайтай учран золгож учир явдлаа мэдэлцээд урьд төрлөө санагалзан халамжит амраг янагууд болж Төвшин хаан Галдмаа орчлонгийн сайхан Очир мэргэн авхайтайгаа, албат иргэдээ жаргуулан хан гэх ханиад, тон гэх томуугүй амар сайхан жарган суужээ.

Эх суравлж: Халимаг ардын үлгэрүүд, 1983

Зургийг: https://upload.wikimedia.org/wikipedia/commons/1/14/CoronationOfOgodei1229.jpg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *