Монгол ардын үлгэр

АРСЛАНДАЙ МЭРГЭН ХААН

Эрт урьд цагт Арсландай мэргэн хаан гэж байжээ.
Араараа дүүрэн ай түмэн арван живаа адуутай, өврөөрөө дүүрэн үй түмэн хорин живаа хонгор алаг адуутай юм гэнэ. Арынхаа хонхрыг дүүргэж үзээд, дүүрч байвал бүрэн гэж, дүүрэхгүй бол дутуу гэж мэддэг юм гэнэ.
Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ.
Манай адуу яагаад цөөрөөд байна гээд Арсландай мэргэн хаан явж байтал гурван чоно гараад давхиж гэнэ.
Тэр гурван чонын нэг нь Мэргэн саарал, нөгөө нь Бөөн саарал, гурав дахь нь Хурдан саарал нэртэй байжээ. Арсландай мэргэн хаан:
– Аа, эд нар л идэж хороож байгаа юм байна.
Маргааш буга гүйцдэг буурал халиунаараа хөөгөөд ална гэж хэлж явж гэнэ. Мэргэн саарал үүнийг мэдээд нөгөө хоёртоо хэлж гэнэ.
– Буга гүйцдэг буурал халиунаараа хөөгөөд алчихна гэж байна. Буурал халиун гэдэг хөгшин гүүний унага тул гурвуулаа газрын өөд зугтаж байгаад гэнэт уруугаа зугтаавал гүйцэхгүй гэхэд бусад нь зөвшөөрчээ.
Маргааш нь Арсландай мэргэн хаан буга гүйцдэг буурал халиунаараа хөөхөд нь эхлээд газрын өөд зугтааж байснаа гэнэт уруугаа зугтаасан тул гүйцсэнгүй гэнэ.
Орой буцахдаа Арсландай мэргэн хаан хэлжээ.
– Та нар ийм айхавтар бол халиу гүйцдэг халтар халзнаараа хөөгөөд алчихна даа гэжээ.
Мэргэн саарал үүнийг бас мэдээд нөгөө хоёртоо хэлж гэнэ.
– Халиу гүйцдэг халтар халзнаараа гүйцнэ гэнэ. Халтар халзан нь залуу гүүний унага тул газрын уруу зугтаж байгаад гэнэт өөдөө зугтаавал гүйцэхгүй гэхэд мөн нөгөө хоёр зөвшөөрчээ.
Маргааш нь Арсландай мэргэн хаан халиу гүйцдэг халтар халзнаараа хөөж гарчээ. Гурван чоно газрын уруу зугтаж байгаад гэнэт өөдөө зугтаагаад бас гүйцсэнгүй гэнэ. Тэгэхээр нь Арсландай мэргэн хаан хэлжээ.
– Та нарыг ардаг хүрэн мориороо хөөгөөд алчихна даа, маргааш гэжээ. Арсландай мэргэн хааны ардаг хүрэн гэж нэг айхавтар эрдэмтэй морь бий юм байжээ. Мэргэн саарал үүнийг бас мэдээд нөгөө хоёртоо хэлжээ,
– Ардаг хүрнээрээ хөөгөөд алчихна гэж байна. Арсландай мэргэн хааны ардаг хүрэн гэдэг бол таван жил сувайрсан залуу гүүнээс гарсан хулангийн унага юм. Жигүүртэн шувууг ч урдаа оруулдаггүй морь доо. Одоо бид аргагүй болов оо. Энэ шөнө л түүнийг идэх арга хийе гэв.
Гурвуулаа ирээд адуунд нь гүйжээ. Шөнө дундаас хойш нэг алгын чинээ адасга шиг туранхай хүрэн морь тааралджээ. Мэргэн саарал чоно хэлжээ,
– Үүнийг л идье! Гурвуул зулгааж идвэл бидний хэрэг бүтнэ гэжээ. Бөөн саарал, Хурдан саарал хоёр нь хэлжээ,
– Өдий олныг харж байж адасга шиг туранхай энэ муу морийг идвэл арай азанд муу болох байх гээд өнөө хоёр үсэрч очоод, нэг тарган гүү унагаад авчээ. Цадталаа идэж гэнэ.
Мэргэн саарал чоно нь Бөөн саарал, Хурдан саарал хандаж хоёртоо хэлжээ.
– Би үүнээс чинь идэхгүй. Та хоёр цадаж ханаад одоо хол яв аа!
– Алтай Хангайн ар орой дээр нэг уулзья
– Ардаг хүрэн морины ар зоон дээр нэг уулзья
– Арсландай мэргэн хааны ар мөрөн дээр нэг уулзья гэж хэлээд давхиад явчихжээ.
Өглөө нар гарснаас хойш Арсландай мэргэн хаан ардаг хүрэн морио барьж унаад өнөө гурван чонын хойноос хөөжээ. Гурвууланг нь цохиж алаад, Алтай хангайн ар орой дээр авчирч өвчжээ. Арьсыг нь аваад ардаг хүрэн мориныхоо ар зоон дээр тавьж ганзагалаад гэртээ иржээ.
Тэгээд арьсаар нь хүрэм хийж өмссөн тул тэр гурван чоно Алтайн уулын ард нэг, ардаг хүрэн морины нуруун дээр нэг, Арсландай мэргэн хааны ар далан дээр нэг ингээд гурван удаа уулзсан нь энэ ажээ.