Бусад орны үлгэр

Буга, цоохор бар хоёр

Эрт цагт нэгэн буга хөгширч туйлдахаасаа өмнө толгой хавчуулах байртай болъё гэж шийдээд газар сонгохоор явжээ. Нэгэн голын тохойд байшин барихаар болжээ. Энэ үед нэгэн бар бас л тэнхэл хүчтэй байгаа дээрээ орох оронтой болъё гэж газар үзэж яваад нөгөө бугын байшин барих гэж олсон газрыг сонгон авч гэнэ ээ.

Буга маргааш нь байшин барих газрынхаа өвс ногоог зулгааж, арилгаж цэвэрлээд явж гэнэ. Нөгөөдөр нь бар байшин барих газраа иртэл засаж янзалсан байхыг үзээд

— Бурхан тэнгэр л надад өлзийгөө хүртээж! гэж баярлаад байшингийнхаа суурийг тавиад явжээ.

Цаад өдөр нь буга ирээд байшингийнхаа суурь тавигдсан байхыг үзээд баярлаж

— Бурхан тэнгэр надад өгөөмөр гараа сунгаж гялайлгасан байна! гэж бодоод хана туурга босгож, дал модны навчаар дээвэрлэн бүрж гэнэ. Тэгээд хайр хишгээ хүргэсэн тэнгэр бурхандаа бас нэг өрөө гаргаад явж гэнэ.

Түүний цаад өдөр нь бар ирээд байшингаа дууссаныг үзэж бахархаад нэг өрөөнд нь ороод нам унтчихжээ. Дараагийн өдөр нь буга ирээд нөгөө өрөөнд нь ороод унтчихаж гэнэ. Маргааш өглөө нь бар бугатай гаднаа тааралдаж гайхаад хоёр биедээ тус дэм болж байшин барьснаа мэдэж, хамтран аж төрөхөөр болжээ.

Нөгөөдөр нь бар анд явахдаа

— Чи ус түлээ бэлдээд байгаарай! Би их өлсөж ядарч ирэх байх шүү гэж бугадаа захиад гарчээ.

Бар ангаас орой нь том тайр бугатай иржээ. Тэгээд хөршдөө

— Хоол идэхэд битгий садаа болоод бай. Хамт хооллоё, нааш ир! гэжээ. Буга тэднийд орсонгүй, хоол ч идсэнгүй. «Энэ бар өнөө шөнө намайг барих байх» гэж айн дагжсаар тэр шөнө огт нүд аньсангүй.

Өглөө нь буга анд гарлаа. Замдаа нэгэн бартай дайралдаж айн нуугдаж явсаар Тамандуа гэдэг хазах шүдгүй боловч базах хумс нь аюултай шоргоолж идэштэнтэй учрав. Тамандуагаас бүх араатан амьтад сүнсээ зайлтал айдаг байжээ.

Буга, Тамандуад

— Чамайг энд нэг бар маш их муулж байна гэж хэлсэнд Тамандуа ихэд уурлан тэр барыг мөшгөн бариад авчээ.

Буга тэр баригдсан барыг гэртээ авчраад хөршдөө

— Хооллоход битгий тушаа болоод бай. Нааш ир, хамт хооллоё гэв. Бугыг тийм том гэндүү бар агнаж ирснийг харсан бар айгаад хоол ч хоолой руу нь явж өгсөнгүй. Тэднийд орсон ч үгүй ээ.

Тэр шөнө аль аль нь бие биеэсээ айж мэгдэн нойр нь хулжаад унтаж чадсангүй. Шөнө дундын үед хоёулаа нойрондоо аргагүй дарагдав. Буга үүрэглэн байшингийнхаа ханыг толгойгоороо мөргөн түг гэсэн чимээ гаргахад бар цочин «Буга одоо л намайг барьж идэх нь» гээд год үсрэн зугтав. Барын шурдхийн гарах чимээнэ «бар одоо л намайг дайрлаа! гэж буга санаад бас ухасхийн харайж зулбан одов.

Ингэж тэр хоёр байшингаа хаян арилж гэнэ ээ…

Эх сурвалж: Газар газрын үлгэр, 1973

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *