Бусад орны үлгэр

МЭЛХИЙ БОРОО ХОЁР – Вьетнам үлгэр

Эрт галавын үед,хүн үүсэхээс бүр өмнө дэлхий дээр айхавтар их ган болжээ.Голын сав,газар бүхэнд усгүй болж,нүцгэн элс,хадан цохио наранд шарагдан цавцайх аж.

Өдөр ирэх тутам халуу шатаж,үхсэн загас хөвсөн бяцхан нуурууд багасан багассаар өчүүхэн намаг,өмхий цөөрөм болон хувирлаа.

Өгөршсөн газрын хумхийн тоос салхинд хийсэж адгуус амьтны нүр рүү хайр найргүй чихэх агаад бүх ургамал хатаж,идэх өвс ч үгүй,хорхой шавьж ч үгүй болжээ.

Халуун агаарт хуурайшсан модны сүүлчийн навчис амьдралгүй нүцгэн саарал талын дээгүүр алсын алсад хийсэн одмой.Үр төлийг нь аажим аажмаар устган сөнөөх аюул нөмөрсөн тэр үед адгуус бүр амиа бодож,бүх чадлаа дайчилсан боловч түм бумаараа үхэж үрэгджээ.

Орон гэр,бяцхан үрийнхээ төлөө санаа зовсон өчүүхэн мэлхий тэнгэрийн хааны эсрэг аян хийхээр шийдэв. Чоно,баавгай,барс гурвыг дагуулж одноос одонд харайж явсаар тэнгэрийн ордны Тьиен Динь хаалганд тулж иржээ.

Аяныг санаачилснаараа мэлхий хаалганд ойртон очиж бусад нь ард үлдэв.Хаалганы дэргэдэх бөмбөгийг хүчтэй балбасанд бурхны зардас ирж,диваажингийн хаалгыг хагас онгойлгон гадагш харахад юу ч үзэгдсэнгүй.

Гэтэл хөлийх нь дэргэд дугуй бүлтгэр нүдтэй,овон товон арьстай,бяцхан бөгөөтөл тахир шилбэтэй,муухай агаад өчүүхэн амьтан зогсож байхыг харжээ.

Тэнгэрийн ордныхны амгаланг аймшиггүйгээр эвдсэн тэрхүү зэвүүн амьтны оронцгийн тухай мэдээлэхээр бурхны зардас яваад өгчээ.

Энэ ичгүүргүй явдалд уурссан тэнгэрийн хаан тулган шаардагчдыг хөөн зайлуулахаар сүрэг тахиа илгээв.

Мэлхий үүнийг үзээд чоныг дуудав.Чоно бүгдийг нь бариад идчихжээ.Тэнгэрийн хаан тэр даруй сүрэг ноход явуулав.

Ноход хуцалдан, үнэр танар ханхлуулсан чоно руу дайрчээ.

Мэлхий баавгайг дуудлаа.Булчин шөрмөс нь зангирсан нүсэр араатан дайрагчдыг нам цохин унагаж, тасар татан хаяжээ.

Урьд үзэгдээгүй гэнэтийн явдал дээд тивийнхний сэтгэлийг үймрүүлж, тэнгэрийн хаан Тьиен Диний хүчирхэг хамгаалагч, байлдааны талбарт шалгарсан цэргийн ангийг баавгайн эсрэг илгээв.

Мэлхий тушаал өгч, орилж гуаглаж байсан хэдий ч өчүүхэн биетэйн учир тэд үл анзаарах аж.

Барс тэргүүтэн араатныг үзээд тэнгэрийн хааны цэргүүд ордон руугаа балмагдан зугтаав.Тэнгэрийн хаан ялагдсанаа ухаарч, мэлхий ч дээд тивийнхний нутагт нэвтрэн орж, газрын амьтдын гай зовлонг айлтгажээ.

Тэдний үр удам, ургамал амьтанд ган зуд заналхийж, газар сөнөх аюулд учирсныг зурсан юм шиг ойлгуулж гэнэ.

Шударга бус байдал, гай түйтгэрийг даруй арилгаж, тэднийг өршөөн соёрхохыг шаардсан ажгуу.Тэнгэрийн хаан газрынхны хүсэн хүлээсэн усан бороо оруулахыг луунд зарлиг болгов.

Хурмастын доод нээлхий онгойж шиврээ хурын ачаар ангасан газар цангаагаа тайлжээ.

Гол мөрд урьдын адил оволцон урсаж, нуур цөөрөм усаар бялхан, саяхан нүцгэн байсан нүд алдам талд үр тариа соёолж, хожуул хүртэл нахиалаад байгаль зүс царайгаа засан гангарч, хорвоо тэр аяараа амьдралд умбасан гэнэм.

Газрын амьтад үүнээс хойш, түүнээс цааш тэнгэрийн ордонд ирэх гэж иймэрхүү холын аян хийхгүй байвал зохино гээд тэнгэрийн хаан зарлиг болууран:

<Энэ цаг мөчөөс эхлэн чи нөхдөө дагуулж ийм холын аян хийх хэрэггүй. Хэрэв ган болж газрынхан зовох аваас намайг дуудагтун! Газар бүр бурхны зардсууд буй.Тэд сонсоод надад айлтгаж байг.Би ч бороо хур хайрлаж байя> хэмээжээ.

Эртийн эрт тэр цагаас хойш мэлхийн үр сад ус ховордсон үед чангаар орилолдон тэнгэрийн хаанд сонордуулахаа одоо болтол мартаагүй юм гэдэг.