Орос үлгэр

Жавар – Орос ардын үлгэр

Нэгэн өвгөн өөрийн эхнэргүй болоод өөр эмгэнтэй суув. Өвгөн нэг охинтой, эмгэн нэг охинтой гэнэ. Хойт эхийн гарт амьдарна гэдэг ямар хэцүүг цөм мэднэ, тоглон гүйлээ гэж зодуулна, томоотой суулаа гэж балбуулна, илүүдүүллээ гэж нудруулна, дутуудууллаа гэж дугтчуулна. Өөрийнхөө охиныг юу ч хийсэн магтан ухаантай сайныг нь гайхан уруул цорвойн үнсэж үгийн сайныг хэлнэ, үс толгойгий нь илнэ.

Өвгөний охин үүрээр босон үнээгээ саана, ус түлээгээ оруулна, зуух пийшингээ галлана, гэр орноо шүүрдэнэ…

Харин хойт эх хашгиран хараан загнана, юу ч хийсэн муу гэнэ, муухай гэнэ.

Дэгдсэн салхи намддаг байхад дэндсэн эмгэн харин улам давардаг байлаа. Тэгээд бүр хөөрхий охиныг хөөж, энэ хорвоогоос тонилгох гэж шийдээд,

– Энэ охиныг хоёр нүдэнд минь харагдахгүй холын хол аваачиж хая! Харанхуй хар ойд хага хөлдөөх жаварт аваачиж хая! гэж өвгөндөө үглэх болжээ.

Өвгөн гашуудан гунихран уйлж уйлж арга чаргаа баржээ. Авгайн үгнээс зөрөхийн арга байхгүй байлаа. Тэгээд морио тэргэндээ хөллөн,

– Охин минь, чарганд суу гээд авч яваад харанхуй ойд аваачаад хунгар их цасан дунд том гачуур модны доор орхичихоод явчихжээ.

Хөөрхий охин гачуурын доор суун дааран бөндгөнөтөл чичрэн байв. Тэгээд чих тавин чагнавал Жавар өвгөн хажууханд нь гачуураас гачууранд үсрэн ороолгож чахран исгэрэх нь дуулдав. Жавар өвгөн охины байгаа гачуурын дээр ирээд асуув.

– Охин минь, дулаахан байна уу, даараагүй биз дээ?

– Даараагүй ээ, даараагүй, Жавар өвөө минь! Жавар доошлон тас няс хийтэл үлээн,

– Хөөрхөн охин минь, даараагүй биз дээ? Дулаахан байна уу? гэж асуухад охин бээрч хөшсөн эрүү амаа арай ядан эвлүүлэн,

– Даараагүй ээ, даараагүй, Жавар өвөө минь!

Жавар бүүр ч доошлон охиныг ороолгон тас няс хийтэл исгэрэн үлээв.

– Хөөрхөн охин минь, даараагүй биз дээ? Дулаахан байгаа биз дээ? Даараагүй биз дээ? гээд л дахин асуув. Охины хамаг бие нь хөшин хөлдөж эхэллээ, тэгсэн ч уруулаа хөдөлгөн,

– Даараагүй ээ, даараагүй, Жавар өвөө минь! гэлээ. Тэгэхэд Жавар өвгөн охиныг өрөвдөн дулаахан дээлээр хучин, өдөн хөнжлөө нөмөргөв.

Хойт эх охиныг оршуулах юм бэлдэн хуймаг бин хайрч өвгөнийг хашгиран загнан,

– Алив, хөгшин зөнөг толгой чи яваад охиноо аваад ир, одоо оршуулах болсон биз! гэлээ.

Өвгөн ой руу явж нөгөө газраа ирвэл том гачуурын доор охин нь халууцан хацар нь улайчихсан, булган дээл, алт мөнгөн гоёл өмсөж зүүчихсэн, хөгжилтэй хөөртэй зогсож байв гэнэ. Охиных нь хажууд үнэт бэлэг дүүрэн хайрцаг сав өрөөстэй гэнэ.

Өвгөн баярлан охиноо чаргандаа суулган бэлэг сэлтийг нь ачин гэрийн зүг давхижээ.

Хойт эх гэртээ хуймаг бин хайрна, ширээн доорх нохой нь,

– Хав, хав! Өвгөний охин алт мөнгөнд хучигдан ирж явна, эмгэний охиныг эр нөхөр авахгүй дээ гэх юм гэнэ. Хойт эх нохойд бингээсээ шидэж өгөөд,

– Худлаа хуцаад байх юм! «Эмгэний охиныг эр нөхөр авна, өвгөний охины ясыг авчирч явна» гэж хуцаач! гэв.

Тэгтэл нохой ахиад л,

– Хав хав! Өвгөний охин алт мөнгөнд хучигдан ирж явна, эмгэний охиныг эр нөхөр авахгүй дээ! гэх юм гэнэ. Хойт эх бингээсээ шидэж өгсөн ч нохой нөгөө л хэлдгээ хэлнэ гэнэ, нохойгоо гуядаж шавхуурдаж үзэж гэнэ, нохой нөгөө л хэлдгээ хэлээд хуцах юм гэнэ.