Домог, Тууль

Арвай хээр

Урьд нэг нэлээд юмтай тайжийнх байсан юм байна. Тэднийх ганц хүүдээ хоосон айлаас эхнэр авч өгөөд тун удаагүй байсан гэнэ. Бэр өглөө эрт босдог ажилсаг цовоо бүсгүй байжээ. Нэг өглөө босоод өрхөө татчихаад алга болж гэнэ.

Хадам ээж нь гайхахдаа гарч харсан чинь тэр баруун дээр буусан аянчны гадаа уяатай нохой шиг хар юмыг тойроод энд тэнд нь гараад байх юм гэнэ.

Энэ бэр чинь солиорох нь энэ үү гэж гайхаш тасарч орж иржээ.

Бэр гал хөсөө түлж цайгаа чанаж болгоод хар хүндээ хэлжээ:

— Энэ баруун аянчны гадаа чи бид хоёрыг инээлгэж явах адуу нэг байна. Энэ аянчдыг хөдлөхөөс урьд адуугаа ойртуулаад ир. Наад талын цэнхэр майханд буурал толгойтой нэг өвгөн байна. Тэр л эзэн нь болов уу. Аягүй бол дөрвөн гүүнээс нааш өгөхгүй гэж үнэрхэх байхдаа. Өртөг хайрлалгүй өгөөд аваарай гэж хэлж. Хар хүн хүүхнийхээ ажигч шинжээч байдлыг мэдэх учир аргагүй үгэнд нь орж адуундаа явжээ. Ингээд хүүхний хэлсэн ёсоор хархүү зүүн зүгээс яваа аянчидтай наймаа хэлэлцэж хариугүй муу атигар хар даагыг 4 унагатай гүүгээр шалж байж авсан гэнэ.

Гаднаа авчраад уячихсан нохой шиг бөөнөг хар юм тэргэн дээр үүрэглэж зогссонд эцэг эх ойр усныхан нь «Муу гуйлгачны хүүхнээр толгойгоо мэдүүллээ. Энэ мөн этгээд сайн бэр болно доо. Ирэнгүүтээ ингэж байгаа юм» гэлцжээ. Наймаа буцаан гэвч аянчин (Нэгэнт аль хэдийн хөдлөөд явчихсан байжээ.

Тэр жил хошуу найрт уралдуулсан нөгөө арвайн чинээ биетэй жижиг хээр чинь ганцаараа дэгдэж ирсэн юм гэнэ билээ. Түүнээс хойш олон жил түрүүлж байгаад сүүлд нь зөнөг залгаж уяхаа байсан хир нь уяа морьд барилах үеэр морьдтой хамт сужиг зэл тойрч, сул тарлаж биеэ шавхруулж байсан гэдэг юм. Тэр жилийн наадамд сул уралдаж түрүүлээд одоогийн Арвай толгойн өвөрт зогсоогоороо үхсэн гэж ярьдаг юм.

Харин Арвай хээрийн хөндий гэж нэрлэсэн нь тэр уудам тал хөндийгөөр арван хэд хориод жил өмнөө юм гишгүүлэлгүй ганцаараа дэгдэж явсан болохоор тэгж нэрлэсэн юм шиг билээ.

Эх сурвалж: Монгол ардын аман зохиолын дээж бичиг

Зургийг: https://ldi.nda.gov.mn/?province_id=14&region_id=226

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *