Домог, Тууль

Дэлхий анх тогтсон нь

Манай дэлхий анх одоогийнх шиг хөрс шороо гэж байхгүй усаар бүрхмэл байсан гэнэ. Тэгээд Хурмаст тэнгэр Галбингаа гэдэг шувууг дэлхий уруу явуулжээ. Тэр шувуу гурван түмэн жилийн настай юм байна. Нэг түмэн жил болоод нэг өндөг гаргадаг гэнэ. Тэгээд өндгөө засах хуурай газар олдохгүй усан бөмбөлөг дээгүүр нисэж нисэж, эцэс сүүлд нь өдөө зулгааж усан дээр үүр засаад өндөглөжээ. Тэр зассан үүрэн дээр нь хумхийн тоос суусаар байгаад газрын хөрс үүссэн гэнэ. Гурав дахь түмэн жил дээр гарсан өндгөөс нь янз бүрийн амьтан үүсэж, сүүлд хүн бий болжээ. Ингэж хөрст дэлхий тогтсон юм байна.

Хувилбар: Газар дэлхийг Шагжтүв Бурхан бий болгосон гэнэ. Анх нь газар дэлхий гэж үгүй, нэлдээн ус далай байсныг Бурхан, тэнгэрээс чимх шороо авч ирж цацаад манай дэлхий бүтэж бүрэлджээ. Тэрэн дээр нь өвс ургамал, ан амьтан, хүн буй болов. Анхны хүн бүх биедээ үстэй байсныг Бурхан дургүйцэж зөвхөн толгойн үс, хөмсөг, сахал санчгийг нь үлдээгээд бусдыг нь зулгааж авчээ. Тэгээд хүн суга, цавиндаа жаахан үс үлдээж хоцорсон юм байна. Дараа нь Шагжтүв хаа нэгэн газраас хүүхэдтэй хүүхэн олж ирж, үүнээс хойш хүний төрөл буй болжээ. Анхан хүн Бурханы үгэнд орохгүй хилэнц үйлдсэнийхээ хариуд түүнээс цээрлэл авчээ. Анх нь хүний хөл өвдгөөрөө хойшоо нугардаг, ямар ч амьтнаас хурдан гүйдэг байв. Энэ залхаалтаас болж хөл нь арагшаа нугардаг болж, хүн ийм аажим удаан хөдөлгөөнтэй болсон ажээ. Анх хүн асар өндөр, маш урт насалдаг байв. Одоо харин яс нь доройтож бие нь жижгэрч, нас нь богиноссон гэнэ. Яваандаа хүн долоон жил наслах цагт өчигдөр төрсөн хүүхэд маргааш нь эрийн цээнд хүрч, унасан морь нь туулайн чинээ, хүн өөрөө тохойноос өндөргүй болох гэнэ. Тэр цагт гурван нар гарч газар дэлхий халуу дүүгэж, зөвхөн уул нурууд үлдэх аж. Гал түймрийн дараагаар тугалган бороо орж, уул нурууд ч тэгширч, нэл элсэн нурам болох юм. Тэрнийг нь салхи хийсгэж үгүй болгоход газрын доор тулж байсан хоёр халим, нэг мэлхий сая чөлөөтэй болж зөвхөн хоосон зай үлдэх ажээ. Ийм цаг хэдий удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Энэ цагийн сүүлээр Майдар Бурхан ирж шинээр газар шороо бий болгохдоо одоо манай дэлхийг тулж байгаа нөгөө халим, мэлхийн дээр ахин дэлхийг бүтээх ажээ.