Бусад орны үлгэр

Тахиа болсон бүргэдийн үлгэр

Эрт урьдын цагт дөрвөн өндөгтэй нэгэн бүргэд уулын бэл дэх өндөр модон дээр үүрээ засан амьдарч байжээ.

Нэг өдөр газар хөдлөлт болоход бүргэдийн нэг өндөг нь газар унаж өнхөрсөөр уулын бэлд байрлах тахианы саравч руу орчихож гэнэ. Бүргэдийн өндөгний талаар тахианууд огт мэдээгүй учраас өөрсдийн өндөгний нэгэн адил анхаарал халамж тавьж байжээ. Нэг өдөр өндөг хагарч үзэсгэлэнтэй сайхан бүргэдийн ангаахай төрж гэнэ. Бүргэдийн өндөг том болох тусам харагдах байдлын хувьд бусад тахиануудаас арай л өөр байгаагаа анзаарсан ч үүнийгээ тоолгүй өөрийгөө бусдын адил тахиа гэж боддог байлаа. Тэр бүргэд өсөж төрсөн гэр бүлдээ хайртай ч сэтгэл зүрх нь илүү том зүйл рүү тэмүүлдэг байж.

Нэгэн өдөр тахианы саравчиндаа тоглож байгаад саравчны дээгүүр хэсэг бүргэдүүд нисэн өнгөрөхийг олж харав. Тэгээд “би эдгээр шувууд шиг нисмээр байна” гэж хэлээд уйлав. Үүнийг сонссон бусад тахианууд чангаар инээлдэн “Чи энэ шувуунууд шиг нисч чадахгүй ээ, яагаад гэвэл чи тахиа шүү дээ. Тахиа хэзээ ч нисдэггүй” гэж хэлэв. Гэхдээ л өнөөх бүргэд цаг ямагт тэдгээр шувууд шиг дүүлэн нисч бүргэд шиг амьдрахыг мөрөөдөх авч юу хийх учраа олохгүй байсаар эцэст нь бүргэд  шиг нисэх тухай мөрөөдлөө орхин өөрийгөө “тахиа” гэдэгт бат итгэсэн тул тахианы амьдралаар амьдарсаар насыг баржээ.