Орос үлгэр

Цэцэн эхнэр

Хааны хүү анд морджээ. Ховор амьтан хөөн давхисаар танихгүй газар ороод ирснээ өөрөө мэдсэнгүй. Мориныхоо амыг татан хаашаа явах, хаагуур явж замдаа орохоо мэдэхгүй эргэлдэв.

Баруунтшаа хөдөлвөөс хөндөлдсөн их ой, зүүнтшээ эргэвэл бас л ой байх бөгөөд харгуй зам, харах мөр юу ч дайралдсангүй.

Ийнхүү үдшийн гэгээнээс үүрийн гэгээ хүртэл эргэлдээд унасан морь нь ч эцэж, өөрөө ч ядарчээ. Ой зах хязгааргүй үргэлжлээд байж гэнэ.

Өглөөгүүр гэгээ ороход нэгэн нарийхан жим тахиралдан зурайхыг олж харжээ. Тэгээд баярлан морио давиран жим даган явсаар цэлгэр тал, цэнхэртэх хөндийд гараад иржээ.

Эргэн тойрноо харвал нэг тосгон үзэгдэв. Ингээд хааны хүү тэр тосгонд хүрч, яндангаас нь бөөн утаа олгойдон байгаа байшингийн гадаа очив.

«Гал хөсөө түлээд хүнтэй л байгаа юм байна» гэж боджээ.

Мориноосоо буун байшингийн гадаах шатаар өгсөн дөнгөж үүднийх нь өрөөнд ортол нэхэх суурийн араас нэг бүсгүй огло үсрэн пийшингийн цаагуур орчихов. Тэгээд тэндээсээ:

– Хашаа хаалгандаа чихгүй, ханат байшиндаа нүдгүй байна гэдэг муухай юм! Залуу минь, жаахан хүлээж бай гэв.

Хаан хүү «Энэ чинь юу яриад байна даа? Эрүүл юм болов уу?» гэж боджээ. Тэгээд:

– Чи ганцаараа суудаг юм уу? Эсвэл аав ээж, ах дүүтэйгээ юү?

– Ганцаараа гэж юү гэсэн үг вэ! Аав, ээж, дүү гурав минь өнөөдөр байхгүй байна.

– Тэд чинь хаачсан юм бэ?

– Ээж аав хоёр минь зээл уйлахаар, дүү маань зуун янчаанаа таван мөнгөнөөс солихоор явсан гэв.

Хааны хүү дахиад юу ч ойлгосонгүй.

Бүсгүй ч пийшингийнхээ цаанаас гараад ирлээ.

Хааны хүү бүсгүйг хармагцаа зогтусан гөлрөв. Ямар үзэсгэлэнтэй бүсгүй вэ! Энэ дэлхийг тойрсон ч ийм бүсгүй олдохгүй бизээ. Алтан өнгөт урт үс нь ар нуруугаа чимсэн, огторгуйн цэнхэр нүд нь од мэт гялалзсан, алимын улаан хацартай, үүрийн туяа шиг сайхан бүсгүй ажээ. Зочноо хүндэтгэн:

– За, та дээшээ суу. Аль газрын хэний хүү вэ? Хэрэг зориг юунд билээ? гэж намуухан дуугаар асуув.

Хааны хүү сэхээ авч вандан дээр суугаад хэрхэн яаж ойд төөрсөн, энэ тосгонд яаж хүрч ирснээ ярьж бүсгүйг нүд салгалгүй ширтэнэ.

– Хашаа хаалгандаа чихгүй, ханат байшиндаа нүдгүй гэж чи юу ярив аа? Би ойлгосонгүй гэхэд бүсгүй инээж:

– Ойлгож ядах юмгүй ээ! Хашаандаа нохойтой байсан бол таныг хараад хуцаж, би энэ чимээгээр гаднын хүн ирлээ гэж мэдэх байсан юм. Гэтэл манайх нохойгүй, ингэхлээр хашаандаа чихгүй айл даа. Гэрт маань бага хүүхэд байсан бол тэд танихгүй хүн ирэхийг цонхоор хараад надад хэлэх байсан. Ингээд та орон гэрээ янзлаагүй байхад минь орж ирэхгүй байхсан! гэж өгүүлэв.

– Аав ээж, дүүгийнхээ тухай юу гээд ярьчих ваа? гэж зочин дахин асуухад, «Өө, яасан ч анхиагүй, авхаалж сэхээгүй юм бэ дээ! Харахад эелдэг сайхан залуу мөртлөө» гэж бүсгүй боджээ. Тэгээд:

– Ээж аав хоёр минь оршуулгад явсан. Өнгөрсөн хүнийг өрөвдөн гашуудан уйлна. Өөрсдийнх нь цаг ирэхэд сайн хүмүүс ирж уйлан тэднийг минь оршуулна. Дүү минь зуун янчааны морь унаж туулай хөөхөөр явсан. Туулай агнавал таван мөнгөний ашигтай, морио эцээвэл зуун янчааны гарзтай.

Ийнхүү ярьсаар ширээ засан идээ будаа өрөв.

– Зооглогтун, байгаагаараа баян гэдэг гэж зочноо дайлж цайлаад гарч зам зааж өгөв.

– За ингээд шулуухан яваад бай, оройдоо гэртээ хүрнэ гэжээ.

Хааны хүү харьж тэр өдрөөсөө эхлэн уйтгар гунигт дарагдан уух идэхийг мартан үзэсгэлэнт бүсгүйг өдөр шөнөгүй санах болжээ.

Хүүгээ өрөвдөн эцэг эх нь ч зовно. Янз бүрийн баяр найр хийвч хүүгийн сэтгэлийг сэргээн хөгжөөж үл чадав.

– Хүүг гэрлүүлье. Ханьтай бүлтэй болохоор уйтгар гуниг нь дорхноо арилна гэж хөгшин хаан хэлэв.

Тэгээд хүүгээ дуудан:

– Хайрт хүү минь, хань бүлээ сонго, гэр толгойлох нас чинь боллоо. Хатан ээж бид хоёр чинь ач гучаа харж баясмаар байна. Эхнэр хаанаас ч олдоно. Ямар ч гүнж чамтай дуртайяа сууна.

– Манай улсад нэгэн үзэсгэлэнтэй сайхан бүсгүй бий гэж хаан хүү хариулахад,

– Тун сайн байна! Хаашаа, ямар ноёных руу элч явуулах вэ? Хэлээтэх! гэж хаан эцэг нь асуув.

Хаан хүү анд явж байхдаа яаж төөрч тэр нэгэн тосгонд очсон, тэнд ямар үзэсгэлэнтэй сайхан бүсгүйтэй дайралдсанаа яриад:

– Гүнж ч биш, авхай ч биш, эгэл жирийн тариачны охин сэтгэл зүрхийг минь булаалаа. Өөр ямар ч эхнэр надад хэрэггүй гэв.

Хаан шагшран гасалж уурлан хашгирав.

– Хар ардтай хамаатан садан болж би яасан ч чадахгүй!

– Таны дураар болог. Харин надад хайргүй дургүй бүсгүйтэй гэрлэснээс энэ насаараа ганцаар явсан дээр гэж хаан хүү хэлээд өргөөндөө орчихов.

Хаан бодож бодож «Одоо ч үгнээс минь гарахгүй ингээд больж гэж бодъё, гэхдээ үгүй болсноос минь хойш тэртэй тэргүй тэр муутайгаа гэрлэнэ дээ» гэж санан хатандаа цөмийг ярьжээ. Хатан ч уйлна:

– Ямар гай билээ! Одоо яах вэ? гэхэд хаан:

– Би арга оллоо. Хөөе, зарц нараа, хаан хүүг дуудаад ир! гэв. Тэгээд хүүдээ:

– Хатан ээж бид хоёр чинь хэлцэн зөвлөлдөж, шүүн бодсоор ийнхүү шийдлээ. Хэрвээ тэр бүсгүй миний гурван даалгаврыг биелүүлж чадвал чиний эхнэр болог. Биелүүлж чадахгүй бол өөртөө гомдог, хорвоод гишгэх өдрийнх нь тоо гүйцнэ гэж хэлээд маалингын нэг шилбэ өгөөд:

– Энэ маалингаар утас ээрч, ээрсэн утсаараа даавуу нэхэж надад цамц оёж авчраг. Хэр зэргийн уран гэдгийг нь үзье! гэжээ.

Хаан хүү эцгийнхээ зарлигийг аван давхив. Үзэсгэлэнт бүсгүй хаан хүүг цонхоороо харж, угтан гарч ирлээ. Зочноо үүдэн дээрээ угтан эелдэгхэн харцаа тусган:

– Хүслийн зоргоор явна уу? Хүний эрхээр явна уу? гэв.

Хаан хүүгийн зүрх догдлон цохилж хоёр хөлөө солбин дуугүй зогсоно. Тэгснээ зориглон:

– Үзэсгэлэнт бүсгүй минь, чи миний сэтгэлээс гарахаа болилоо. Чамайг эхнэрээ болооч гэж гуйхаар ирлээ гэж дуугарав.

Бүсгүй улайж улам ч үзэсгэлэнтэй болсноо тун аяархнаар:

– Үйл заяаг үргээж болдоггүй гэдэг. Миний сэтгэл ч чамайг таална. Эцэг эх минь ч эсрэг үг хэлэхгүй, харин чи өөрийн эцэг эхээс асуух хэрэгтэй гэжээ.

Хаан хүү гэртээ болсон бүгдийг нууж хаалгүй яриад маалингын шилбээ өгөв.

Бүсгүй хааны зарлигийг сонсоод инээмсэглэв. Дараа нь шүүрээс хусны мөчир хугалж аваад:

– Энэ мөчрөөр ээрүүл, шорноок, хамгийн нимгэн даавуу нэхэж болох суурь хийж өгвөл би хааны зарлигийг биелүүлнэ гэжээ.

Хааны хүү гэртээ буцан ирж мөчрөө өгөн бүсгүйн гуйлтыг хэлэв.

Хаан гайхан, өөрийгөө зэмлэн «Чи ийм аргатай хүүхэн үү, би бүр ч илүү арга мэх олно доо!» гэж шүд зуугаад чанасан зуун өндөг авчруулав.

– Энэ өндөгнүүдийг бэрд аваачиж өг. Энэ өндөгнүүдийг дэгдээхэй болгож хуримын ширээнээ бэлтгэг гэв..

Хаан хүү шинэ зарлигийг сонсоод гунигласан авч юу ч хэлсэнгүй бүсгүй рүү явжээ. Бүсгүй өндгийг аваад нэг хувин агшаасан шар будаа авчран:

– Энэ будааг хаанд хүргэж өг! Үүнийг суулгаж, тарьж ургуулаг. Энэ өндөгнөөс гарсан дэгдээхэйнүүд тэр ургасан будааг л иднэ, өөр юм тонших ч үгүй!

Хаан хүү харьж агшаасан будааг эцэгтээ өгөв.

Хаан бүсгүйн үгийг сонсоод хүүгээ гурван өдрийн дараа ир гэжээ.

Хаан хоёр өдөр шөнө бодоод гурав дахь өдрийн өглөө их хөгжилтэй босон ирж «Хаантай хадралцвал яадгийг чи муу одоо үзнэ дээ хө!» гэж хөхрөв.

Тэгээд хүүгээ дуудан:

– Чи хань болох бүсгүйгээ яваад уриад ир. Хуримын өмнө бэрээ нэг харъя. Харин хувцастай ч биш, хувцасгүй ч биш, бэлэгтэй ч биш, бэлэггүй ч биш, явган ч биш, мориор ч биш гэхдээ унаатай ирэг! гэлээ.

Хаан хүү бүсгүй дээр ирж эцгийн зарлигийг сонсгов. Эцэг, эх, дүү гурвынх нь санаа зовон:

– Энэ ч нэг зүгээргүй дээ! гэж шанална. Хаан хүү ч царай барайлгав.

Харин үзэсгэлэнт бүсгүй хөгжилтэйхэн:

– Маргааш үдээс хойш хүлээж бай гэж эцэг эхдээ дамжуул даа! гэхэд хаан хүү ч гэр лүүгээ явав.

– Миний дүү, өглөө гэхэд эгчдээ нэг туулай, нэг бөднө хоёрыг амьдаар нь бариад ирээч гэж бүсгүй хэлж дүү нь ч тэр даруйхнаа ой руу явжээ.

Бүсгүй эцэг эхээ ч бүү зов, бүү гунигла, бүх юм сайн сайхнаар бүтнэ гэж тайвшруулна. Маргааш нь үдээс хойш хаан ордныхоо дээд давхарт цонхоор алсыг ширтэн сууна. Бүсгүйг хармагцаа зарцаа «Хашааны хаалга онгоймогц хамгийн зэрлэг эр нохдыг өөдөөс нь тавь» гэж тушаав.

Тэгээд дотроо:

– Амьд байсан гэхээс өөр юм үлдээхгүй хэдэн хэсэг болгоно доо, чамайг! гэж инээнэ.

Хаан цонхоороо харсаар суув. Бүсгүй ч ойртоод ирлээ… Бошинзын оронд том том нүхтэй тор нөмөрчээ. Хувцастай ч биш, хувцасгүй ч биш нь энэ ажээ. Туулайг хазаарлан, мөчрөөр гуядан урдаа хөөж явна гэнэ. Морьтой ч биш, явган ч биш, унаатай ирж буй нь энэ ажээ.

Ингээд бүсгүй хаалга онгойлгомогц аймшигт ноход түүн рүү улаан галзуу дайрав!

Хаан ч үсрэн босож шатаар уруудан үүдэндээ гарч ирвэл хашааны хаалганаас нэлээд хол туулай хөөсөн хоёр нохой давхиж харагдав гэнэ. Гэтэл шатаар өөдөөс нь олон нүхтэй тор нөмөрсөн үлгэрт хэлшгүй үзгээр бичишгүй үзэсгэлэнт сайхан бүсгүй өгсөн гарч ирлээ гэнэ.

Бүсгүй мэхийн ёслоод инээмсэглэн:

– Хаан үүдэндээ гарч ирэн угтсан нь надад их хувь билээ. За энэ миний бэлэг! гээд гараа сунгав.

Хаан бэлгийг авах гэтэл бүсгүй атгасан гараа тэнийлгэж тэр хоромд бөднө шувуу хааны хамрын хажуугаар дэрхийн нисэн одов.

Хаан толгойгоо гэдийлгэн тэнгэр ширтэнэ.

– Таны зарлиг ёсоор бэлэгтэй ч биш, бэлэггүй ч биш ирлээ гээд бүсгүй инээмсэглэв. Хаан бөднө шувуу харж байгаад хий гишгэж шат руу өнхрөн унаж бөмбөрөв.

Бүсгүй түшихээр ухасхийв. Зарц нар нь гүйн ирж хаанаа босгоход хаан ёолон, бөөр нуруугаа барилан дуу тавина.

Энэ дуу чимээгээр хаан хүү гарч ирэн бүсгүйгээ харж баярлав. Энэ үед хаан жаал уужирч:

– За, хүндэт зочин бүсгүй хэлсэн бүгдийг минь биелүүллээ. Ийшээ ордонд морилогтун, хатан хүлээж байгаа гэж хэлэв.

Гэхдээ хаан «Яах ч аргагүй боллоо. Хаан хүн үгээ буцалтай биш. За яахав, дараа учир нь олдоноо» гэж дотроо бодож л дээ.

Бүсгүй бутны ард очиж нөмөрсөн тороо авч шидвээс гоёлын бошинзтой үлдэв. Цөм харж ханахгүй, нүд салгаж чадахгүй зогсон:

– Ийм үзэсгэлэн гоо эмэгтэйг урьд хожид үзээгүй билээ! гэж шагшицгаана. Бүсгүйн үзэсгэлэнтэй сайхныг үзмэгцээ хатан ч нулимсаа арчин хөгжин хөөрч баясав. Хаан:

– Гурван даалгаврыг бэр минь биелүүллээ! Одоо өргөн их хурим найраа хийж болно гэв.

Удалгүй хурим хийж хоёр залуу жаргалтай сайхан амьдарчээ.

Тэгээд нэгэн хэсэг болсны хойно хөгшин хаан хатантайгаа өөр улс руу хатныхаа эгчийнд зочлохоор болжээ.

Хаан явахынхаа өмнө хүү бэр хоёртоо:

– Хүү минь, чи намайг эргэж иртэл хаан төрөө удирдан зал. Журам дэгийг сахиулж хэрэг ажлыг захир. Аа харин бэр чи, хөрөнгө зоорийг харж хамгаалж, эд баялгийг хямгадан хайрлаж бай. Харин хаан төрийн хэрэгт хошуу бүү дүр. Эзэн хааны ажилд эм хүний ухаан хүрэхгүй! Үгнээс минь зөрвөл өөртөө гомдоорой гэжээ.

Ингээд хаан хатан хоёр явчихжээ. Хаан хүү нэг удаа анд яваад эргэхдээ хотын хаалганы дэргэд нэгэн ядуу эртэй дайралджээ.

Ядуу эр түүнийг зогсоон:

– Сайн санаатан минь, хаантай яаж уулзах вэ? Хэлж өгөөч гэж гэнэ.

– Хаантай уулзах ямар хэрэгтэй билээ? гэж хаан хүү асуув.

– Энэ хорвоо дээр үнэн гэдэг байхгүй юм уу? гэж асуух гэсэн юм.

– Яагаад чи үнэн байхгүй гэж бодоо вэ? гэж хаан хүү асуухад ядуу эр:

– Яагаад гэвэл ядуу хүн юм бүхэнд л буруутай, баян хүн дандаа, юм бүхэнд зөв болох юм гэж хариулав.

– Яагаад тэр билээ? гэж хаан хүү гайхжээ.

– Яах юу байх вэ! Өчигдөр би баян хөрштэйгөө шүүхэд очоод үнэн гэж байхгүй, баян хүн буруутай атлаа зөвдөхийг нүдээрээ харж, чихээрээ сонслоо гэжээ.

Хаан хүү ядуу эрээс хэнтэй, ямар шүүгчид очсоныг асуугаад:

– Маргааш үдэд хааны ордонд ир гэв.

Ингээд хаан хүү ордондоо ирээд тэр шүүгчийг баяны хамт дуудуулжээ. Маргааш нь хааны ордны хашаанд баян эр, шүүгч, ядуу эр гурав иржээ. Үд дунд хаан үүдэндээ гарч ирэн ядуу эрээс:

– Хаанаас юу хүсэж байгаагаа хэл! гэв.

– Бидний хэргийг зөвөөр шүүн шийдэж өгөөч! Баян хөрш бид хоёр зах руу явах болж түүний тэргэнд миний гүүг хөллөөд явсан билээ. Замд шөнө болж бид хээр хоносон юм. Өглөө босоод хартал тэргэн доор нэг унага хэвтэж байна. Миний гүү унагалжээ.

– Үгүй, худлаа! гэж баян эр үгийг нь таслан хашгираад,

– Миний тэрэг унагалсан. Хаан хүү шүүгчээс:

– Шүүгч, чи юу гэж бодож байна? Хэний унага гэж шүүсэн бэ?

– Би зөв шүүсэн. Унагыг эзэнд нь өгсөн гээд баяныг зааж,- Баяны унага гэв.

– Яаж чи мэдсэн бэ? гэж хаан хүү асуухад,

– Унага тэргэн доор хэвтэж байсан юм чинь гүү биш тэрэг унагалжээ.

Хаан хүү «Нээрээ, гүү унагалсан бол унага юү гэж тэргэн доор хэвтэх билээ? Шүүгч зөв шүүсэн бололтой» гэж бодов.

Энэ үед хаан хүүгийн залуу эхнэр үүдэн дээрээ гүйн гарч ирээд:

– Хэний унага вэ? гэдгийг мэдэхэд тун амархан. Шийдэж ядах юм алга! гэв.

– Яаж амархан? гэж хаан хүү асуув.

– Унага эхийгээ дагадаг… Чи тэргээ аваад зүүн тийшээ яв гэж баянд, чи гүүгээ хөтлөөд нөгөө тийшээ яв гэж ядууд хэлжээ.

Баян ядуу хоёр хоёр тийш явахад унага гүүг даган гүйв.

– За харж байна уу! Шүүгч буруу шүүжээ гэж залуу эхнэр хаан хүүд хэлэв.

Хаан хүү унагыг ядуу эрд өгөх, шударга биш шүүгчийг ажлаас нь халах зарлиг гаргажээ. Удсан ч үгүй хөгшин хаан хатантайгаа буцаж иржээ. Шадар ноёд хаандаа:

– Хаан эзэнтэн минь, таныг үгүйд бэр хүүхэн юм юмыг гартаа авч оролцохгүй хэрэггүй, хэлэхгүй, шийдэхгүй ажил гэж байхгүй болсон. Үнэнч олон шадар ноёдыг тушаал зиндаанаас халж, зохих хүний үгийг үг гэж тоохгүй дураар аашиллаа гэж ховложээ.

Хаан бэрээ дуудан:

– Чи миний үгийг сонссонгүй. Чамайг шийтгэнэ. Чи ордноос зайл! гэхэд бэр нь:

– Хамгийн үнэт зүйл минь энд байхад би хаашаа явж, яаж амьдрах билээ? гэж гэнэ. Хөгшин хаан «Гоёл чимэглэл, сувд эрдэнэсдээ хоргодож байна!» гэж бодоод:

– Юу дуртайгаа ав, гагцхүү бушуухан далд орж үз! Өглөө гэхэд нүдэнд бүү үзэгд! гэжээ.

Тэгээд зарц нартаа энэ муу хүүхэнд морь тэрэг хөллөж өг гэж тушаажээ. Маргааш нь хаан:

– Нөгөө муу хүүхэн явсан уу? гэхэд,

– Явсаан, явахдаа хаан хүүг аваад явсан гэж шадар цэрэг нь хариулав.

– Юу, юу гэнээ! Хаан хүүг аваад явсан гэнээ? гэж хаан хашгирав.

– Хамгийн үнэтэй юмаа авч явж болно гэж хаан таныг болгоосон гэж хэлсэн шүү. Нөхрөөс өөр үнэтэй юм байхгүй гэнэ.

Хаан уурлан:

– Би гоёл, эрдэнэ сувд гэж бодсон юм! Одоохон элч явуулж эргүүлж авчир! гэжээ.

Хаан хүү эхнэртэйгээ буцаж ирсэн аж. Тэгээд хөгшин хаан насан хутаг болсны дараа хүү нь хаан ширээнээ сууж ажил хэрэг бүхнийг цэцэн эхнэртэйгээ зөвлөх болсон юм гэнэ лээ.

 

Эх сурвалж: Орос үлгэрүүд – EPUB номноос авав. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *