Яруу найраг

А.С.Пушкин – АНЧАР

Д.Нацагдоржийн орчуулга

Хатанги хахь говийн цөлд

Хайранги нурман хөрсөн дээр

Харгис харуул мэт анчар

Хорвоод ганцаараа шиг зогсоно.

Говийн ангамал түмэн бодис

Хилэнт өдөр, түүнийг төрүүлжээ

Мөчрийн үхэнгэ ногоон хийгээд

Үндсийг хороор ундалжээ.

Үйснээс нь хор дусалж,

Үдийн цаг, халуунд хайлна

Үдшийн хир сая царцаж,

Өтгөн тунгалаг давирхай болно.

Тэр зүг шувуу эс нисэн

Бар үл хавьтах билээ

Хар салхи үхлийн модыг дайран

Хор шингээж зайлан одно.

Үүл нүүдэллэн тэнүүчилсээр

Ширэлдмэл навчийг шүрших бол

Бүх мөчрөөс даруй хордож

Буцалмал элсэнд бороо дусална.

Гэтэл хүн, хүнээ

Эзэрхэг харан, анчар тийш илгээлээ.

Хичээнгүйлж тэр зам гүйлгэн,

Ирэх өглөө хорын хамт өглөө.

Үхлийн өнөөх давирхайгий нь

Өлсмөл навчит түүнтэй авчирлаа

Зэвхий магнай руу нь

Жихүүн хөлс цутгана.

Арайхан авчирмагц, алжаан,

Амбаарт торсон дээр хэвтээд,

Ялагдашгүй эзний өлмийд

Ядуу боол нас нөгцөв.

Харин ноён тэр хорыг

Дуулгаварт сумандаа шингээлээ

Харийн газар, улс оронд

Түүнийг илгээж хөнөөлийг хүргэлээ.