Яруу найраг

УСАН БУЛАГ хэмээх алтан сургаал

ЛУВСАНДАМБИЙЖАЛЦАН (1717-1766)

Усан булаг дэлгэрвэл

Уужим дэлхий тунгалаг

«Оюун түлхүүр» үзвэл

Ухаан билиг тунгалаг

***

Шастир арвин үзвэл

Санаа ухаан тунгалаг

Сайн ламыг шүтвэл

Сүнс тонилох тунгалаг

***

Шавраас гарсан

Замбага цэцэг тунгалаг

Салхин хурдан зогсвол

Огторгуй газар тунгалаг

***

Сүн далайн дундаас

Сүмбэр уул тунгалаг

Сүсэгт хүмүүний зүрхэнд

Сүлд тэнгэр тунгалаг

***

Хирүүд үгүй өсөгч

Хээрийн гөрөөс тунгалаг

Хилинц нүглийг арилгагч

Хийдийн газар тунгалаг

***

Буржин үгүй урсагч

Булгийн ус тунгалаг

Бусдад тус хүргэвэл

Буян болох тунгалаг

***

Буруу зөвийг ялгавал

Арш  болох тунгалаг

Буян үйлдэж явбал

Бурхан болох тунгалаг

***

Ариун тэнгэрийн оронд

Алхаад гарах бэрх буй

Арван найман тамаас

Амьд гарах бэрх буй

***

Чин дээд тэнгэрт

Чиглэн одох бэрх буй

Цэрэг дайны дундаас

Ганцаар гарах бэрх буй

***

Аглаг уулын орой дээр

Нутаглан суух бэрх буй

Арсланы нуруун дээр

Эмээл тохоход бэрх буй

***

Асга хадны оргил дээр

Авиран гарахад бэрх буй

Асар их тэнгэр дээр

Аян хийхэд бэрх буй

***

Хөвөн цагаан үүлийг 

Хөөгөөд гүйцэх бэрх буй

Хөхөрч байх зэрэглээг

Бариад авах бэрх буй

***

Харгис муу хүмүүнтэй

Анд барилдах бэрх буй

Хажир хэдэр хүмүүнтэй 

Ханилан суух бэрх буй

***

Доорд аймаг лусуудад

Айлчлан очих бэрх буй

Догшин хорт могойтой

Ах дүү болох бэрх буй

***

Гарах нар нь шарлавал

Ган болохын удлага

Гаран орон гасалбал

Гай ирэхийн удлага

***

Ургах нар нь улайвал

Ус болохын удлага

Орон гаран гасалбал

Эдээ барахын удлага

***

Эмнэг морь нь туйлбал

Эмээлээ гээхийн удлага

Эм хүмүүн ганганавал

Эрдээ гээгдэхийн удлага

***

Зүүн хойноос жаварлавал

Зуд болохын удлага

Зөрүү буруу харвал

Эеэ барахын удлага

***

Догшин сахиус залбал 

Дайсан дарахын удлага

Доор сэтгэлийг баривал

Мэргэн болохын удлага

***

Дулаан хүйтэн улирвал

Цаг мөчийн удлага

Дур мэдэн явбал

Тэнэг болохын удлага

***

Дотрын цагаан сэтгэл нь

Буян болохын удлага

Догшин хар сэтгэл нь

Хилэнц болохын удлага

***

Буянтай сайн сэтгэл нь

Бурхан болохын удлага

Буруу хар сэтгэл нь

Буг болохын удлага

***

Энэ мэтийн удлагыг

Эрхэм болгон мэдээд

Энэ хойтын тусыг

Эндэл үгүй автугай

Эх сурвалж: muzo.mn