Яруу найраг

Тэхийн зогсоол

Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
<<Тэхийн зогсоол>> гэдэг тэр оргилын
Өндрийг яана!

Хүрэн уулсын буйд мухар
<<Хүүш>> нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.

Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
<<Хүүшийн>> өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив.

Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил
Бүгд өндөр
Өндрийн дундаас <<Тэхийн зогсоол>>
Бүүр ч өндөр!

Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.

Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү

Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нүүх болов.

Нэгэн өглөө аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нүдний сунадаг дурангаа
Гарт бариулав.

-<<Тэхийн зогсоол>> дээр юу байна вэ?-
Сайн хар! гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.

<<Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх
Оргил харагдав
Yүрээ манан өндөрт эргэх
Бүргэд харагдав.

Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор
Yүлгүй байв>>

-<<Тэхийн зогсоол>> дээр хараагаа тогтоо! гэж
Аав минь хэлэв
Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.

Өвөлжин харагдаж нүдэнд дассан
Оргил үзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.

Хангайн сайхан амьтныг үзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав.