Дуу хөгжим

ӨВГӨН ШУВУУ ХОЁР

(Харилцаа дуу)

Зээ. Жаргалтай дэлгэр зуныхаа сард

Жигүүртэн шувуу та минь

Гадаад их далайнхаа дундаас

Ганганан дэвсээр юундаа ирнэ вэ?

Зээ. Эргэх дөрвөн цагийн дотроос

Илчит зуны халуун наранд

Эртний буян салхи дагаж

Элдэв сайхан нууртаа ирнэ

Зээ Зорьж ирсэн нууртаа зусаад

Зоргоороо амархан цэнгэн жаргаад

Зүйтэй дулаан намрынхаа сард

Жигдлэн дэвсээр юундаа буцна вэ?

Зээ Өндөр их хангайн шилд

Үүл цас будран байхад

Өнөд сэрүүн хүйтэн болно хэмээн

Өссөн дулаан нутагтаа харина

Зээ Өнөд жаргалтай нутагтаа хариад

Өвөл дулаан байдаг болбол

Эсэргэн хойтон хаврын сард

Энд бас юундаа ирнэ вэ?

Зээ Жигүүртэй төрсөн маньд чинь

Жигтэй сайхан орон байвч

Жаргал, зовлон алин ч бол

Заяаныхаа хүчнээр болдог биш үү

Зээ Санаж ирсэн нуураа байхад

Санаа амархан цэнгэн жаргаад

Садан амраг нөхөдтэйгээ уулзаад

Салж тархсаар юундаа буцна вэ?

Зээ Залуу идэр настай бид чинь

Шилж сонгож явдаг

Өөрийн дураар болдог бол

Өвгөн ах таны минь өтөлсний учир юу вэ?

Зээ Өөрийн дураар болдог үгүй

Үйлийн эрхээр болдог

Үүнийг мөрдөн асуугч

Өвгөн намайг цэнэнэ үү та?

Зээ Цэнэх бардам санаа биш

Цэцэрхэн хэлэх үгс биш

Өвгөн ах таны

Өтөлсний учир асуусугай

Зээ Гадаад их далайнхаа захад

Амттай сайхан жимсээ идээд

Амраг үгсээ хүүрнээд

Ашидтаа цэнгэн жаргая аа

Зээ Өвгөн ах энд мэнд

Өчүүхэн шувууд замдаа мэнд

Эсэргэн хойтон хаврын сард

Энэ мэт учран хүүрнэе

Тэнгэр хийгээд хүний бие

Тэгш сайхан жарган суугаад

Төгс хувьтай бурхны үүдэнд

Төдөлгүй бүрнээр жаргая.

  • ДАНЗАНРАВЖАА  (1803-1853)

Эх сурвалж: muzo.mn