Бусад орны үлгэр

ӨРГӨӨ

Нэгэн тариачин эр шавар ваар авч яваад түүнийгээ гээчихэж гэнэ. Гэтэл нэгэн ялаа нисэн ирээд:

  • Энэ хэний өргөө юм бэ? Энэ өргөөнд ямар амьтан сууж байна вэ? гэж асууж гэнэ. Гэтэл хариу дуугарсангүй.

Вааран дотор ямар ч амьтан байсангүй. Тэгэхлээр дүнгэнүүр ялаа маань вааран дотор нисэн ороод тэнд амьдран суух болж гэнэ.

Гэтэл жонгинуур шумуул нисэн ирж гэнэ. Тэгээд мань шумуул:

  • Энэ өргөө хэнийх вэ? Энэ өргөөнд ямар амьтан амьдарч байна? гэж асууж гэнэ. Гэтэл.
  • Би дүнгэнүүр ялаа байна. Харин чи хэн бэ? гэж ялаа асууж гэнэ.
  • Би жонгинуур шумуул гэгч байна гэжээ.

Ялаа:

  • Наашаа ороод ир л дээ. Хамт амьдарья гэжээ.

Ингээд ялаа, шумуул хоёр хамт амьдрах болж гэнэ.

Гэтэл удалгүй мэрэгч хулгана хүрч ирээд:

  • Энэ хэний өргөө вэ? Энэ өргөөнд хэн амьдарч байиа вэ? ч гэж асуужээ.
  • Дүнгэнүүр ялаа.
  • Би жонгинуур шумуул байна. Чи өөрөө хэн гэгч вэ? гэж асуужээ.
  • Би мэрэгч хулгана байна гэхэд
  • Манайд ороод ир л дээ гэжээ. Ингээд гурвуулаа амьдрах болж гэнэ.

Гэтэл орилоо мэлхий дэвхэрч ирээд:

  • Энэ хэний сууц вэ? Энэ өргөөнд хэн амьдарч байна вэ? гэж асуужээ.
  • Би дүнгэнүүр ялаа,
  • Би жонгинуур шумуул,
  • Би мэрэгч хулгана байна. Харин өөрөө хэн бэ? гэж асуужээ.
  • Би наргианч мэлхий байна гэжээ.
  • Манайд ороод ир л дээ гэж гэнэ. Ингээд дөрвүүлээ амьдрах болжээ.

Гэтэл дэлдэн туулай дэгдэн ирээд.

  • Энэ хэний сууц юм бэ? Энэ өргөөнд хэн амьдардаг юм бэ? гэж асуужээ.
  • Би дүнгэнүүр ялаа,
  • Би жонгинуур шумуул,
  • Би мэрэгч хулгана,
  • Би наргианч мэлхий байна. Харин өөрөө хэн бэ? гэж гэнэ.
  • Би дэрс бутан дунд дэгдэн харайдаг майга туулай байна! гэжээ.
  • Манайд ороод ир л дээ! гэж гэнэ.

Ингээд тавуулаа амьдрах болжээ. Гэтэл дэргэд нь үнэг гүйж ирээд:

  • Энэ хэний сууц юм бэ? Энэ өргөөнд хэн амьдарч байна вэ? гэж асуужээ.
  • Би дүнгэнүүр ялаа,
  • Би жонгинуур шумуул,
  • Би мэрэгч хулгана,
  • Би наргианч мэлхий,
  • Би майга туулай байна. Харин өөрөө хэн бэ? гэж гэнэ.
  • Би уулын улаан үнэг байна гэжээ.
  • Манайд ороод ир л дээ гэж гэнэ. Ингээд зургуулаа амьдрах бол-жээ.

Гэтэл тэдэн дээр хөх чоно ирээд:

  • Энэ хэний сууц юм бэ? Энэ өргөөнд хэн амьдарч байна вэ? гэж асуужээ.
  • Би дүнгэнүүр ялаа,
  • Би жонгинуур шумуул,
  • Би мэрэгч хулгана,
  • Би наргианч мэлхий,
  • Би майга туулай,
  • Би улаан үнэг байна. Харин өөрөө хэн бэ? гэж асуужээ.
  • Би бутны цаанаас булаан шүүрдэг чоно байна гэжээ.
  • Манайд ороод ир л дээ гэж гэнэ. Ингээд тэд долуулаа уйдаж гунихыг мэдэхгүй амьдрах болжээ.

Гэтэл хөвчийн хүрэн баавгай хүрч ирээд ваарыг нь тогшиж

  • Энэ хэний сууц юм бэ? Энэ өргөөнд хэн амьдарч байна вэ? гэж асууж гэнэ.
  • Би дүнгэнүүр ялаа,
  • Би жонгинуур шумуул,
  • Би мэрэгч хулгана,
  • Би наргианч мэлхий,
  • Би майга туулай,
  • Би уулын улаан үнэг,
  • Би бутны цаанаас булаан шүүрдэг чоно байна. Харин өөрөө хэн бэ? гэж гэнэ.
  • Би та нарын захирагч байна гэжээ.

Тэгээд баавгай вааран дээр лаг хийтэл суутал шавар ваар хага үсэрч гэнэ. Дотор нь байсан бүх амьтад айн сандарч тал бүртээ таржээ.