Бусад орны үлгэр

Баавгай жирх хоёр нөхөрлөхөө больсон нь

Хянган нурууг болтог байхад, баавгай жирх хоёр нөхөрлөжээ. Тэр цагт хянган дээрээс харавсан сум, хянганы нөгөө этгээдэд унах нь сонсдож байсан билээ.

Энэ хоёр нэгэн нүхэнд оршиж, анд хамт явчаад олсон юм бүхнээ тэн адилхан хуваадаг байжээ. Баавгай юм олбол жирх идэж, жирх юм олбол баавгай идэх зэргээр маш удаан найзалжээ. Жирх, нэгэн удаа самар түүхээр яваад, нэгэн үнэгтэй уулзав.

Үнэг шаргал сүүлээ үл мэдэг шарвалзуулж сайн сууж байна уу?- гэж жирхийн мэндийг асуухад жирх өөрийн байдлыг нуулгүй ярьсныг үнэг сонсоод энэ хоёр өөр амьтан, хэрүүл цуугиангүй нөхөрлөж сууна гэдэг яасан хачин юм бэ? гэж атаархав. Учир нь үнэг өөрөө бусадтай нөхөрлөдөггүй харин бусдыг мэхэлж, тэдгээрийн хүчээр амьдрахыг хүсдэг билээ.

Тийнхүү үнэг, жирхийг хайрласан маяг гаргаж:

– Хөөрхий. Хөөрхий амьтан! Чамайг би өрөвдөж байна гэхэд, жирх цочиж өгүүлрүүн:

Эгч та юунд намайг өрөвдөж байна?

– Чи тэнэг юм даа. Баавгай чамайг доромжлон хохируулж байхад чи түүнийг мэдэхгүй юм.

– Юу, яагаад?

– Үүнийг мэдэхэд хялбар гээд асуусан нь:

– Олсон олзоо хэн чинь урьтаж амсдаг вэ?

– Баавгай ах гэж хариулав.

– За тэр дээ хамгийн амттай нь түүнд оногдоод амттай нь чамд хүртээгүй болсоор удсан юм байна гээд толгойгоо сэгсэрч сүүлээ шарвалзаад үнэхээр өрөвдөж байгаа юм шиг байдлаар:

– За баяртай! гэж явахаар завдаж:

Би чамд зөвлөлгөө өгч байгаа юм биш, чиний олсон олзыг хамар дороос чинь баавгай мулт татан авдаг юм байна даа. Хэрэв би бол олсон олзыг өөрөө эхэлж амсана гээд ажилдаа яарсан бололтойгоор сүүлээрээ мөрөө балласаар одов.

Жирх түүнийг ажиглаж:

“ Энэ эгч зөв л хэллээ бололтой ” гэж бодсоор самар түүхээ мартжээ.

Бас “ Баавгай ах минь ямар хуурамч этгээд вэ? Би түүнийг үнэхээр итгэж ахаа гэж хүндэтгэн үздэг билээ” гэж бодов.

Нэгэн өдөр баавгай жирх хоёр гөрөөнд яваад бөөрөлжгөнө түүв. Гэтэл баавгай, бөөрөлжгөнийн ишийг хөлөөрөө шүүрэн аваад, шимж гарав. Дараа нь баавгай жирхийг урив. Жирх, баавгайг үзээд “Өнөөх үнэг үнэн үг хэлжээ” гэж бодов.

Баавгай бас зурам агнаад, жирхийг урив. Баавгай зурамд хумсаа шигтгээд байхыг харж, бас “Өнөөх үнэг үнэн үг хэлжээ” гэж итгэв. Мөн энэ хоёр зөгийн үүртэй царсан модны дэргэд очив. Баавгай царс модыг эргэж, хөлөөрөө тэврээд, зөгийн үүрт хамраа шургуулж, хамрынхаа нүхээр үлээв.

Тэгээд жирхийг урив. Жирх, баавгайн бас л урьтаж оролдон байгааг үзээд “Нөгөө үнэг үнэн үг хэлжээ” гэж бүр бат итгэв.

Жирх уурлаж “Даан ч дээ, би хуурамч чамайг хашраая даа” гэж санав.

Энэ хоёр анд бас дахин явав. Жирх өчүүхэн амьтан тул баавгайг яаж гүйцэх вэ? Тиймийн тул баавгайн шилэн хүзүүн дээр суугаад явав.

Баавгай бор гөрөөсийг үнэртэн мэдэж бариад, хазахыг завдтал, жирх, баавгай ахаасаа урьтаж шүдээ шигтгэхийн тул баавгайн чихний хоорондоос үсрэн буумагц баавгай айн цочсондоо бор гөрөөсөө алдав. Бор гөрөөс зугатан явчив. Тэгээд тэд хоёр өлсгөлөн хэвээр цааш явав.

Баавгай нэгэн зурмыг үзээд мярайж барих гэтэл жирх мөн урьд адил үсэрсэн тул баавгай дахин үхтлээ айв.

Ингээд энэ хоёр бас олзгүй хоцров. Баавгай хэдий уурлавч “ Тэнэг юм, хэн агнасан ангаа өөрөө завхруулдагсан билээ ” гэж бодож дүүдээ юу ч хэлсэнгүй.

Энэ хоёр бас залуу бодонтой тохиолдов. Хэрэв өнөөдрийн явдлууд тохиолдоогүй бол гахайг уурлан шүүрэхгүй байсан билээ.

Баавгай өлсөж гэдэс нь нуруундаа наалдтал гуринхалсан учир уур нь хүрч бодонгийн хойноос хүрхрэн очиход бодон ухрав. Тийнхүү бодон ухарсаар модонд тулаад, цааш ухрах аргагүй болов. Баавгай, гахайн дээр үсэрч амаа ангайж, шүдээ хавиран зуух гэтэл жирх баавгайгаас урьтаж, гахайн амттай махнаас амсах гэж хоёр чихний нь хоорондуур,шилэн хүзүүн дээрээс нь гахай дээр үсрэхэд баавгай бүр их уурлаад, хөлөөрөө бодонгийн толгойгоос шүүрмэгц толгойных нь арьс нь хамар дээрээ нөмрөн ирэв.

Жирхийг өөртөө саад болгохгүйн тулд нөгөө хөлөөрөө түүний нуруунд таван хумсаа шигтгэв. Жирх гэнэт ухасхийж толгойноосоо сүүлээ хүртэлх арьсаа баавгайн хумсанд уруулаад өвдсөндөө чарлаж модон дээр үсрэн гараад цааш хоёрдугаар, гуравдугаар модонд үсрэв.

Баавгай жирхийг олж үзсэнгүй.Тэгээд, баавгай бодонг чимээгүй болоход дүүгээ дуудаж:

– Дүү минь ээ, шинэ мах ид! Гэж дуудавч жирх ер ч алга, баавгай гэртээ харив.

Жирх тийнхүү зугатааж, модон дээр гараад нурууныхаа шархыг эдгэртэл удтал модон дээр байжээ. Гагцхүү баавгайн таван хумсны ор таван хар зурвас үлджээ. Түүнээс хойш жирх, баавгайн дэргэд ч очдоггүй, мөн мах ч иддэггүй болжээ. Харин баавгайг ойртон ирэхэд уурлаж, самраар шиддэг бөгөөд баавгайг толгойгоо өргөн хармагц зугатан зайлдаг болжээ.