Яруу найраг

ЯНЖИНЛХАМЫН ӨРГӨЛ ШҮЛЭГ

ЖАМЬЯНГАРАВ

(1861-1917)

 

Яруу алдрын эгшгийг чихний тосгуурт унагаснаар

Янагуухь хязгаарыг баригчийн оюуны харанхуйг арилгаад

Ямагт таван ухааны орны дээд самбааг хайрлан соёгч

Яруу эгшгийн охин тэнгэр Янжинлхамд сүслэн мөргөмүү би

Уужим тэргэл намрын цагаан саран мэт нигуурын төвд

Угаас хос уруул нь улаан шүр, үнэн цагаан шүдний

эрхис нь цаст уулын өнгийн даран

Уртлаг сумхан хоёр мэлий нь эранда модны үрийг бэлгэдээд

Уяран хайлах дуун эгшгийн Янжинлхам гурван газрын

үзэсгэлэн бүхнийг булаана

Баясгалан төгс, гайхамшигт гоо, уртлаг зууван нүдний нь тийн наадах

Бадамлянхуа цэцгийн хүйснээ эрээн зөгий эргэлдэх мэт

Дээдлэн хайрлах итгэлт таны дэлгэрэнгүй цагаан царай

Дээжлэн тунгааж зуунтаа шүүсэн дэлгэр цагаан саран мэт

Эх таны сайтар чимсэн хүзүүний чимэг сүйх хийгээд

Эгнэгт үзэсгэлэнт эрдэнэ гялалзсан хэлхээ унжлага

Элдвээр нарийн урлан зассан нь гэсэр бадмын үзэсгэлэнг гайхуулаад

Ихэд сул асгасан гогцоо унжлагын сэмбэрүү

 туурцаг нь чичирхийлэн хөдлөхүй, сэтгэлийн амрыг алдуулна

Машид үзэсгэлэнт цээжин биеийн тусад тэнгэрийн эдлэл хувчид

Магнаг тийн олон хив торгон үүлийн цогцос намиран хийсэн хөдлөөд

Магтам хос өлмийн тусад торгоор ороосны тэнгэрийн нум солонго алаглаад

Магад бөгсөн биеийн тусад хормогч шамтавын өргөө

гэр дэрвэн дэрвэх нь үзэсгэлэнтэй

Дасгалуун царай машид дэлгэрсний дундаас өнцөгдөн

 харах мэлмий нь хөдлөөд

Даамай хос мутрын цагаан лянхуан салаагаар бүжиглэн наадагч

Далайгаас гарсан Янжинлхамын дүрс биеийн цаст

уулын найлзуур модон

Даяар ертөнц бүхний эгээрлийг хангагч анхилуун

үнэрийг тараан түгээнэ

Тунамал цагаан усан баригч үүлэн мэт таны лагшин

Тунгалаг яруу зуны хэнгэргийн дууныг дэлдсэн мэт таны зарлиг

Тун эрээнээр мяраалсан гэрэл сэрэхүйт тогос мэт бидэн гурав

Тувт хэзээ ч ханал үгүй баясан наадаж цэнгэнэ

Сааргүй гайхамшиг гоо цогийг гайхуулахаараа тэнгэрийн охин

Сайн номлолын анхилуун үнэрийг сэнгэнүүлэхээрээ гошир зандан

Сайхан сэтгэл нь гүн бөгөөд дөлгөөнөөрөө их мөрөн

Санах хүслийн шаналал эгээрлийг хангахаараа чандмань эрдэнэ

Халуун наранд энэлсэн заан лянхуат нуурнаа сэрүүцэхээр орох ба

Хамагт муу сэтгэлээр энэлсэн би таны тааллын

далайд сэрүүцэхээр орох хоёр адил ч

Халуурхсан заан мянган навчит лянхуан чуулганыг

 нэнд гишгэлэн сүйтгэмүй

Харин танд ихэд биширсний тул миний сэтгэлийн

цөөрөмд ухааны навч нахиа сайтар дэлгэрмүй