Яруу найраг

Хүмүүн биеийг ололгүй заяа төөрч Хар Азарганы нуруунд цагаан уул болон төрвөл хамтдаа нэгэн зун хөтлөлцөн ургаад хагдарч чадах уу чи…

Хойд нас гэж байдаг юм бол

Гарыг чинь гуйх болно

Галыг минь асааж өгөх үү чи

 

 

Галзуу догшин дайчин болж төрвөл би

Бэр цэцэг нэгийг өвөртлүүлээч

Би чиний төлөө амьд ирнэ гэж гуйна, хүлээх үү чи

 

Хаана ч юм холын оронд төөрөөд төрчихвөл

Халх Монголын зүг хамтдаа тэмцэе гэж гуйх болно

Нутгаа санасан морьд шиг хамт гүйх үү чи

 

Холын одонд аялсан ирээдүйн цагт төрвөл

Хамт нисье гэж гуйх болно

Хоёулхнаа оддын зүгт хамт нисэх үү чи

 

Хүмүүн биеийг ололгүй заяа төөрч

Хар Азарганы нуруунд цагаан уул болон төрвөл

Хамтдаа нэгэн зун хөтлөлцөн ургаад хагдарч чадах уу чи

 

Нарны гэрэлд унтаж сарны гэрэлд сэрдэг

Сэцэн Хан уулын сэрүүн салхи болж төрвөл би

Хатан Туулын шивнээ шиг хөөрхөн сэврээ болж хамт зугаалах уу чи

 

Энэ насанд сэтгэлд хөлдсөн үйлийн үрээр

Эсгим хүйтэн өвөл болж төрвөл би

Энгэрийг минь гэсгээх эхний яргуй болж ханзрах уу чи

 

Зүрхэлж хэлээгүй хайрын үгс хальж

Зүйрлэшгүй яруу шүлгийн мөрүүд болон төрвөл би

Уртын дуу шиг аялгуу болон түрж хүмүүний сэтгэлд уянгалах уу чи

 

Хойд нас гэж байдаг юм бол

Гарыг чинь гуйх болно

Галыг минь асааж өгөх үү чи

 

Б.Болдсайхан