Яруу найраг

ХОС МОРИН САЙВАР

ХИШИГБАТ

(1849-1916)

 

 

Хоёр хүмүүн нэгэн замд хамт нийлээд

Хос морин сайвраар хосолж ирээд

Гуутай сархад барилцаж уулцаж ирээд

Хошин наадам хоосон үг хэлэлцэхүйд

Тэр хоёр нэгнээсээ асуухул

Тэргүүлсэн ихээхэн нь багшилж ирээд

Тэмцэлдэн хэлэлцсэн үгэн дотор

Тансаг сайхан цогц бие чандмань шүү

Таалалт хүслэнгийн эрх дураар

Тангарагт сахилаа хичээлтэй шүү

Тамтаггүй явбаас там  тэр шүү

Хутагтын нигүүлсэхүй алаг үгүй шүү

Хувьтны авах гээх ямар болов доо

 

Хомголзон арвитгаад эс эдэлбэл

Гутамшигт өлсгөлөн бирд тэр шүү

Ертөнцийн үйлсийг бодон санавал

Есөн хүсэл бүрдэвч хаяалгүй шүү

Ер хамаг амьтны хувь зохиол

Егүүтгэх мөнх бус аюул байна шүү

– Эвий жигтэй авгай чи солиорчээ

Ийм сайхан ертөнцийг хоосон гэнэ үү чи

Элдэв сайхан жаргал хүсэл, нөхөд садан байна

Эрхэм сайхан заяа буян мөнх бус уу

Жигтэй авгайн зохиосон үг бус шүү

Жам ёс жүдви ламын  зарлиг сургаал шүү

Жэравжийн шивийн дунъял  сэмжин тамжид  шүү

Жигдэн хорвын шивийн дунъял  тэр хэцүү шүү

– Ай хайран авгай чи доннид доглов уу

Арван газар , таван мөрийг  хэзээ олов, чи

Аюул, там, бирд гэгчийг үзээд ирэв үү, чи

Амьтны буян нүглийг ялгаж мэдэв үү, чи

Оо цөхөн  одоо хэзээ бурхан болном чи

Онц багш бурхан болоод хаашаа явнам чи

Ураг садан нөхрийгөө хэнд өгнөм чи

-Онц багш бурхан болохыг санаж байна шүү, би

Оройн чимэг ламдаан залбирч байна шүү, би

Овт хар тэргүүтнийг  сэхээрүүлмүй, би

Омог их сэтгэлтнийг мохоомуй, би

– Мэргэн авгайн өгүүлсэн үнэхээр хэцүү байна

Мэдсэн ба үзсэн чинь хол байна шүү дээ

Миний мэт хариуцах хайран харуу байна

Мэхийн санан чагнаж ирээд сонсъё би

– Чи минь бас чанартаа мэргэн байна шүү дээ

Чадал эрдэм нэмэн сурах дур байвал

Чихээ дэлдийж ирээд чагнан сонс чи

Чилэх үгүй авгай чинь хэлээд өгье би.

– Эрдэнэт бие цогцын хар тэргүүтэн

Эрхэм алдар нэрийн тул алжаамуй за

Эсвээс ашиг хонжил арвитгамаажин

Энэ бие мөнх бус гэм ч үгүй юү

– Санан санан бодогдох миний дотор

Сар жилийн улирах нь сайхан байна шүү дээ

Савсалсан сайхан бие санхалмаажин

Сайхь сансар хорвоо гэгч салал үгүй шүү.

– Хангис гэх хадын дуу ханхай хоосон шүү

Харлас гэх сүүдэр маны биеийн хамт шүү

Хар сархад хань нөхөр

Хавтай амраг шүү.