Домог, Тууль

Вангийн цагаан уул

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт буй Вангийн Цагаан уулыг манжийн их түшмэл манай нутаг хэмээн маргаан үүсгэжээ. Манжийн тэр түшмэлд To вангийн хэлүүлсэн нь:

— Энэ уул яг л нэг үхрийн ширний хэмжээтэй юм шүү. Хэрэв үхрийн ширний хэмжээнээс илүү гарвал тэр илүү хэсгийг эрхэм та хүртэж болох биз. Танай манай хоёр айл буухад манай нохой танай нохойд идүүртэй хоолноосоо долоолгохгүй байх шүү гэжээ.

Энэ үгийг сонссон манж түшмэл учрыг олж ядан гайхаж «Хэчнээн том үхрийн шир байлаа гэхэд энэ уулнаас юу хороох вэ. Ийм тэнэг хүн яаж Жүн вангийн зэрэг хүртээ бол?» гэж бодоод:

— За тэгвэл энэ уулнаас үхрийн ширний хэмжээтэй нь танай газар, илүү нь миний газар болог гэжээ. Ингээд To ван манж түшмэлийг хоёр хоногийн дараа ир гэсэн. гэнэ. To ван нэг том үхрийн ширийг хурц хутгаар тойруулан утас мэт нарийн зүсүүлж, урт аргамж бэлджээ. Нөгөө аргамжаа усанд дэвтээж байгаад түшмэлийг ирэхтэй нь зэрэг «За та нар сайтар харж бай!» хэмээн дагуулан явж, урт аргамжаа хөвөн хөвсөөр яваад Цагаан уулыг тойрон битүү бүсэлсэнд цаана нь хоёр алд хир аргамж илүү гарчээ. To ван хэлсэн нь:

— Энэ уулнаас нэлээд хэсгийг хулгайч авсан байна. Зургаан жилийн өмнө миний эцэг эзэн хаанд бэлэглэхээр хадгалсан алтаа энэ ууланд булсан гэдэг. Түүнийг мэдээд хулгайлан авч дахин алт гарах юун магад гэж манай уулыг авах гэсэн биз гэжээ. Манж түшмэл ихэд айн сандарч:

— Ай би яаж хулгайлж чадна? Та лав өөр хүнд алдсан байлгүй хэмээн хулгайд сэрэгдэхээс эмээн To ванд өндөр хараат ембүү хоёрыг бариад ихэд яаран сандран буцсан гэдэг. Үүнээс хойш энэ уулыг Вангийн цагаан уул гэх болжээ.

Тайлбар:
С. Бадамхатан, X. Сампилдэндэв нарын «Газар усны домог» гэсэн өгүүллээс сийрүүлж авав.

Эх сурвалж:

  • Монгол ардын аман зохиолын дээж бичиг, 1978
  • e-nom.mn

Зургийг:

https://mn.wikipedia.org/wiki/Вангийн_цагаан_уул#/media/Файл:Вангийн_цагаан_уул.jpg

2 thoughts on “Вангийн цагаан уул

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *