Домог, Тууль

Тэмээ үнсэнд хөрвөөх болсон учир

Урьд бурхан монгол хуанлийн арван хоёр жилд адгуусан амьтдын нэр өгч байхдаа арван нэгэн амьтны нэрсийг шууд оноогоод сүүлчийн буюу арван хоёр жилийн хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ хулгана хоёр нэрээ оруулж арван хоёр жилд багтахаар булаалджээ. Бурхан аль алиныг гомдоохгүйн тулд өөрснөө шийд гэж айлджээ.

Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь арван хоёр жилийн түрүүчид тохоогдохоор болж мэлзээ тогтоосон ажээ. Тэмээ нар гарах дорно зүг харж нар гарахыг хүлээж зогсов.

Хулгана яаж ч хичээгээд тэмээнээс өндөр гарч чадахгүй тул авирч бөхөн дээр нь гарч харах гэтэл тэмээ зүүн зүг харахыг хориглов.

Хулгана (Тэмээний бөхөн дээр гарч аваад) баруун зүг харан цаг ямагт уулын орой ширтэж байв. Тэгж байтал нар гарах цаг болж ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж үзлээ гэжээ. Тэмээ мэлзээсээ алдсандаа уурлан хулганыг дэвсэж алах гэж ухасхийтэл хулгана овоолоостой үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ.

Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гэнэ. (Ингээд хулгана арван хоёр жилд багтаж, тэмээ хасагдах болсон гэнэ. Тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг гэнэ.

Уг шинж нь:

1. Хулгана чихтэй

2. Үхэр гэдэстэй

3. Бар тавагтай

4. Туулай хамартай

5. Луу биетэй

6. Могой нүдтэй

7. Морин дэлтэй (Шилний зогдортой)

8. Хонин ноостой

9. Мичин бөхтэй

10. Тахиа өрвөлөгтэй

11. Нохой гуятай

12. Гахай сүүлтэй гэнэ

Эх сурвалж: Монгол ардын үлгэр