Бусад орны үлгэр

Үнэг шувуу хоёр

Үнэг шувуу хоёр хамтран хэсэг газар тариа тарьхаар шийджээ. Үнэг:

– Чи үр цуглуул би таръя гэсэнд шувуу ийш тийшээ нисэж их үр цуглуулаад:

– За одоо тарь үр бэлэн гэв. Тэгэхэд нь үнэг:

– Үгүй би тарьж чаддаггүй юм. Ер нь чи тарь хураахыг нь би хураая гэжээ.

– За яахав тэгье гэж шувуу зөвшөөрөөд их л хөдөлмөр гаргасны дүнд үрээ нэг нэгээр нь газарт булж дуусчээ. Удаа ч үгүй ажлынх нь үр дүн гарч тариа нь толгойлон ургаж хураах цаг боллоо.

– За үнэг минь тариа хураах цаг боллоо. Одоо хураагаарай гэж шувуу хэлэхэд үнэг:

– Үгүй ээ!!! Би хурааж чадахгүй харин тээрэмдъе гэв. Хэдийгээр шувуу үнэгний энэ хариултанд гайхсан боловч маргасангүй,бүх тариагаа ганцаараа хадаж том бухал болгон хураагаад:

– За би ажлаа хийж дууслаа. Үнэг чи одоо тариагаа тээрэмд гэсэнд үнэг:

– Үгүй тээрэмдэхийг нь чи тээрэмд,хуваахыг нь би хуваая гэжээ. Тэгэхэд шувуу бүх хадлангаа тээрэмдээд тариаг нь нэг тийш,сүрлийг нь нөгөө тийш ялган хураажээ. Гэтэл үнэг:

– Маш сайн байна. Чи их сайн ажиллалаа. Би одоо хуваая чи сүрлээ ав би тариагаа авна гэхэд шувуу:

– Яалаа гэж дээ. Би ганцаараа бүх ажлыг хийсэн атлаа надад яагаад дан сүрэл өгч байгаа юм бэ? Энэ шудрага биш байна. Хэн нэгээр зөв буруугаа олуулъя гэв.

– За тэгье чи галуу уриад ир. Түүгээр хэргээ таслуулъя гэж хэлэхдээ үнэг галуугаар хэргээ таслуулж өөртөө тариа авч дараа нь галууг идэхээр боджээ.

Тэгээд шувуу галууг урихаар явжээ. Замд нь шавьж хорхой таарсанд түүнийг идэхийг бодсон боловч өрөвдөн хэрэг зоригоо ярьсанд шавьж:

– Галуу дэмий. Галууг таслагчаар авбал чамд муу болно. Харин нохой аваачвал сайн гэжээ.

Шувуу зөвшөөрч голын эрэг дээр хэвтэж байсан нохойны дэргэд нисэж очоод:

– Намайг үнэг мэхэллээ. Бид хоёрын зөв бурууг таслаж өгөөч гэж гуйхад Нохой:

– Бололцоотой бол очмоор л байна. Хонгор минь намайг даанч өлсөж үхэх гэж байгааг харахгүй байна уу. Харин чи бин олж авчирч намайг цатгаж үсий минь оливын тосоор арчиж гялалзуулаад хөлийг минь хөнгөрүүлбэл би чамтай явж та хоёрын хэргийг тасалж өгч болно гэхэд шувуу зөвшөөрч нохойг дагуулан талд гарчээ. Талд тариачид ажиллаж байв. Тэдний нэг нь эхнэртээ:

– Эхнэр ээ, бушуухан идэх юм авчирч өгөөч гэж хашгирахад эхнэр нь тавганд бин хийж толгой дээрээ тавьж явааг шувуу хараад:

– Чи бутны цаана нуугд би бин олж ирье гэж шивнэхэд нохой бутны цаагуур нуугдав.

Шувуу авгайн зүг нисэж очоод хөтөлж явсан хүүхдийнх нь бараг дэргэд буугаад огт нисэх шинжгүй аяархан явахад хүүхэд:

– Ээж ээ! ээж ээ! шувуу байна. Над барьж өгөөч гэж гуйв.

Шувуу ер нисэх шинжгүй байсанд авгай нисэж чаддаггүй шувуу байна гэж бодоод шувууг барихаар шийдэж бинтэй тавгаа газар тавьж хөөцөлджээ. Шувуу нисэж чадахгүй дүр үзүүлэн дэгдэн бинтэй тавагнаас улам холдоход авгай дагасаар байв.

Тэгээд шувуу нохойд бинг авах дохио өгчээ. Нохой нь аль хэдийн бинг идчихээд тавгыг нь долоож байхыг хараад шувуу нисэн оджээ. Авгайг эргэж ирэхэд таваг хоосон байв. Шувуу нохой хоёр цааш явжээ.

– Би сайн хоол идэж хүч орлоо. Одоо оливын тос олж л биеэ тословол сайн байна гэж нохойг хэлэхэд шувуу:

– Олно олно миний хойноос яв гээд цааш явжээ.

Тэдний зам дээр олив модны сүүдэрт амарч байгаа жинчид дайралджээ. Манаачаас бусад нь унтацгааж байв. Энд тэнд хөхүүртэй оливын тос хэвтэж байлаа.

Шувуу аянчин дээр нисэж очоод нэг хөхүүртэй тосон дээр суухад манаач хоёр ч удаа чулуу шидэж шувууг үргээх гэсэн боловч шувуу ниссэнгүй. Тэгэхэд нь манаач уурлан том чулуу авч байдаг чадлаараа чулуудахад шувуу оногдсонгүй. Харин хөхүүр нь хагарч тос нь гоожход манаач

– Хүүе босоцгоогоорой, хөхүүр хагарчихлаа гэж хашгирав. Аянчид босоод хөхүүртэй тосоо гоожиж байхыг хараад харамссан боловч тос нь аль хэдийн гоожиж дуусчээ.

Аянчид хөхүүртэй тоснуудаа аваад цааш явахад шувуу асгарсан оливын тосоор нохойн үсийг тослож гялалзуулахад нохой ихэд баярлан

– За шувуухай минь одоо үнэгээ дууд. Харин намайг тулманд хий гэв.

Шувуу нохойг тулманд хийгээд үнэгэнд очиж:

  • Үнэгээ чи хаана байна гэхэд
  • Би энд байна гэв
  • Нааш ир би галуу аваад ирлээ. Тулманд бий чи ойртоод үз гэхэд. Үнэг шуудайтай зүйлийг холоос харж шуудайнд галуунаас өөр амьтан байгааг мэдээд:
  • Чиний галуу чинь ямар том юм бэ? Бас тэгээд дугараг юм гэхэд нохой шуудайнаас харайн гарч үнэг рүү үсрэхэд үнэг зугатаж нохой хойноос нь хөөжээ.

Нохой үнэгийг яг гүйцэхийн даваан дээр үнэг нүхэнд ороход зөвхөн сүүлийг нь тасдан хоцров.

Нохой үнэгний сүүлийг шувуунд авачирч өгөөд:

  • За одоо тариа чинийх болсон. Би үнэгийг дахин үүгээр ирэхийг нь хориглож хэргийг нь тасалсан гэжээ.