Бусад орны үлгэр

Тэнэг баян

Амар мөрний тэнд хоёр хүн суудаг байжээ. Нэгний нэрийг Актанка , нөгөөгийн нэрийг Ли Фу гэдэг юмсанжээ.

Актанка бол загас барьж, шувуу, ан агнах боловч маш ядуу зүдүү суудаг байжээ.

Ли Фу бол будаа гурил ба ямар нэгэн бараа товарыг худалддаг баян хүн бөгөөд өөрийн товарыг Актанкад худалдаж түүний бүх олз ашгийг авдаг байжээ. Ли фу шудрага бус их зальтай, ховдог шунахай хүн бөгөөд түүнд нэгэн зузаан дэвтэр бий ажээ. Энэхүү зузаан дэвтэртээ Актанкаас авсан зүйлүүдийг дутуу хагас тэмдэглээд, харин Актанкад өгсөн зүйлээ нэмэгдүүлэх зэргээр шудрага бус тэмдэглэдэг юмсанжээ. Актанка бичиг үсэг үл мэдэх тул Ли фу-д юу хичнээн өгсөн. Ли фугээс юу хичнээн авснаа тэр бүр мэддэггүй байжээ.

Актанкагийн ан хэдий урагштай сайн болох тутам Ли фу бараагаа төдий чинээ их үнэтэйгээр худалддаг байжээ. Эл учраас Актанкагийн байдал улам хүндэрч өрөө гүйцэд төлж чадахаа больжээ. Актанкагийн гэрт Ли фу ирж:

Чи дэмий битгий хэвтээд бай!

Гөрөөндөө яв гэж зандардаг болов. Актанкаг гөрөөнөөс олз ашиг муутай ирэхэд Ли фу ирж, загасных нь торыг өрөндөө барин авах зэргээр ховдоглон шунахайрах нь хэтрээд улам мангуурчээ.

Актанка бодол бодсоор амь зуух нэгэн аргыг олж хандгайн шөрмөсөөр урхинуудыг хийж,гахайн усанд очдог зам дээр сааль тавив. Нэгэн бодон гахай ус уухаар энэ замаар яваад, Актанкагийн саальд алагдав. Актанка гахайгаа авчраад, махыг нь чанав. Ли фу махны үнэрээр гүйн ирээд, зузаан дэвтрээ хуруугаараа зааж:

– Өрөө өг! гэж дэвслэн хашгирав. Актанка гахайныхаа махыг өгөв. Ли фу энэхүү авсан зүйлдээ сэтгэл ханасангүй харин ч сааль урхи хоёрыг нь бас авав. Актанкагийн эхнэр Аинка өгүүлрүүн:

– Эрхэм Ли фу гуай бид хоёр хэрэгсэлгүйгээр яаж ан агнах юм бэ? гэснийг Ли фу хайхран сонссон ч үгүй, авсан юмаа хамж хормойлоод явчив.

Аинкаг гашуудан уйлахад Актанка,

Эхнэр минь бүү гашууд, яагаад ч гэсэн, аж төрнө дөө гээд тэр удтал бодол бодов. Тэгээд тисс модны мөчрөөр жижиг нум сум хийгээд гөрөөнд явав.

Актанка нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой эр тул шувууг харвах бүрдээ сум тоолон онодог билээ. Ийнхүү зэрлэг шувуу олныг агнаад гэртээ авчрав. Аинка, шувуудыг шарав. Үүнийг ховдог Ли фу үнэрлэн мэдээд, бас л ирж,

– Өрөөг өг! гэв. Актанка энэхүү гүтгэл өрийг төлж гүйцэх цаггүй тул Ли фу Актанкагийн жижиг нум сум агнасан шувуудыг авав. Аинка, аяа бид яаж амьдрах билээ гээд уйлав, Актанка.

– Эхнэр минь бүү уйл, нэгэн сайн арга бодъё гээд шөнө туж бодож хамаг тамхиа бараг татаж дуусав. Өглөө босож эхнэртээ:

– Чи явж давирхай түүж ир! гэхэд Аинка ойд очиж гачуур ба жодоо модноос давирхай түүж ирээд хайлав. Актанка эгц хадны дэргэд очоод, өндөр модны оройд авиран гарч очин тойронд олон шувуу нисэж явахыг харав. Актанка авчирсан давирхайган урт иштэй халбагаар модны оройгоос эхлэн их бие ба гишүүсийг ч үлдээгүй ёсоор хүртэл түрхээд гэртээ харьж унтав. Маргааш өглөө нь эхнэртээ дуудаж

– Аинка! Явж олз хурааж ир! гэв Аинка явж хүрвэл, давирхай түрхсэн өнөөх модонд олон шувуу бүрхэн суужээ. Эдгээр шувууд шөнийн харанхуйд модонд амрахаар сууж наалдаад, салж чадсангүй ажээ. Аинка, наалдсан шувуудыг түүж, гэртээ авчраад үдийн хоол хийж эхлэв. Ли фу махны сайхан үнэрээр нойроос сэрж босон харайгаад, Актанкагийн зүг гэзэг үсээ сагсалзуулан оймс гутлаа шалагнуулаад дээл хувцсаа дэрвэлзүүлэн гүйн ирээд, чанаж байгаа шувууны махыг харж ховдог сэтгэл нь тэсэшгүй хөдөлж гар хөлөө чичрүүлэн зузаан дэвтрээ зааж:

– Өрөө өг! гэхэд Актанка өгүүлрүүн;

– Эрхэм баян минь өгч чадахгүй.

– Тийм бол хэрэгслэлээ өг!

– Над хэрэгслэлгүй билээ. Миний бүх хэрэгслэлийг та цөлмөж дууссан шүү дээ гэхэд Ли фу тогоонд гараа дүрж сурийн махыг шүүрдэн авч хараад нүд нь орой дээрээ гарч, нүүр нь улайгаад, дуугаа хувиргаж:

– Чи тэгээд сурь шувууг яаж агнав, чиний тогоонд өөрөө нисэж оров уу?

– Би модны давирхай түрхэж наалдуулан барив гэхэд Ли фу энэ бол сайн хэрэг, би одоо бүх галуу нугасыг наалдуулан агнаад олз ашиг ихтэй худалдаа хийнэ. Актанкад гурил, будаа өх зэргийг өхгүй гэж шийдээд гэртээ баярлан гүйж харив.

Тэгээд эхнэртэйгээ бүхэн торх дүүрэн давирхай бэлтгээд, уул хүртэл арай чамайг авчрав. Ли фу модны хамгийн дорд талын мөчирт асаж түрхэн түрхсээр, авиран авирсаар модны оройд гарав. Олон шувуу наалдуулахын тул ийнхүү гишүү навч бүрд зузаан зузаан түрхэв.

Эхнэр нь дороос:

– Одоо түргэн буу, шувууд чамаас айж, явчихна байна шүү, харав уу, тэр эгнээ галуу нисэж явна. Эдгээр галууны тос нь голд дусалж байна гэж хашгирахад баян Ли фу сандарч буух гэтэл түрхсэн өнөөх давирхай нь доошлох тутам зузаан тул гар хөл нь ч наалдав. Бүх бие нь наалдав. Гоёмсог сайхан дээл нь ч наалдав. Эхнэр нь:

– Галуу бүр ойрхон ирэв. Ли фу чи бушуу буу гэж тэвдүүлэв. Гэтэл Ли фу хаашаа ч хөдөлж болохгүй яг наалдаад эхнэртээ;

– Бууж чадахгүй нь байна шүү. Шувуу унасан модон дээр сууцгааг, Энэ модыг огтол! гэхэд баяны эхнэр сүхээ шүүрэн авч, байдаг чадлаараа цавчихад гагцхүү зомгол зүг бүр үсэрч байв.

Гэтэл галуу нисч өнгөрөх нь байна шүү, бушуу түргэн гэж Ли фу хашгирав. Эхнэр нь модыг цавчин унагаахад Ли фу тэр модонд няц цохигдон үхэв. Түүнчлэн унасан модноос үсэрсэн нэгэн гишүүнд баяны эхнэр цохигдож давирхайтай торхонд унаад сарвалзан тийчлэхэд нь торх нь бөмбөрч голын усанд живэв. Актанка, Ли фуд булаагдсан нум, сум сааль урхи, бас бусад зүйлүүдээ Ли фугийн байшингаас авав.

Тэгээд Актанка ан, гөрөө, загас агнаж, аж төрөх болов. Тийнхүү Актанкагийн агнуурын олз ашгийг булаан авах хүнгүй болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *