Яруу найраг

РОБИН ГУДЫН ТУХАЙ ДУУЛЬ

Та нар намайг мэдэхгүй ч
Таныг би танихгүй ч
Галын дэргэд сууцгааж
Гайхамшигт дуулийг сонсоно уу.

Ард олны дунд
Алдар нэр мөнхөжсөн
Робин Гуд баатрын
Омогт үйлсийг тоочъё.

Сахал ургаагүй боловч
Сайн харваач болсон гэнэ.
Хамгийн мэргэн харваачид
Хаана нь ч үгүй байж гэнэ.

Харийн дайсан довтолж
Хамаг орныг нь шатаажээ.
Шилдэг нөхөдтэйгөө Робин Гуд
Ширвийн ойд оржээ.

Хоёр нь зургаагийн дайтай
Холч мэргэн чадалтай
Сэлэм жаданд авьяастай
Сэргэлэн хөвүүд байжээ.

Бага Жон нэртэй
Баатар дархан байж
Гурван бөхийг үүрдэг
Гунагар эр юм санж.

Омогт тэр залуус
Ойн зөргийг харуулдаж
Ойворгон баяны мөнгийг
Олзлон авдаг байжээ.

Хутагт лам нарыг тоодоггүй.
Хувилгаан бурханд итгэдэггүй
Домогт баатар Робин Гуд
Догшин зантай байжээ.

Галыг тойрон сууцгааж
Гайхамшигт дуулийг сонсоно уу.
Хаад түшмэдэд дарлагдсан
Харц ядуу хүнийг

Харанхуй ой модондоо
Халамжлан угтдаг байжээ.
Өнгүй жилийн эрхэнд
Өлссөн олонд тусалдаг.

Өнчирч зовсон хүнд
Өмөг түшиг нь болдог.
Харц ядуу хүнд
Халамж хайртай байжээ.

Гамшиг зовлонт хүнд
Гар хүрдэггүй байжээ.
Та нар намайг мэдэхгүй ч
Таныг би танихгүй ч

РОБИН ГУД БА БЭЛЭВСЭН ЭХ

Жилд арван хоёр сар
Жинхэнэ ёсоороо өнгөрдөг
Хаврын тавдугаар сар
Хамгийн баясгалантай сар.

Робин Гуд тэгэхэд
Ойн дундаас гарчээ.
Бэрх зовлонд нэрвэгдсэн
Бэлэвсэн эхийг үзжээ.

Үүгээр сонин юутай вэ гэж
Эхээс тэр асуужээ.
— Өнөөдөр гурван хүүг минь
Өлгөн алах боллоо.

— Ямар хууль зөрчөөд
Ялд орсон хэрэг вэ?
Бурхны сүмийг шатаав уу?
Бусдын эхнэр хулгайлав уу ?

— Хааны хууль хатуу
Хаанаас тэгэх вэ дээ.
Бурхны сүм шатаагаагүй
Бусдын эхнэр хулгайлаагүй

— Яалаа гэж тэдэнд
Ял тулгав гэвэл?
— Робин Гуд чамтай хамт
Ойн дотор гөрөөлсөн гэж

— Эх минь та тэгвэл
Эрт уйлж байна даа
Өрсөж намайг ирээгүй бол
Үүрд өнгөрөх байжээ.

Робин Гуд тэндээс
Нотингем хотыг чиглэжээ.
Оронгүй гуйлгачны шинжтэй
Ноорхой өвгөн тааралджээ.

— Үүгээр сонин юутай вэ гэж
Өвгөнөөс тэр асуужээ.
Ах дүү гурвыг
Алж цаазлах сурагтай.

— Өвгөн ах минь та
Өмссөн хувцсаа аль
Халаасан дахь мөнгөтэй нь хамт
Хамаг хувцсыг минь ав!

— Чиний хувцас сайхан
Миний хувцас ноорхой
Дорой өвгөн намайг
Дооглож шоолох хэрэггүй.

— Тайлаад нааш нь өг!
Тааруулаад би өмсье.
Хорин алтан зоос өгье
Ходоод гэдсээ тэжээгээрэй.

Робин Гуд тэгээд
Өвгөний хувцсыг өмсөв.
Тоорцог малгай нь багадаад
Тогтож ядан байв.

Өвдөг цоорхой өмд
Өсгий нь майжгий гутал
Далан нөхөөс болсон
Далбагар цувыг нь өмсөв.

Өгөр ийм хувцаснаас
Өр нэхэхгүй гэлээ.
Уранхайгаар нь угтавч
Ухаанаар нь үддэг гэлээ.

Хагархай цуваар нь халхалж
Харуул манааг өнгөртөл
Хотын их чөлөөнд
Хааны түшмэл дайралдав.

— Бурхан таныг авартугай
Буруу номтон сөнөтүгэй
Хааны алуурчин болбол
Хайр шан юутай вэ?

— Халаас дүүрэн алттай.
Хамба хилэн өмд, гэж
Хааны их түшмэл
Хариу болгон өчив.

Робин Гуд тэгвэл
Омголон морио ташуурдав.
— Буга согоо шиг давхидаг
Бузгай өвгөн бэ, гэхэд нь

— Би чамд туслахгүй
Биеэ барьж өгөхгүй
Хааны бүх алуурчинд
Хараал хүрч үхэг!

— Талх мах аваачих
Таар шуудай над бий
Энэ жижигхэн шуудайд
Эвэр бүрээ бас бий.

Миний бүрээ дуугарвал
Мэнд чи өнгөрөхгүй
Ойн иргэд ч дуулна.
Робин Гуд ч мэднэ.

— Аянга цахилгаан буулгадаг
Айхавтар эр байх нь ээ.
Нүдээ бүлтэртэл бүрээд гэж
Нөгөө түшмэл хариулав.

Эвэр бүрээ тэгвэл
Энгүй сайхан дуугарав.
Ойрын толгод дээгүүр
Олон морьтон үзэгдэв.

Бүрээ дахин дуугарахад
Бүрхэг тэнгэр цэлмэв.
Тавин сайн харваачид
Талын замаар айсуй.

— Хаанаас тэд ирэв гэж
Хааны түшмэл асуув.
Очоод өөрөө угт гэж
Робин Гуд хэлэв.

Гурван дүүжлүүр бэлдээд
Гуринхалж байсан түшмэл
Өршөөлт энэ өдөр
Өөрөө нэгэнд дүүжлэгдэв.

РОБИН ГУД БА ТЭНХЭЭТ ЛАМ

Зуны сайхан цагт
Зулзаган модны төгөлд
Харваачид цугаараа цуглаж
Хавтай наадам эхлэв.

Шийдэм барьж тулалдаж
Сэлэм жадаа зөрүүлэв.
— Ай даа мөн тэнхээтэй гэж
Робин нөхдөө магтав.

Эрэлхэг Вилл тэгэхэд нь
Элгээ хөштөл инээж
— Робин минь бүү яар
Ондоо хүчтэн бас бий.

Голын цаадах сүмд
Горьгүй тэнхээтэй лам бий
Ганц гараараа хэнийг маань ч
Газар савах бяртай!

Үүнийг сонсоод Робин Гуд
Үг алдан тангараглав.
Идэрхэг ламыг олохоос нааш
Идэх ч үгүй, уух ч үгүй гэв.

Саадаг нумаа авч.
Сайн мориндоо мордоод
Хөө хуягаа орхиж
Хөдөө тийшээ давхив.

Ушийн сайн гарамтай
Усан дээр ирэхэд
Намхан биетэй лам
Наашилж явааг үзэв.

Хүнд бамбай барьж
Хүрэл дуулга гялалзуулж
Болоо ч үгүй бас
Богино сэлэм зүүжээ.

Робин Гуд бууж
Омголон морио уяад
— Намайг үүрээд гатал гэж
Намхан ламд хэлэв.

Лам Робиныг үүрэв.
(Лаглагар ч эр юм санж)
Ганц ч үг хэлэлгүй
Гармаар гатлаад гарав.

Робин Гудыг буутал
Одоо чиний ээлж
Намайг үүрээд буц гэж
Намхан лам хэлэв.

Ламыг Робин үүрэв
(Лаглагар ч эр юм санж)
Мөрөн дээрээ тээсээр
Мөнөөхөн гармаар гатлав.

Робин, ламын буунгуут
— Одоо чиний ээлж
Дахиад намайг гарга гэж
Давтан шаардаж хэлэв.

Робин, ламыг үүрээд
Гармаар дахин буцав.
Усны дунд хүрээд
Гайхмаар гэнэт зогсов.

Одоо яах нь вэ? гэтэл
Робиныг ус уруу шидэв
— Харваач минь чи ингээд
Хахаж цацаж бай гэв.

Сэлж самарсаар Робин
Сэргэлэн дэнж дээр гарав.
Хөнгөн нумаа авч

Хөвчийг нь татаж үзэв.

Урт нумаа онилж
Улаан халз харвав.
Бардам лам түүнийг нь
Бамбайгаараа хааж амжив.

— Хажуугаар нь онилдог мэргэн минь
Харваад бай. Харваад бай
Нар жаргатал харвасан ч
Намайг чи онохгүй!

Байдаг бүх сумыг нь
Бамбайгаараа хааж унагав.
Сүүлд нь тэд тэгээд
Сэлмээ барьж тулалдав.

Байдаг хүчээ шавхаж
Зургаан цаг цавчилдав
Баатар Робин туйлдаад
Зулай даран сөгдөв.

Эцэж туйлдаж гүйцлээ
Эрэлхэг лам минь хүлээзнэ.
Эвэр бүрээгээ татах
Агшин надад олго!

— Зөрүүд амьтан гэдэг
Зүсээрээ чи мөн байна
Гэмгүй яах вэ бүрээд
Гэдсээ хагартал ч бүрээд

Робин гурав бүрээдэхэд
Олон нөхөд нь сонсов.
Тавин сайн харваачид
Талаар давхин айсуй.

— Ямар хүний харваачид
Яаран ирэх нь энэ вэ?
«Зовоод яах вэ минийх» гэж
Зоригт Робин хариулав.

— Эрэлхэг харваач минь өршөө
Этгээд дайсан би биш
Гар дотроо исгэрэх
Ганцхан мөчийг олго!

— Исгэр исгэр яах вэ.
Инээдэмтэй хэрэг байна даа.
Исгэрч явдаг ламыг
Өдий болтол үзээгүй.

Лам гурав исгэрэхэд
Хол гэгч нь цуурайтав
Тавин зуудаг нохой
Талаар давхин айсуй.

— «Чамайг би дөнгөнө
Цаадуулыг ноход дийлнэ» гэхэд
— Одоо тэгвэл алалдаад яах вэ гэж
Робин Гуд хариултал

Зуудаг хоёр нохой
Зулга дайраад ирэв.
Бусад олон ноход
Бууж гүйж ирэв.

Хавтай сайн харваачид
Хамаг сумаа тавивч
Айхавтар тэр ноход
Амаараа шүүрээд авна.

Алдарт дархан Жон ч
Арван сум тавив
Аянгад ниргүүлсэн юм шиг
Арван нохой унав.

— Харваач минь байзна
Хавтай наадмаа дуусгая
Салам зодолдохоо больж
Сайн ёсоор уулзъя.

Тагш дарсны төлөө
Та бид тулалдсангүй
Анхны биш дайснаас
Анд нөхрөө андсангүй.

Тэр цагаас хойш
Тэртээ нэг сүмд
Тэмцэгч Робины анд
Тэнхээт лам амьдарсаар.

РОБИН ГУД БА АЛЛАНЫ Э-ДЕЙЛ

Робин зугаацаар яваад
Ойн сүүдэрт амрав.
Үүлгүй өдөр шиг сайхан
Үзэсгэлэнт хүнтэй учрав.

Улаан өнгийн нөмрөг нь
Ургах нарны туяатай
Уянгатай сайхан дуулах нь
Уул талаар цуурайтай.

Маргааш нь бас Робин Гуд
Магадлах санаатай ирэв.
Хөхиүн зантай нөгөө хүн
Хөдөө хээр явж байв.

Алтан хээтэй нөмрөг нь
Алга болсон байлаа.
Ай халаг Аллан минь гэж
Амандаа үглэж явлаа.

Ой модны сүүдэрт
Робин Гуд угтаж
— Миний харваачдад өгмөөр
Мөнгө зоос байна уу? гэв.

— Дөрвөн мөнгөн зоос
Дөрөөн сийлбэртэй бөгж бий
Харин тэр бөгжийг
Хайртынхаа хуруунд зүүх сэн.

Ганц биш найман жил
Ганьхарч түүнийг хүлээлээ.
Тэгтэл түүнийг хөгшин рыцарь
Тэнгэрийн сүмд аваачаад байна.

— Алдар нэр хэн бэ? гэж
Робин түүнээс асуув.
— Аллан нэртэй Э-Дейл хочтой
Амьтан цөмөөрөө мэднэ гэв.

— Аллан минь хэлээч хөө
Амраг бүсгүй чинь хаа байна?
— Та бидний эндээс
Тавхан бээр ч хүрэхгүй.

Робин Гуд гүйсээр
Ороод ирэв сүмд
Гэгээн тэнгэрийн сүмд
Гэрлэх ёслол эхлээгүй байв.

— Шинээр хэн ирэв гэж
Ширээт лам асуув.
— Умрын орны дуучин гэж
Угтад Робин хариулав.

— Дууч минь ороод ир
Дуу хөгжимд дуртай би
— Гэмгүй би урьдаар
Гэрлэх хоёрыг үзье

Бавгар сахал нь бууралтсан
Баян дээд ноёнтой
Гуа сайхан бүсгүй
Гунигтай ороод ирэв.

— Одоо тэгээд яах вэ
Овоо сайхан бэр байна.
Өр зүрхнийхээ ханийг
Өөрөө сонгож олог гээд

Робин бүрээгээ авч
Огцом гурав бүрээдэв.
Хорин таван харваачид
Хоромхон зуур үзэгдэв.

Сүмийн дүлий танхимд
Сүрлэг байдлаар жагсав.
Урт нум бариад
Урд нь Аллан зогсов

— Аллан чи энэ охинд
Амраг хайртай гэсэн
Олон таван үггүй
Одоо та хоёр гэрлэнэ гэв.

Шийдвэрлэх хүн нь би гэж
Ширээт лам аашлав
Айл гэр болох үгүйг
Ахиад гурав асууна гэв.

Бага Жон тэгтэл
Баринтгийг нь тайлаад өмсчхөв
Онгироо ширээтийг огцруулъя гэж
Робин Гуд наргив.

Бага Жон ламтаж
Байсан улс хөхрөлдөв.
Бурхны номыг буруутгавч
Буянт хоёрыг гэрлүүлэв.

Гэрлэх ёслол төгсөж
Гэртээ олноор харьцгаав.
Робин Гудын харваачид
Ой модондоо буцав.
РОБИН ГУД БА ХОРОН САНААТ ЛАМ

Оготор таяг тулаад
Ойгоос Робин гарав.
Шуугиант хот Натингемд
Шуудхан яваад хүрэв.

Хонхны чимээ дүнгэнэх
Хотын сүмд очив.
Ард олон танивч
Анир чимээгүй байв.

Олны дунд байсан
Ороолон зантай лам
Робин Гудыг таниад
Огт чимээгүй гулрав.

Хормойгоо гишгэн гүйсээр
Хотын хаалганд очив.
Тун сайн бэхлүүлж
Том цоож өлгүүлэв.

— Хааны их түшмэл минь
Хангинуур илдээ бариач
Хартан муу Робиныг
Харуулдаж хааж амжлаа.

Олдож өгдөггүй Робиныг
Одоо л нэг дөнгөлөө.
Зуугаад алтан зоосыг минь
Булаагаад авсан удаатай

Данхан толгойт түшмэл
Далдын замаар гарав.
Дайтах цэргийн харваачид
Дагаад хойноос нь явав.

Дүнсгэр сүмийг бүсэлж
Дөрвөн талаас нь дайрав.
Бага Жон байсан бол гэж
Баатар Робин үгүйлэв.

Хоёр гарын илдээ
Хойно урдаа эргүүлж
Дүлий сүмийг дүргүүлж
Дөтөлсөн бүхнийг хяргав.

Гуринхалж дайрсан дайсныг
Гурван удаа няцаав.
Арван хоёр харваачин
Алдлан унаад хоцров.

Хааны түшмэлийн дуулганд
Хатаж илд нь хугарав
— Хатааж чаддаггүй дарханд
Хараал хүрэх болтугай!

Бүрэн зэвсэгтний өөдөөс
Бэлтэй гараар яах вэ.
Хурц илдийн өөдөөс
Хугархай сэлмээр яах вэ.

Харваачид сүмийг эзэлж
Хашаа дотор нь дүүрч
Орон тахилын таваан дээр
Робин Гудыг хүлэв.

Баглагар модны мөчирт
Бага Жон нуугдаж байв.
Аглагийн шувуудын жиргээн дунд
Алсын төвөргөөн сонстов.

Моддын дундах замаар
Морин төвөргөөн ойртсоор
Хагас татанхай лам
Хатируулсаар гараад ирэв.

— Ямар сонинтой явна вэ?
Яагаад ингэж яараа вэ?
— Эзэн хааны бичгийг
Их түшмэлд нь хүргэнэ.

— Нотингем хотод хүрэх
Ойрхон замыг мэднэ.
Хутагт эцэг таныг
Хурдан хүргээд өгье.

Робин гэдэг дээрэмчин
Ойн модоор тэнэж бий.
Ганцаар таныг дайралдвал
Гамнахгүй л алж орхино вий.

Бага Жон ламтай
Базааж хол явсангүй
Мөрөн дээрээс нь шүүрч
Морин дээрээс нь унагав.

Татанхай лам уйлж
Тааллын уншлага уншив.
Хааны бичигтэй Жон
Нотингем хот руу давхив.

Хотын их хаалга
Хосгүй сайн түгжээстэй
Түлхүүр барьсан хаалгач
Түүний хажууд зүүрмэглэнэ.

— Дайсан довтолсон хэрэг үү? гэж
Дархан Жон асуув.
— Өнөө өглөө Робиныг
Өгөр гянданд хорьсон гэв.

Элчийг түшмэл угтаж
Элдэв дарсаар дайлав.
Тоогүй өөрөө согтоод
Толгой ганзагалан хурхирав.

Харанхуй шөнө болж
Хамаг бүгдээр унтахад
Бага Жон зэвсэглээд
Балай гянданд очив.

Хаалга үүдийг тогштол
Харуул гараад ирэв.
Харин түүнийг Жон
Хананд хадаж орхив.

— Бардам үүнийг дөнгөнө гэж
Бага Жон хэлээд
Робин Гудыг олж
Олс хүлээсийг огтлов.

Үүр цайхаас өмнөхөн
Өглөөний түгшүүрт нам гүмд
Хотын хэрмийг давж
Хоёул давхин одов.

Таван жингийн үеэр
Тахиа шувуу донгодоход
Харваачид харуулыг олж
Харанга дэлдэн түгшүүлэв.

Хааны түшмэл сэрж
Хашхиран бархиран давхив.
Робин Жон хоёр маань
Ой модондоо очсон байв.
РОБИН ГУД АЛТ ХУВААСАН НЬ

Далайн булан скарбород
Далдуур ирэв Робин Гуд.
Онгоцчийн бэлэвсэн авгайнд
Орогнож суух болов.

Хаанахын хэн болохыг
Гэрийн эзэгтэй асуувал
— Ядуу загасчин Симон гэж
Яаралгүй тайван хариулав.

— Эр чадалтай загасчныг
Эртнээс би эрсэн юм сан
Хөлөг онгоц маань сайн
Хөлс харамжаар гомдоохгүй.

Тэнгис далайд загасчид
Тэмдэг тавин егүүтгэв.
Дэргэд нь Симон тусалсан ч
Дэгээг нь нугалж чадсангүй.

Хогийн тэнэг амьтан бэ? гэж
Хөлгийн ахмад уурлав.
Олзоо хуваахын цагт
Оргүй хөөнө гэж аашлав.

Дараачийн өдөр Симон
Далбаат шурагт авираад
Хөндөлдөн угтаж ирэх
Хөлгийн бараа харав.

— Баларсан хэрэг болох нь
Барьсан загасаа ч байтугай
Өөрсдийн толгойг алдах нь гэж
Өнөө ахмад бачимдав.

Дарвуулт хөлгийн маань хойноос
Дээрэмчид хөөж ирлээ.
Гэртээ харьж ч чадалгүй
Гэнэдэж мөхөх боллоо.

— Балмагдаж бүү айгтун!
Бачимдаж бүү шуугигтун!
Нум сум өгөөд
Нуугдацгаа гэлээ Симон

— Байрандаа чимээгүй бай гэж
Бардам ахмад зандрав.
Ам хэлээ татахгүй бол чинь
Аваад далайд хаяна гэв.

Тэгэхэд нь Симон хилэгнэж
Тэртээ шурагт авираад
Мэнгэ алдахгүй харвадаг
Мэргэн нумаа онилов.

— Онгоц долгионд тонгочоод
Онож харвахад бэрх байна.
Шурагт намайг хүл гэж
Шуудхан ахмадад тушаав.

Сэргэг нүдээ онилгон
Симон нумаа татав.
Зэрлэг дээрэмчний зүрхэнд
Зэвт сум тусав.

Өнөө дээрэмчин унангуут
Өөр нэг нь үзэгдэв.
Дагзаа хага харвуулаад
Далай дотор ойчив.

— Дэрвүүлээ цөмийг хийсгэж
Дээрэмчдийн хойноос мөрдье.
Ахмадаа та бушуухан
Аргамж хүлээсийг минь тайлаарай.

Дээрэмчний хөлөг онгоцны
Дэргэд нь очиж буув.
Алагдсан дээрэмчдийн хүүр
Авдар авдраар алт байв.

— Өөрт ногдох хувиа
Өлсгөлөн ядууст хуваана.
Үлдэх бусад хувийг нь
Өөрсдөө та нар авцгаа.

— Арай ч тэгж болохгүй
Алтны эзэн нь чи мөн
Арвыг ганцаараа дийлсэн гэж
Аврагдсан ахмад хэлэв.

— Тэгвэл одоо яах вэ
Тэр ёсоор болог
Барлаг ядууст хуваана гэж
Баатар Робин хариулав.
РОБИН ГУД БУРХАНД МӨРГӨСӨН НЬ

Дур хүсэл байвал
Дуулийг цааш нь сонсоорой
Хувьтай манай Робин
Хутагтын хувцсыг өмсөж гэнэ.

Хар нөмрөг нөмрөөд
Хадмал загалмай зүүгээд
Хуван эрих бариад
Холын замд гарчээ.

Нэгэн бээр явтал
Нэлэнхий ойн дунд
Хазаарт морь унасан
Хоёр ламтай уулзав.

— Христос бурхнаас заяатай
Хэн хэндээ садан билээ.
Тэнүүлч гуйлгачинд тусалбал
Тэнгэрт таалагдах тавилантай.

Өглөөнөөс өнөө хүртэл
Өлөн хоосон явна.
Тагш дарс ч уусангүй
Талхны хэлтэрхий ч олсонгүй.

— Саднаас юугаа харамлах вэ гэж
Сайх лам нар хэлэв.
Гэсэн ч Робинд дээрэмдүүлээд
Гэдэс хоосон явна гэв.

— Хүзүүндээ загалмайтай мөртөө
Худлаа чалчдаг хутагт нараа
Түрийвч халаасыг чинь нэгжиж
Түргэхэн туслахаас биш дээ.

Хоёр хутагт айж
Хойшоо зугтаахыг завдтал
Харайж очоод Робин Гуд
Хазаар ногтноос нь шүүрэв.

Өнөө хоёрыг унагаад
Өшигчиж жанчиж гарав.
— Ядуусыг битгий зовоо гэж
Яншиж гуйв нөгөөдүүл.

— Ядуу хоосон гэнэ үү
Яасан сонин хэрэг вэ.
Тэгвэл гурвуул мөргөе
Тэнгэрээс мөнгө гуйя.

Хоёр хутагт сөгдөж
Хоолой нийлүүлэн мөргөсөн нь
— Авралт өндөр тэнгэр минь
Алт мөнгө хайрлаач.

Аймхай хоёр хутагт
Аврал эрин гуншгинав.
Эрэлхэг Робин тохуурхаж
Элгээ хөштөл инээв.

— Садан хоёр ядуус минь
Саатаж жаахан хүлээ.
Түрийвч халаасаа нээцгээ
Тэнгэрийн хишгийг үзье гэв.

Эзэн тэнгэрийн ид шид
Ингэтэл илэрхий боллоо.
Өнгөт алтан зооснууд
Өвс ногоон дээр унав.

— Ай даа тэгэх ёстой
Ашиг олз энэ мөн
Хутагт эцэг та нар минь
Хуурмаггүй мөргөсөн хэрэг дээ.

— Та нарын аз боллоо.
Тавь тавийг авцгаа гэхэд
Санаа алдан уухилсаар
Сайх лам нар босов.

Холдон явах болов гэж
Хоёр хутагт бодов.
— Яриа бас дуусаагүй гэж
Робин тэдэнд хэлэв.

Хуурцагт орох хүртлээ.
Худлаа хэлэхгүй гэдгийг чинь
Ариун загалмайн өмнө
Андгай тангараг авна.

Хүний ядуутай уулзвал
Хүлэг мориноосоо бууж
Өөрсдийн болоод миний өмнөөс
Өглөг мөнгө өгч яв гээд

Морьдыг нь тэдэнд авчирч
Мордуулж бас өгөв.
Харин өөрөө ойн дунд
Харгуй замыг харуулдав.
РОБИН ГУД ВИЛЛ СТАТЛИЙГ ЧӨЛӨӨЛСӨН НЬ

Аглаг битүү ойдоо
Айван тайван байтал
Ширвүүдийн ойн модонд
Шинжгүй мэдээ ирэв.

Вилл Статли хүлэгдэн
Битүү цайзнаа хоригджээ.
Гэгээн цагаан өдөр
Гэнэдүүлж түүнийг баривчилжээ.

Хааны хоёр харваачийн
Хар толгойг хагалсан ч
Маргааш өглөө үүрээр
Махир модонд дүүжлэгдэнэ.

Золбоот Вилл баригдсаныг
Зоригт Робин сонсоод
Эрэлхэг харваачдаа дуудан
Энэ тухай зарлав.

Цаазын газрын түшмэл
Цагдах цэргээр бүсэлсэн ч
Виллийг заавал аварна гэж
Бүгдээр тэд тангараглав.

Одот улаан нөмрөгөө
Робин Гуд нөмрөв.
Ойн өнгөт хувцсаа
Олон нөхөд нь өмсөв.

Харваачдаа далдуур авчирч
Хар цайзыг бүслээд
Аллан түрүүлж яваг
Ард нь бид хүлээе.

Өндөр цамхгийн хаалгаар
Өвгөн бадарч үзэгдэв.
Аллан чи угтаад оч
Асууж ярьж үз гэв.

Аллан очиж мэндлээд
Ам зөрөн асуусан нь:
— Амгалан дүрийн ах минь
Алсаас та ирэв үү?

Хааны их түшмэл
Хавтай залууг барьж гэнэ.
Яах гэж байгааг
Ярьж хэлэлцэж байна уу?

Мөхөх цаг нь тулсан гэж
Мөнөөх өвгөн өчив.
Мандах нарнаас өмнөхөн
Махир модонд дүүжлэгдэнэ

Аллан тэндээс буцаж
Арынхандаа ирэх үес
Цагдаад туугдсан Вилл
Цайзын хаалгаар гарав.

Янгинатал хүлүүлсэн Вилл
Ядарч туйлдсан янзтай
Уул талыг ширтэж
Уртаар сүүрс алдаад

— Өршөөлт их түшмэл минь
Өчүүхэн зүйлийг хүсье
Махир модонд санжганах нь
Магад над таарахгүй.

Гарын хүлээсийг тайлж
Ган илд бариулаач.
Эр чадлаараа тулалдаад
Эрсдэн унахад гомдолгүй.

Хааны түшмэл уцаарлаж
Харуул манааг яаруулав.
Вилл чамайг сөнөөх
Битүү гогцоо бэлэн гэв.

— Гарын хүлээсийг тайлаач
Ган сэлэм барилгүй
Улаан гараараа үзэлцье гэж
Учирлан гуйв Вилл.

— Түрүүнд нь чи дүүжлүүл гэж
Түшмэл түүнийг даажигнав.
Робин Гуд дайралдсан бол
Олсонд бас л оосорлоно гэв.

Дөрвөн талаасаа харуултай
Дүүжлүүрт Виллийг иртэл
Байрлаж нуугдсан газраасаа
Бага Жон үзэгдэв.

— Манай Вилл диваажинд
Намайг орхиод одох нь ээ
Өндөр тушаалт түшмэл минь
Өөдгүй хэрэг болох нь ээ.

— Танхай энэ эрийг
Танина гэдгээ тангараглая.
Өнөө даруйхан бариад
Өөрийн шоронд явуулъя!

Ганцхан үсрээд Жон
Гайт олсыг огтлов.
Хажуу дах нэгэн эрийн
Хангинуур мэсийг булаав.

Жон, Вилл хоёр
Дороо нийлэн тулалдав.
Робин Гуд ч тэндээс
Одоо яаран ирэв.

Хурц сум исгэрч
Хувхай модонд зоогдов.
— Ай эндээс зайлъя гэж
Айсан түшмэл хашхирав

Тэгээд мориндоо мордож
Тэнхээ мэдэн давирав.
Харваачид нь дагаж
Хар хурдаараа зугтав.

— Робиныг барих хүн
Ондоо баймаар юм даа.
Ардгийнхаа хөлийг хугалав гэж
Араас нь Вилл хашхирав.

Зоригт Вилл ингэж
Золгүй үхлээс аврагдав.
— Намайг яаж аварсныг чинь
Насан турш мартахгүй.

Түмэн шувуудын жиргээнд
Түргэн нумын хөвчрөөнд
Энэ сайхан ойдоо
Эрх дураараа явъя гэв.
РОБИН ГУД БА ШИРЭЭТ ЛАМ ГЕРФОРД

Ширээт лам Герфорд
Ширвүүдийн ойгоор өнгөрөв.
Робин Гуд хэдүүлээ
Отож угтахаар болов.

— Тал засах ч юмгүй
Тарган буга унагая
Зоог түүнд барьж
Золиос юуг нь харъя гэв.

Гулгуун түүдэг асааж
Гунан буга шарж
Түүнийгээ тойроод зургуул
Тэнхээ мэдэн бүжиглэв.

Тийчилж юунд шуугив гэж
Тэднээс ширээт асуув.
Хангал бугыг алах
Хааны зөвшөөрөл бий юу гэв.

— Жил тойрон хонь хариулдаг
Жилдээ нэг ууж иддэг
Жишээ нь ингэж бүжиглэцгээн
Жинхэнэ ёсоор наргидаг.

— Шижигнэсэн залуус байна гэж
Ширээт лам хэлэв.
Хар гинжээр холбоод
Хаан та нарыг аваачна гэв.

— Хайрлаач! Өршөөгөөч!
Хаа боловч тэгдэг та
Одоо бас хэлтрүүлээч гэж
Робин Гуд халаглав.

— Хайрлахгүй, өршөөхгүй
Харин чамайг дүүжилнэ.
Хавтай наргианч чи минь
Хааныг цэнгүүлэх болж дээ.

Тэгтэл Робин ингэж
Тэрсхэн омогтой зогсоод
Үүлэн ноорхой нөмрөгөөсөө
Үлээвэр бүрээгээ гаргав.

Уран бүрээгээ өргөж
Уянгатай уртаар татахад
Тавиад сайн харваачин нь
Тал талаас цуглав.

— Өршөөгөөч! Хайрлаач гэж
Өнөөх ширээт гиншгэнэв.
Ингэнэ гэж мэдсэн бол
Ийшээ юунд ирэх вэ гэв.

— Хайрлахгүй,өршөөхгүй гэж
Хариуд нь Робин хэлэв.
Үнэн хүндэт ширээт та
Үдийн зоог барина уу гэв.

Хорлонт тэр ширээтийг
Хоёр гараас нь барьж
Хатуу хар дарс
Хахаж цацтал нь цутгав.

— Үнийг нь төлж чадахгүй нь гэж
Өнөөх ширээт сандрахад
— Байзнаарай би тооцно гэж
Бага Жон инээгээд

Аяны нөмрөгөө дэвсээд
Ариун хутагтын нэр барьж
Аанай хутагтын халааснаас
Алт мөнгийг асгажээ.

Харваачид тэгээд явахдаа
Хамаг бүрээгээ дуугаргаж
Айж сандарсан ширээтээр
Албадан бүжиг хийлгэв.
РОБИН ГУД БА АЛТАН СУМ

Улсын их түшмэлийн
Унтах нойр нь хулжжээ.
Робин Гудаас болоод
Огтхон ч амрахаа больжээ.

Тэргүүн нийслэл Лондоноо
Тэнгэрлэг хаандаа бараалхаж
Өвдөг юугаа сөгдөж
Өчиг бүхнээ мэдүүлэв.

Төрийн эрхийг алдвал
Түшмэл байсны хэрэггүй
Харж суулгүй дайр гэж
Хаантан зарлиг буулгав.

Уран мэх хэрэглэж
Урих торонд оруул
Тэгээд нааш нь авчир
Түүнийг би цаазална гэв

Робин Гудыг яасхийж
Олж дуусгах аргаа
Нотингем хүрэх замдаа
Номчирхон бодож явав.

Албаны буухиа элч нарыг
Арван зүгт мордуулав.
Хамгийн сайн харваачдыг
Хамж авчрахаар зарлуулав.

Барааны хол газраас
Байг оносон мэргэн
Алтан зэвтэй сум
Авах болно гэжээ.

Олзтой энэ зарыг
Олж сонсоод Робин
Хатан нумаа бэлдэцгээ гэж
Харваач нөхдөдөө хэлэв.

Бардамхан тийшээ очъё гэж
Бага Жон хэлэв гэнэ.
Бас тэгэхдээ танигдахааргүй
Бараа зүсээ хувилгая гэв.

Ойн өнгөт хувцсаа
Ондоо хувцсаар сольё.
Олон янзын хувцас
Олж өмсөөд очъё.

Өнгө өнгийн нөмрөг
Өмсөж аваад очъё.
Олны дунд нуугдахаар
Олж хэн ч танихгүй гэв.

Омогт манай харваачид
Ой модноосоо гарав.
Хааны харваачдыг ялна гэж
Ханхар зоригтой явав.

Гаргуун шуугиант Нотингемд
Ганц ганцаараа очив.
Цагаас өмнө танигдахгүй гэж
Цагдаж сэргэмжилж явав.

Санаа муут түшмэл
Саравчлан саравчлан харавч
Гайтай түйтэй харваачдаас
Ганцыг ч олж таньсангүй.

Хөх шар нөмрөгтөн
Хөвчилж мэргэн харвавч
Улаан нөмрөгтэй харваач
Улс амьтныг гайхуулав.

Улаан нөмрөгт харваач
Робин Гуд маань байлаа.
Түүний мэргэн харвахыг
Түрүүлж хэн ч чадсангүй.

Наян алд газраас
Нарийхан мөчир онож
Алтан зэвтэй сумыг
Аргагүй авах болов.

Алдарт мэргэнийг харах гэж
Амьтан хүн цугларахад
Сэрэмжит манай харваачид
Сэмхэн зайлж одов.

Сэргэлэн ойдоо цугларч
Сэрүүн сүүдэрт сууцгааж
Саяын болсон явдлыг
Санан санан ярилцав.

Эр чадлаа сорино гэдэг
Ийм л гэлээ Робин Гуд
Алтан сумыг хэн авсныг
Аанай түшмэл мэдэхгүй нь гэлээ.

Захиа түүнд илгээе гэж
Жаал Жон сануулав.
Элчээр түүнийг явуулахгүй
Тэнгэрээр нисгэе гэлээ

Өдөт сумандаа уяад
Өндөрт гартал харвана би
Тэнгэрээс тэр буухдаа
Түшмэлийн өмнө унана гэв.

Уул захидал нисээд
Урагшгүй түшмэлд ирэхэд
Уур хилэндээ болж
Ухаан алдах дөхжээ.
РОБИН ГУД, ЭМГЭН, ШИРЭЭТ ГУРАВ

Хаврын өглөө Робин гуд
Харгуй замд явж байтал
Шилдэг зарц нараа дагуулсан
Ширээт ламтай дайралдав.

— Гайтай юм байх гэж
Гарцаагүй баригдах боллоо.
Тоогүй энэ ширээт
Тохиолдсон модонд дүүжилнэ.

Робин тэгээд зугтаатал
Оромж овоохой үзэгдэв.
Ээрүүл барьсан эмгэн
Үүдэнд нь сууж харагдав.

— Аль орох нь вэ хүү минь
Алдар нэр хэн бэ?
— Ширвүүдийн ойд нутагладаг
Шидэт Робин би байна.

Шилийн модонд мөчөөрхсөн
Ширээт лам мөрдөж явна.
Аль чадахаараа тусална уу.
Аль эсвэл би явах уу?

Үнэхээр чи Робин бол
Үгүй гэх аргагүй
Үгүйрч хоосорсон боловч
Үнэн зүрхнээсээ тусална.

Өлсгөлөн зовлонгийн жил
Өмсөх идэхийг залгуулсан
Даяар цуутай чамайгаа
Дайсны гараас аварна.

— Ээрүүлээ орхи эгч минь
Энүүхэн хувцсаа над аль
Нуга ногоон хувцсыг минь
Нум сумтай минь ав.

Робин хувцсаа солиод
Овоохойн босгыг алхаж
Олон дайсан дундуур
Ой модондоо одов.

Омголон морьтой ширээт
Овоохойд тулж ирээд
Робиныг барьж аваад
Одоохон нааш нь авчир гэв.

Робины хувцастай эмгэнийг
Олзолж моринд унуулаад
Эндүүрч мэхлэгдсэн ширээт
Ихэмсэг инээж явав.

Ой модноос гэнэтхэн
Робин Гуд гараад ирэв.
Эрэмгий сайн харваачид нь
Эгнээнд хойноос нь үзэгдэв.

Энэ чинь юу болов гэж
Эндүүрсэн ширээт гуншгинав.
Энгүй тэнэг амьтан гэж
Эмгэн түүнийг элэглэв.

Ухаан нь будилсан ширээт
Ухасхийн зугтахыг завдтал
Робин урагшаа давшиж
Оргох замыг нь боов.

Эргүү ширээтийг заамдаж
Эмээл дээрээс нь хуулаад
Царс модонд барьж
Чанга гэгчээр хүлэв.

Ширэн бүсийг нь огтолж
Ширмэл уутыг нь аваад
Хормой дотроо алтыг нь
Хоосолж бүрэн дуусгав.

Манай хуулийг дагаж
Маань мэгзмээ уншаад
Байдаг газраа буц гэж
Бага Жон элэглэв.

Ой модны эздийн
Олз омгийг магтаж
Мань ламтан аргагүй
Маань мэгзмээ гиншгэнэв.

Сахил санваар ариун гэх
Сайх ламтан тэгээд
Ширвүүдийн гүн ойд
Шившгээ тариад буцжээ.

РОБИН ГУД БА МАХ ХУДАЛДАГЧ

Зуны сайхан өдөр
Ойн нарийхан жимд
Мах чирсэн хүнтэй
Манай Робин дайралдав.

Сайн морьтой хөрш минь
Сайн л явж байна уу?
Худалдаа хийгээд удав уу?
Ходоод гэдэс цатгалан уу?

Олзтой наймаа хийсээр
Олон жил боллоо.
Магад гүйлгээтэй цагт л
Махны зах дээр очдог доо.

— Одоо тэгвэл хоёул
Ондоо юм ярилцъя.
Тэрэг морь ачаандаа
Тэнцэх үнийг хэлнэ үү.

— Хаялцах үнэ өндөргүй
Халаглаж сүүлд нь мэлзэхгүй
Дөрөвхөн алтан зоосоор
Дүйгээд цөмийг өгнө.

Бүгд үнийг нь өгөөд
Бүрэн эзэн нь болъё.
Робин шиг сайн худалдаач
Ондоо байдгийг үзье.

Нотингемд Робин ирээд
Наймаа хийж эхлэв.
Таван төгрөгийн махыг
Ганцаар худалдаж гарав.

Робины тэргийг тойроод
Олон хүн бужигналдана.
Хотын хашир худалдаачид
Хоосон харж сууна.

Хөөрхий харин энд маань
Хөгийн эр ирж дээ
Хөгшдийн хураасан хөрөнгийг
Хөмөргөхөөр шийдсэн хүн дээ!

За яах вэ чамайг
Зантай найрт урья.
Хааны их түшмэлийнд
Хамтарч бүгдээрээ очъё гэв.

«Одоохон очиход бэлэн» гэж
Робин тэдэнд хариулав.
— Бүтэн жил найрласан ч
Бүрэн чадна гэв.

Түшмэлийн гэрт очоод
Түрүүлж Робин бараалхав.
Гангаар архи уусан ч
Ганцаар төлнө гэв.

Мань эр солиорчээ гэж
Махны худалдаачид шивнэлдэнэ.
Харин ч чамайг чадна гэж
Хааны түшмэл баярлана.

Тэргүүн баян малтай юу гэж
Түшмэл түүнээс асуув.
— Түүнээс гадна газартай гэж
Түгдрэлгүй Робин хариулав.

Худал би хэлэхгүй
Хурмаст тэнгэр батална.
Таван зуун үхэртэй
Та очоод үз л дээ гэв.

Түрийвчээ мөнгөөр дүүргээд
Түшмэл мориндоо мордов.
Робин тэргэндээ сууж
Очих замд нь дагуулав.

Түшмэл ойд орохдоо
Түгшин айж эхлэв.
Робиноос, бурхан авар гэж
Орой дээрээ наманчлав.

Зуур замд явтал
Зуугаад буга дайралдав.
Хурдан хөлөө гялалзуулж
Хуй салхи шиг өнгөрөв.

— Байгаа хөрөнгө минь мөн шүү дээ
Баян гэдэг чинь энэ шүү дээ.
— Битгий дэмийр худалдаачин минь
Би ер нь ирдэггүй л байж.

Ингэтэл Робин гэнэт
Эвэр бүрээгээ татав.
Эвийн олон нөхөд нь
Энд тэндээс үзэгдэв.

Балартлаа айсан түшмэлийг
Барьж ирээд Робин
Хормой дотроо алтыг нь
Хоослон бүрэн авав.

Морин дээрээ салгалсаар
Мулгуу түшмэл холдоход,
— Гэмгүй биднийг санаарай
Гэргийдээ очиж хэлээрэй гэв.

Гэртээ түшмэл ирээд
Гэргий юугаа дуудуулаад
Сайхан гэгч чадуулснаа
Санаа алдаж ярихад

Ой модоор тэнүүчилж
Робиныг барьдаг чинь гонж
Хохь чинь болоод жорлой гэж
Хорондоо гэргий нь аашлав.

Гэргий чамайгаа сахиж
Гэмгүй суусан нь дээр
Санадаггүй хэрэг байна гэж
Санаа алдав түшмэл гуай.

——————————-

РОБИН ГУДЫН ТУХАЙ ДУУЛЬ

БНМАУ
ГЭГЭЭРЛИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛ

УЛААНБААТАР
1963

Сургуулийн дунд ба ахлах ангийн сурагчдын номын санд

Орчуулсан Э. Эрдэнэ
Редактор Т. Нацагдорж
Зургийг хуулбарласан Ц.Энэбиш
Техник редактор Б. Дашлэгцэг
Хянагч Г. Ханджав

А—15765
Үнэ 1 төг
Зах. № 324
1963 оны 9 дүгээр сард 5048 ширхэг хэвлэв.
Цаас 84/108
Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн комбинатад хэлэв.
Улаанбаатар

Эх сурвалж: e-nom.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *