ХарилцааЯруу найраг

ДАЛАН НАСТАНД Ч ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ*

                                                       Дашзэгвийн СЭНГЭЭ

Ахиж яваа насы нь бодсон ч

Азай буурал сахлы нь харсан ч

Тавьтар муутай олиггүй хүн гэж

Та бидний хэн маань ч бодохгүй.

Уран зохиолч соён гийгүүлэгчийн

Урьдах намтар одоогийн байдлыг

Удам судар үзэл ажлаас нь

Уншигч та юундаа андах вэ

Баримталдаг үзлий нь хэлбэл идеализм

Бардам зантайгий нь хэлбэл архаизм

Бахархдаг соёлы нь үзвэл феодализм

Багтайгай байхы нь харвал социализм

Шүүрс алдаж хуучныг магтдаг

Шүүмжлэн жадалж бусдыг доромжилдог

Шинэ үеийн домог бүхний

Шилдэг баатар нь тэр хүн юм.

Үзгээ аваад зохиол бичихдээ ч

Үг хэлэх гээд индэрт гарахдаа ч

Олны цэнгэлд хундага өргөхдөө ч

Оршил бичиж номонд наахдаа ч

Дэлхийг донсолгож төвдийг сандраасан

Дээдсүүд гэвэл хоёрхон л байдаг юм.

Олон хэлтэй юм мэддэг нь

Орчин үедээ л би юм.

Эх орончийн дүрээр сэлэм далайлгасан

Эртний тэр дээдсийг ч гэсэн

Эрдэмтний дүрээр сүр бадруулсан

Эрхэм энэ зохиолчийг ч гэсэн

Ард түмэн анддаггүй учраас

Алдар нэрийг нь энд бичилгүй

Авир зангаар нь таниулахыг бодъё

Амьд баримтаар шүлэглэж бичье

Саяхан нэг хурал боллоо

Санал шүүмжлэл ч олон гарлаа

Уншигч зохиолч аль аль нь

Улаан нүүрээрээ учран ярилцлаа

Галтай нэг залуу шүүмжлэгч

Гайгүй аятайхан илтгэл бэлтгэлээ

Илтгэгч маань индэр дээр гарлаа

Ирсэн нөхөд түүнийг ширтлээ

“Үүрийн туяа”-ны ололт амжилтыг

Үнэн сэтгэлээсээ бахдаж ярилаа

Тэргүүлэгчдийн байранд хүмүүс сууж байна

Тэдний дотор ч зохиолч байж байна.

Илтгэгчийн магтаалыг аятайхан чагнаад

Их л таатай инээж хөхрөөд

Мөнгөн сортой буурал сахал нь

Мөсөн болор шиг гялтганаж байлаа.

Амжилтын хэсэг дөнгөж дууслаа

Алга ташиж баяр хүргэлээ

Урд урдаасаа эгцэлж харсан

Уншигч зохиолч хоёр сайхан санагдлаа.

“Үүрийн туяа” сайхан боловч

Үдшийн бүрэнхий бас л байна гэж

Илтгэгч залуу дутагдлы нь тоочлоо

Илэрхий баримтууд ч урсаж эхэллээ

Хайрт зохиолчийн царай нь хувирч

Хаврын тэнгэр шиг бүрхээд эхэллээ

Хайрцагтай тамхиа түргэн гаргаж

Хар утаа савсуулж суулаа.

Духайсхийгээд нүдээ гялалзуулна

Дуугараагүй мөртөө ам нь умалзана

Уур хор нь буцалж байх шиг

Уушиг зүрх нь оволзож байх шиг

Удсан ч үгүй илтгэл дуусаад

Уншигч олон шүүмжилж эхэллээ

Ядаж байсан зохиолчийн өмнө

Яггүй хатуу шаардлага тавилаа

Олны ролийг огт үгүйсгэж

Онцгой баатрыг тахиж шүтдэг

Ордны ховоор гол болгож

Оволзсон тэмцлийн хажуугаар гардаг

Хуучирсан үг, шашны номыг

Хуулан бичиж шинэтгэн номолсон

Хувьсгалч хөдөлгөөн намч чанараас

Хуурамч аргаар зайлсан гэх зэрэг

Санал шүүмжлэл ч зөндөө гарлаа

Сайхан зөвлөлгөө ч их өглөө

Хариу үг хэлэх зөвшөөрлийг

Хамаг олноос зохиолчид өглөө.

Ёс дэглэмгүй өвгөн зохиолч

Ёж бараалхуулсаар индэр дээр очоод

Толгойгоо яльгүй далжийлгасхийж

Тоомсоргүй янзаар хөмсөг зангидаад

Олны хайртай сониноос эхлээд

Одоо үеийн хэвлэл зохиолыг

Уншигч бичигч аль алинтай нь

Учир зүггүй доромжилж гарлаа

Дэлхийн хувьсгалын их жолоодогчийг

Дээрээс татаж өөртэйгээ зүйрлэлээ

Дэргэдээ байгаа олон түмнийг

Дэмийрч байна гэж хэлэх шахлаа

Марын онолыг энх тунх байхад

Мандаж байсан түүнд сөгдөж

Эрхэм дээдсийн хэл гэж байдаг юм

Эгэл ардын хэл ч бас бий гээд

Ангийн хэл байдаг юм гэж

Ам мэдэн чалчиж байсныг

Сонор соргог оюутнууд ч мэднэ

Сонин хэвлэлийн хуудас ч гэрчилнэ.

Ой муутайдаа ч мартсан юмуу

Онгиргон сагсуудаа ч болсон юмуу

Онолын хувьд багшийгаа цохигдоход

Одоо харин тэмцсэн болж байна.

Аугаа их суутны хэлийг

Ардын хэлтэй таардаггүй гэж

Хэн ч гэсэн үнэмших аргагүй

Хэнээтэй үг бас ярилаа

Архаизмын хөгцөрсөн үгсийг

Аль болохоор зөвтгөж ядахдаа

Амь нь тэмцэж тэгж чалчсаныг

Ард түмэн хэзээ ч гайхахгүй.

Товч дэлгэрэнгүй толь алга гэнэ

Тоогүй муухай энэ явдал үнэн

Толины ор нь “Үүрийн туяа” гэнэ

Товчлон хэлэхэд энэ сагсуурал.

Улсаас шинэ үсгийг батлахад

Ухралтгүй тэр нь хөгжөөд байдаг

Урдуур нь “Үүрийн туяа” хөндөлсөж

Уг сурвалжаараа зөрөөд байдаг

Урагш нь биш хойш нь татсан толь

Угаасаа бидэнд хэрэггүй гэж

Уншигч олон эсэргүүцээд байхад

Учрыг зохиолч олоогүй гэж үү?

Ширүүн тулалдааны ид дундуур

Ширчин баатраа хөдөө гэрлүүлж

Зөрчил тэмцлийн галыг унтраан

Зөөлөвч хийснээ тэр тайлбарлахдаа

Хувьсгалын хөдөлгөөн өрнөсөн газраас

Хол зайдуу байсан учраас

Ижил мөрний их суваг шиг

Энэ рүү татаж чадаагүй юм гэж

Зөрчилгүйн онолоо цагаатгаж

Зөв тэмцлийг буруутгаж үзлээ

Орон даяар оволзож боссон

Олны ролийг үгүйсгэж ярилаа.

Нэрд гарсан нэг зохиолчтой

Нэг удаа баахан ярилцсанаа

Олны үг түмний зөвлөлгөөнөөс

Онц илүү тус болсон юм гэхдээ

Зөвшиж ярьсан тэр зохиолчийн

Зөвлөлгөө шүүмжлэл алины нь ч гэсэн

Халуун сэтгэлээсээ хүлээж авдгийг нь

Хайхарч үзсэнгүй ярьж л байна.

Гүтгэлэг доромжлол үүгээр дууссангүй

Гүүг “Эм морь” гэж хэлдэг ч гэх шиг

Хойд үеийн манай оюутныг

“Хонь гөлөглөнө” гэж ярьдаг ч гэх шиг

Одоо үеийг гүтгэж доромжлохдоо

Онгод нь ордог төрөлх зангаараа

Балар үеийг бахдаж ярихдаа

Байдаг тэнхлээ бардаг хэвээрээ

Урсгасан нь их ч утга нь хоосон

Уншсан нь овоо ч сурсан нь бага

Боловсрол байвч хүмүүжлээр дорой

Болхи хоцорсноо үзүүлж өглөө

Марзан үгтэй эрхэм зохиолч гуай

Марын шавиа хичнээн нуувч

Хэлсэн үг, бичсэн зохиол чинь

Хэрэгдээрээ гэрчилж байна.

Өнгөрсөн феодализмын лаг шавраас

Өрөөсөн хөлөө сугалж чадалгүй

Өргөн олныг юм мэддэггүй тэнэг гэж

Өөрийгөө хүнээс дээгүүр их амьтан гэж

Таарах таарахгүй баг углаад

Танхайрч явдгаа татах болжээ

Олноо төлөөлсөн шүлэг гэдэг бол

Орой руу нь ортол хэлэх ёстой юм

Алдаа дутагдлаасаа ангижраагүй бол

Арга залиар нуугдахдаа биш

Ажил, зохиолоороо үнэнч байвал

Ард түмэн засаж авна

Уран чадварын үндэс нь болсон

Улс төрийн мэдлэг дутуу байвал

Гоёл чимэг шиг гаднаа наалгүй

Голдоо ортол мэдэх цаг болжээ

Хортой шартай үгээрээ

Хоцрогсдыг өөрөөсөө эхлээд цөмийг нь

Хорсож арзганатал нь хатгаж чадвал

Хойшдоо таныг засарлаа гэж үзье!

Дайчин шүүмжлэл саналыг

Дайран давшилж жадлахыг бодогч бүхэнд

Даяар олны хадгалсан эгдүүцлийг

Дашзэвэгшийн Сэнгээ эмхэлж бичлээ.

 

* Миний тэмдэглэлийн дэвтэрт Сэнгээ (зохиолч) дайрал зохиол бичсэнийхээ төлөө надаас уучлал эрлээ. Аргагүйн эрхэнд бичсэн гэж ам шүд алдлаа. Төв хорооны нарийн бичгийн дарга Нантайшириин Лхамсүрэнгийн даалгаварыг биелүүснээ улайлаа гэсэн 1954 оны IX сарын 4-ний тэмдэглэл бий.

(Б. Ринчен. Ю. Цэдэнбалд бичсэн захидлаас)