Түүх, Хуучны баримт

Ноёдын тусгүй явдлыг “ховч бичиг”-т нийтлэгчийг эрсэн тухай

“Нийслэл хүрээний сонин бичиг”-т нийслэл хүрээний бичиг номтой иргэд өгүүлэл, мэдээ өгч, шүүмжлэл бичиж хэвлүүлдэг байсан баримтууд байдаг.

Үүний нэгэн жишээ болгон дурдахад Өмнөговийн Өөлд Дорж мэйрэн, Нийслэл хүрээнээ алба хааж байх үедээ дээрх сонинд хааяа юм бичиж нийтлүүлдэг байснаа 1930-аад оны үес Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны тасагт Монгол хэлний тайлбар толийн комисст ажиллаж байхдаа ийн дурсжээ.

Их говийн сургамжит мэйрэн Дорж Судар бичгийн хүрээлэнгийн нэгэн танхимд уншигч хүүтэй ярилцаж буй нь

Тэрээр нэг удаа “сайд түшмэдийн хүнд суртал гаргаж, зарим нэгэн давшилт арга хэмжээг огт явуулахгүй дарж суудаг”-ийг бичээд өгсөн нь “Нийслэл хүрээний сонин бичиг”-т хэвлэгдэж гэнэ. Тэгэхэд сайд түшмэд их л дургүйцэж, “энэ тусгүй юм тэр ховч бичигт хэн гаргуулсан бэ? Эзний нь олж шийтгэвэл таарна” гэж бужигнаж, сонины газраас лавлаж асуух болов гэнэ. Тэгтэл сонины эрхлэгч нь “бичиж өгсөн хүн нэрээ гаргуулахыг эс хүсвэл, түүнийг бусад хүнд хэлж болдоггүй юм. Тэр бол, түмэн улсын ердийн ёс” гээд Дорж гуайн нэрийг эс хэлж гэнэ. Тэгтэл, цаад сайд түшмэд, сонины газраас эс олж чадаад, үг найруулгаар нь хэн болохыг олох гэж оролдож, Дорж гуайг “чи бичсэнээс зайлахгүй” гэж тулгажээ.

“Сонины газар нэгэнт миний нэрийг хэлж өгөөгүйгээс хойш, шууд мугуйдаар тулгаж шийтгэхгүй юм байлгүй дээ гээд огт хүлээсэнгүй. Тэгээд, үг найруулгаар бас мэдэж болох юм байна шүү гэж ухаан орсон” хэмээж байжээ.