Танин мэдэхүйТүүх, Хуучны баримт

Сайн түшмэд ном зөөх, саар түшмэд өр тээхийн үлгэр

Нийслэл хүрээнд Манж Дайчин улсын сүүлчийн Зарлигийн амбан байсан Сандоогийн бие, эртний судлалыг сонирходог хүн байжээ. Тэрээр Монголд ирээд, эртний Түрэгийн гэрэлт хөшөө зэргийг сонирхож, бичиг үсгий нь хуулуулж байсан байна. Монголд ирэхдээ Мүгдэн дэх Манжийн эртний нарийн ховор бичгээс хуулуулж авсан хэд хэдэн дэвтэр авчиржээ.

Зүүн гар талд: Чингисийн алтан ургийн сурвалжит, язгууртан Эрдэнэ жонон ван Намсрай Баруун гар талд: Сандо амбан

Эдгээр бичгээс Богд хаант Монгол Улсын анхны Засгийн газрын гишүүн, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ жонон ван Намсрай , Дусал биндгүй үсгээр бичсэн Монголын түүх,  Манжийн тулгар төрийн чухал бичгийн хуулбар хоёр дугтуй бийрийн бичмэл номыг хэрэглэхээр түр авчээ. Удалгүй улс төрийн байдал эргэж Сандоог хөөн зайлуулах үед уг номуудыг эргүүлж өгч амжаагүй байна.

Тэрээр сүүлд нь “Монголдоо ховор сонин бичиг олж авлаа” хэмээн ярьж байсан бөгөөд сүүлд Судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайд Онход Жамьян гуай  “Хосгүй сонин бичиг” хэмээн Судар бичгийн хүрээлэнд шилжүүлэн авчээ.

Уг номууд 1937 он хүртэл Судар бичгийн хүрээлэнд байсан бөгөөд сүүлд хаашаа ч юм алга болжээ.

Энэхүү үйл явдал нь “Сайн түшмэд ном зөөх, саар түшмэд өр тээх”-ийн жишээ ажээ.