Яруу найраг

ТЭНГЭРЭЭС БОРОО ХУР ГУЙЖ ТАВЬСАН ШҮЛЭГЛЭЛ

ГЭЛЭГБАЛСАН (1846-1923)

 

 

 

Тэртээ олон галавын урьд

Түүнчлэн ирсэн бурхад

Тэнцэшгүй шажин номыг

Тэмдгийн төдийхөн боловч

Тэсвэрлэн орхиж гансралгүй

Тэтгэн харуулдаж сахихуйд

Тэр цагт ам авсан

Тэнгэр эсрэн хурмаст минь

Түүнийг дагалдав гэсэн

Тэргүүлшгүй орчлонгийн төв дунд

Тэнэж төөрч энэлсэн

Тэнэг мунхгийн туйлд хүрсэн

Тэрсүүд олон бид нар чинь

Тэсэхүйеэ бэрх, ган зудад баригдсанаа

Тэнхээгээрээ бархирч айлтгая.

Тэгш мянган нүдээрээ болгоо

Тэлүүн уужим сонор чихээ тусгаа

Тэнгэв, ингэв хэмээн унтууцалгүй

Тээглэж төрвөлгүй таалан соёрхоо!

Хэдийхэн цагаас наашид

Хэвээ олж дасалцсан

Хэлэлцэж сэтгэл санаа нийлэлцсэн

Хэдхэн хот улс нь

Хэргийн учир бүдүүвчлэн

Гэсгээж тогтоосон цааз ёсыг

Хэний ч нүүрт хөнгөвчлөн орхихгүй

Хээл хахуулийг шунахайран хураадаггүй

Хэзээд нэгэн зантай залан Цэдэнсамбуу

Хувьсын цөөн малаа өсгөсөн

Хурал жасын сүргийг хадгалсан

Хуучин шинэ нүүдэллэн ирсэн бүгд

Хувраг олны манжны  тухайд

Хуримталсан сүүнийхээ дээжийг өргөж

Хуурмаггүй гурван эрдэнэд залбирч

Худалгүй үнэн сүсгээр мөргөе.

Хур бороог оруулан хайрла!

Өчүүхэн дорой бид нарыгаа

Үзэж болгоож байна уу, та

Үүр цайхаас эхэлж

Үеэ шархиртал тэнээд

Үдээс хойшийн хэрд

Үгүүлэх дуун ч үгүй болон

Үдшийн хэвтшинд амрах эсэхийн төдийхөн боловч

Үйлийн үрийн боловсрол буй за, гэвч

Үнэмшиж хатуужин чадахгүй

Үдэд нь орхиод хэвтье гэтэл

Үргэлжид ижилссэн малаа

Үхэж зовж байхад нь

Үнэхээр сэтгэл төвдөхгүй

Харийн хошуунд нүүе гэтэл

Хавийн газруудад адилхан гэх

Харчин этгээдэд очъё гэтэл

Харьяат нутаг орноос хол

Хаяа орж нутагласны

Харилцан найрамдлаар нутаглая гэвч

Хал гэм нь ихээхэн гэх

Хамжлага хуягууд нь дурамжхан гэх

Хаашаа ч хөдлөхийн аргагүй

Харсаар байж доройтохыг

Харж болгоож байгаа биз дээ

Богд дээд багш нартаа айлтгая гэтэл

Бодь мөрийг хөтөлгөхгүй бөгөөтөл

Бороо хурыг оруул гэхээ

Бодол тааллыг нь хямруулах болов уу гэж

Уйдаж гансарсан бид нар чинь

Учир бүхнээ илтгэн

Улаан шугамын цаасан дээр

Угсраан залгаж бичээд

Уламжлан хэлэлцэж зөвлөсөн

Улс орон бид нар чинь

Уйлахын бачимхан дуугаар

Урьд хожид бахиралдахад

Удирдан өршөөгч тэнгэр дэлхий минь

Уригнан хилэгнэлгүй

Уулгамчлан хямралгүй

Улмаар баясан таалж

Усны мэлмэлзтэл нь оруулан

Уран гол шиг ногоог чинь

Ургахын эцсийг гүйцэтгэж

Ухаан нь баларсан малыгаа

Уучлан хүлээж өршөө.