БоловсролМэдээТанин мэдэхүйТүүх, Хуучны баримт

Хантайшир уулын аймаг Ханбуудай уулын аймаг хэмээн нэрлэгдэх шахжээ…

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн … дугаар тогтоолоор  Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл тус аймаг хэрхэн байгуулагдаж, нэрлэгдснийг түүхэнд хэрхэн тэмдэглэгдсэнийг товчхон авч үзье.

1728 онд байгуулагдсан Засагт хан аймгийн чуулганыг Манжийн хааны зарлигаар “Заг голын эх Бидэрьяа нуурын чуулган” гэх болжээ. Хожим Сайн ноён аймгийг[1] Засагт ханы нутгаас таслан байгуулахад Бидэрьяа нуурын эх тус аймгийн нутагт оржээ.

Засагт хан Д.Содномравдан

1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ялж, Монгол тусгаар улс орон болоход аймгуудын чуулганы нэр хаяг, тамгыг өөрчлөх болжээ. Энэ үед Засагт хан, Засагт хан аймгийн чуулган дарга, Шүүх таслах яамны эрхэлж зөвлөн шийтгэх сайд агсан Д.Содномравдан, Дотоод яамны сайд, Да лам Г.Цэрэнчимэдэд “…Манай засагт хан аймгийн чуулганы даргын тамганы үсгийн Заг голын эх Бидэрьяа нуур болбаас Сайн ноён хан аймгийн нутаг болмой. Хянаваас бусад аймгийн чуулганы даргын тамганы үсэгт өөр өөрийн аймгийн нутгийн ихээхэн уул ба гол нэр бүхий нь бөгөөд зүй нь шинэ цутган олгуулах тамганы үсэгт … уул аймгийн нутаг Хан Тайшир уул, Хан Буудай уул, энэхүү хоёр уулын дээр зарлигаар нэгийг нь тогтоолгож, оруулан цутгуулж олгуулахыг гуйсугай...”[2] хэмээн мэдүүлжээ.

Удалгүй уг мэдүүлэг Богд хаанд хүрч, зарлиг нь гарахдаа “… гуйсан ёсоор болгож Хан Тайшир уулын нэр дор халагтун” гэжээ. Ингэснээр Засагт хан аймгийн чуулганыг “Хан Тайшир уулын чуулган” гэх болж, тамганы үсэгт нь “Хан Тайшир уулын чуулганы даргын тамга” гэсэн үг (үсэг) бичигджээ. Хан Тайшир уулын чуулган нь 1923 он хүртэл оршин тогтнож байгаад татан буугдаж, 1924 онд Засагт хан аймгийн оронд байгуулагдсан аймгийг “Хан Тайшир уулын аймаг” гэж нэрлэх болжээ[3]. Энэ аймаг 1931 онд шинээр 13 аймаг байгуулагдах хүртэл Засагт хан Д.Содномравдангийн анх санаачилсан Монгол Алтайн салбар уулсын нэг Хан Тайшир уулын нэрээр хориод жил нэрлэгдэжээ[4].

Бурхан буудай уул, түүний бэлд орших улаан явар.

Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр, Цогт гурван сумын заагт орших Бурхан буудай уулыг төрийн тахилгат уул болгох зарлиг[5] гаргасан нь санаандгүй хэрэг биш бололтой. Учир нь дээр дурдсан “Хан Буудай уул” нь мөнөөх Бурхан буудай уул болно. Уг уул Монголд бурхан нэрээр нэрлэгдсэн хоёрхон уулын нэг(нөгөө нь Бурхан халдун). Засагт хан хэдэн үеэрээ түшин нутаглаж, суурьшиж асан Хантайширын нуруутайгаа Ханбуудай(Бурхан буудай) уулыг эн чацуулан авч үзэж байсан нь соньхон. Цаг, түүхийн салхи арай өөрөөр эргэсэн бол “Хантайшир уулын аймаг”-ийн бус “Хан Буудай уулын аймаг”-ийн 100 жилийн ой гээд сууж байх байсан ажгуу…

В.Түвшинтогтох

2023.07.23

[1] 1911 онд Сайн ноён Намнансүрэнд Богд хааны зарлигаар “хан” цол олгосноор, 1912 оноос эхлэн тус аймгийг Сайн ноён хан аймаг гэж нэрлэх болжээ.

[2] ҮТА, ф,А-173, д.1, хн58, х1

[3] Угтаа тус аймгийн 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэх нь зүйд нийцэх юм. Энэ тал дээр олон эрдэмтэн, судлаач санал нэгддэг.

[4] Мижээхүү Ч. Засагт хан Содномравдан: Хаадын ном 45/Эрхл. Н.Дугарсүрэн.- УБ., 2020.

[5] Бурхан Буудай уул төрийн тахилгатай боллоо// https://montsame.mn/mn/read/322664

ЭШ ТАТАХ:

[citationic styles=”apa,mla,harvard,vancouver,chicago,ieee”]

One thought on “Хантайшир уулын аймаг Ханбуудай уулын аймаг хэмээн нэрлэгдэх шахжээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *