МэдээЯруу найраг

Г.Чардаг: Хантайшир уул

Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай хотноо зохиогдсон “Хуурын эгшиг” яруу найргийн наадмын айргийн тавд багтсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Чардагийн “Хантайшир уул” шүлгийг уншигч олноо хуваалцаж байна. Тэрвээр Алтайн уулс дундаа аж төрөн, уран бүтээлээ туурвидаг, шавь нарынхаа найргийн хүлгийн олмыг чангалж, дөрөөнд нь сүү дусаан алсын аянд үддэг “ховорхон” уран бүтээлчдийн нэг юм. Таалан болгооно уу.

Сураглавал их л холын чимээ наашлах

Судаллаа гэвэл эзэн хааны онгон ч олдож мэдэх

Хан нэртэй уулсын ижил нэгэн дүрс

Хантайшир уул хаан уул аа.

Хаан уул юм шүү гэж дээш нь өргөсөн

Тайж, тахиж явахыг дэлхийд захисан

Өвсөнд нь үүл ороож тахил өргөсөн

Цэцгэнд нь сар юүлж зул асаасан

Эзэн хааны ордон шиг эрхэмсэг уул

Элдэв бузраас хол байлгах танхил уул аа.

Засагт ханы хөх эрчүүдийн сэтгэлд байх

Зартай ч уул, зангарагтай ч хайрхан юм

Хавсарга нүдвэл нүдсэн шиг нүднэ

Хад чулууг нь үймтэл нүднэ

Цас орвол орсон шиг орно

Сар, нартайд чулууг нь олохооргүй орно

Бороо орвол орсон шиг орно

Шалба норсон ботго шиг болтол нь орно

Ногоо гарвал гарсан шиг гарна

Ногт, хазаар, уургаа олохгүй болтол нь гарна

Халиуны хоолой, Шаргын говьд байсан их тэнгисийн

Халимны сэрвээ шиг их уул

Өршөөл, ивээлийн нөмөрт яваа бүхнийг

Өөр шигээ байлгахыг аашаараа зандардаг юм

Арын хүрээний лам нарын сан уншлага

Арцтай салхинаас нь сонсогдож, үнэртсэн

Шандуухан, гундуухан яваа нутгийнхнаа

Шаврын голоос шар алт чимхэж тэжээсэн

Бугын урамдаан, чоно улиан хоршиж л байх

Будан адуу хоёр биендээ уусан бүрхэж л байх

Ар өврийн айлуудын цэнхэр утаа

Алтан оройд нь нийлж

Аз жаргалын очир сампин зангидсан

Баян ч уул, бахархмаар ч уул аа.

Хантайширын оройгоор

Намрын шувуу буцлаа гэж дуулалдахад гуньсан сан

Хантайширын оройгоор

Хаврын шувуу ирлээ гэж дуулалдахад өндөсхийсэн

Төрийн зарлиг дотор ханхайсан

Түмний сэтгэл дотор дүнхийсэн

Хантайшир уул Тай шир хан уул…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *