Зан заншил

Хүүхдийн ерөөл

Түмэн ардын дотроос
Түрүүний нэгд үзэгдсэн
Сая ардын дотроос
Сайны нэгд тоогдсон
Халуун хоёр амрагийн
Ханилж суусан нь
Замба тивийн заншил
Замлин хорвоогийн жамаар
Заяа зам нь нийлээд
Зол мөр нь зохиод
Хил шадраар нөхөрлөсөн
Хэл санал нь нийлсэн
Хоёр залуу хоорондоо
Тохирох үгээ ярилцаад
Унаж байвал босгож
Унтаж байвал сэрээж
Өлсөхөд нь өл болохоор
Өвдөхөд нь эм болохоор
Элдэв бодлоо хэлэлцээд
Эр эм бололцжээ.
Тэгээд байж байтал
Төдий ч их удсангүй
Амраг хайртай хүүхэн нь
Алтан хэвлий дотроо
Алаг үрийг олоод
Хэнд ч хэлэлгүй таван cap болж
Хэнээс ч нуулгүй таван cap тээхдээ
Уруу газар унжих нь ихдэж
Өөд газар уухилах нь ихдэж
Бага жаахан хүүхдийг
Базаж өвдөж эхлэхэд
Эмнэлэг сувиллын газраас
Түргэн тусламжийг дууджээ.
Өндөр сайхан нуруутай
Өргөн бор царайтай
Яруу сайхан хоолойтой
Яралзсан цагаан шүдтэй
Ийм бүсгүй эмч ирээд
Ижийг нь амаржихад хүргэжээ.
Ашгүй харин тэгтэл
Алаг хонгор үр нь
Ачит эхээ шаналгалгүй
Ёо гэхийн өвчингүй
Еэ гэхийн зовлонгүй
Амар мэнд төрж
Аан гэж ангайхдаа
А үсгээ эхэлж
Ээн гэж уйлахдаа
Эрдэм номоо зөгнөж
Ээж аавын хүү
Ингэж төрсөн билээ.
Хэв заншлаа дагаж
Хэд хоног болоод
Булбарай жаахан хүүгийнхээ
Будаа хуримыг хийхээр
Буянтай та нарыг цуглуулаад
Сая гарсан хүүгийнхээ
Сайн сайхныг ерөөж бүхийд
Эрдэнэт хүний биеийг олсон
Энэ хүнийхээ эрхэм алдрыг дуурьсгая
Эрхмийн дээд бэлгийг
Энд сонсгон айлтгая
Хайртай хүүгийн маань эжий нь
Хагас идэж хугас унтаж
Шөнө дундын хэрд
Шүлэг нойрны эхэнд
Сүүдэрт гэртээ гэгээ барьж
Сүүнийхээ дээжийг хөхүүлж
Аан гэж алаг үр нь дуугарч
Эвий эвий гэж
Ээж хүү хоёр ярилцаж
Илж таалж
Эх нь бойжуулсаар
Инээж торниж
Их л хөөрхөн болно доо.
Хоёр насыг ч хүрнэ дээ
Хонгор даахь нь ч ургана
Алаг хоёр нүдээрээ
Аав ээжээ таньдаг болно.
Цахиур шүд нь ч ургана.
Цагийн хөөрхөн ч болно.
Ус нутгийн улс
Улам ч хайртай болно.
Гулгаж мөлхөж явсан хүү
Гурван насыг ч хүрнэ.
Баацга баацга алхдаг ч болно.
Барьсан шаазангаа хагалдаг ч болно.
Байсан газраа үймүүлдэг ч болно.
Байзнасан газраа түйвээдэг ч болно.
Дөрвөн насыг ч хүрнэ дээ.
Дөх саахалтаар гүйдэг ч болно
Ахиж дөхөж тав хүрээд
Ажлын нэмэртэй ч болно.
Аав ээждээ ч туслалцана.
Ахиад хоёр жил болоход
Ардын сургуульд орохоор
Ам цагаан цаасан дээр
Алдар нэрээ бичүүлнэ.
Дордолгүй дээшилж
Долоон насыг ч хүрнэ дээ.
Улам өссөөр найм хүрэхэд
Улсын сургуульд элсэнэ.
Элбэрэлт намынхаа ачаар
Энэрэлт засгийнхаа ивээлээр
Эрдэмтэн багшийнхаа сургаалаар
Ээлтэй номыг суран
Элдэв мэргэжлийг олоод
Эх эцэгтээ энэрэлтэй
Элгэн садандаа түшигтэй
Эх орондоо гавьяатай
Энэ дэлхийд нэртэй
Эрхэм сайн хүн болохын
Эетэй сайхан ерөөлийг
Энд дэвшүүлж айлтгая.

Эх сурвалж: Эх сурвалж: Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983