Зан заншил

Гэрийн ерөөл

Хангайн модыг харуулдаж хийсэн
Хашир мужаан урлаж хийсэн
Нарс модыг нааж хийсэн
Нимгэн модыг нийлүүлж хийсэн
Маажин будгийг найруулж хийсэн
Маягийн хээг нь тохируулж хийсэн
Салхин самбар хаалгатай
Салгаж тавьдаг нугастай
Тавхийж хаагддаг
Торхийж нээгддэг
Хаалгатай юм байна.
Оргил сарьдгийн оёороор
Ой хөвчийн хаяагаар
Оволзон цалгиж урссан
Орхон, Сэлэнгэ
Онон, Хэрлэнгийн хөвөөгөөр
Ширэнгэ шугуйд ургасан
Шивэр ганган бургасан дундаас
Шилж сайныг нь сонгож олоод
Ширүүн иртэй
Шингэн дуутай
Шинэхэн хангинуур сүхээр
Ширэв тас цавчиж аваад
Ногоон хальсыг нь цэвэрлээд
Нойтон чийгийг нь хатаагаад
Өө сэвий нь дараад
Өндөр богиныг нь чацуулж
Өлзий утсан нүд тааруулж
Өрөмдөж цоолсон
Өчүүхэн нарийн нүхээр
Өөгүй зүссэн
Өргөн урт үдээрийг
Өөд нь сүвлэж гаргаад
Өвдөглөж дарж байгаад
Өндийж угзарч
Захалж чангааж
Чангаруулж үдэж
Цаана наана нь товчилж үдсэн
Арван таван толгойтой
Аялаг цагаан хана юм байна.
Галын гэрлийг гадагш нь бадраасан
Нарны гэрлийг нааш нь гийгүүлсэн
Зүймэл хусан тоонотой
Зүсмэл цуулбар уньтай
Далбаа навчит баганатай
Дайлж тогтоосон шилтэй
Ухаан гаргаж урласан
Угалз гаргаж хээлсэн
Унь, тооно, баганатай юм байна.
Улаан буурал зогдор
Унаган морины дэлээр
Урлаж хийсэн чагтага нь
Барьсан гэртээ сүлд нь болж
Бачимдуулсан салхинд
Аргамж болдог юм байна.
Идэвхтэй ажилчны гараар
Эрчимт моторын хүчээр
Эсгийлэх фабрикт
Эвлүүлж зулж
Эргүүлж дарж хийсэн эсгийг
Өө гаргалгүй хайчилж
Өөдөс гаргалгүй зүйж
Өглөө үдшийн завд оёод
Хойно урдаасаа зөрүүлж нөмөргөсөн дээвэр
Хоёр хатавчнаасаа эхэлж барьсан туурга нь
Хол зөрж элбэгдсэнгүй
Ховордон дутаж багадалгүй таарчээ.
Хоршоо худалдааны газраас
Тоолж метрлэн үзээд
Толгойлж эвхсэн ямбуу авч
Ташаалдаж эсгээд
Тааруулж оёод
Давхарлаж нөмөргөсөн бүрээстэй
Татаж чангалсан бүслүүртэй юм байна.
Өдөр нь гурвалжин
Өнцөг нь дөрвөлжин өрхөө
Өөд нь өргөж тавиад
Түлхэж дээшлүүлээд
Тэгшилж тааруулаад
Саяхан хадсан шинэхэн оосрыг нь
Саарч алдрахгүй
Салхинд дэрвэхгүй
Сайнаас сайн уяад
Аагим халуунд нар нэвтрэхгүй
Аадар бороонд ус нэвтрэхгүй
Аюултай хүйтэнд жавар нэвтрэхгүй
Аятай сайхан бүрээстэй болжээ.
Эрээн даавууг эвдэж эсгээд
Эвлүүлж оёод эмжиж янзлаад
Эрээлж өлзийлсөн хөшгөө
Эргэн тойронд нь татаж тааруулаад
Тагнайлж ширээд
Тангад цэмбээр эмжсэн
Тав зургаан дэвсгэрээ
Тал бүрээс нь уулзуулж дэвсээд
Өнгөлсөн цагаан орнууд
Өдөн зузаан дэрнүүд
Нэхмэл сайхан бүтээлгүүд
Урдуур нь татсан хөшигнүүд
Угааж индүүдсэн даавуунууд
Торго магнаг хөнжлүүд
Толгой боодог алчуурууд
Тохируулж татсан аравчтай юм байна.
Доторлож гадарласан өнгөцүүд
Тоног янз товруу хадаастай
Том сайхан хүрэн авдар дээр
Тогтоож байрлуулсан зүйлээс чинь
Тоймтой ганц хоёрыг хэлбэл
Толгой нүүрээ хардаг
Тойруулж хувцсаа засдаг
Том жижиг тольтой юм байна.
Нааж хийсэн нарийлж урласан жаазанд нь
Нам засгийн удирдагчид
Найз анд нөхөд нь
Аав, ээж, ах дүү нь
Алаг хонгор үрсийнх нь зураг хөргийг
Алс үүрдийн дурсгал болгон хадгалсан юм байна.

Хүлэг хурдан морь
Хүчит сайн бөх
Эрээн булчингаа эрсэн
Эрхий хуруугаа чимчрүүлсэн
Харснаа анддаггүй
Харваснаа алддаггүй
Хавтай мэргэн харваачийн зургийг
Хадгалж дурсаж явдаг юм байна.
Уужим зайтай шүүгээнүүд
Угсарч тавьсан чемоданууд
Уншдаг номын санд нь
Олон мэргэжлийн ном
Орчин үеийн зохиолууд
Роман, тууж, жүжгүүд
Өөрөө суралцах бичиг
Өдөр тутмын хэвлэлүүд
Манай намын түүх
Маркс, Лениний сургаал
Тухайлсан түүх намтар
Тусгай мэргэжлийн хичээл
Бугуйн цаг, бичгийн цаас
Бийр харандаа
Бэх үзэг
Өнгийн будаг
Өврийн дэвтэр
Хүүхдийн сурах бичиг
Хүснэгт хэмжүүрийн шугам хүртэл бүрэн
Ардчилсан орнуудын хөгжил
Амжилт бүтээлийн цуурай
Аж үйлдвэрийн мэдээ сэлтийг
Алгасалгүй таниулж байдаг
Радио хүлээн авагч байна.
Ширээний цаг
Шилэн аяга
Шинэ оны хуанли
Шаазан завьяа
Шатар даам
Шагайн хэрэглэл
Хүүхнүүдийн эдлэл
Хүүхдийн тоглоомоос
Хоёр нэгхэнийг хэлбэл:
Хурууны бөгж, хумсны хутга
Хуванцар тоглоом
Энгэрийн зүү, резин тоглоом
Живх өлгий, чихний ээмэг
Чихмэл тоглоом, үсний хавчаар
Үлээж хийлдэг тоглоом
Үнэг туулайн хүүхэлдэй
Шаазан морь, шахмал тэмээ
Ойр зуурын жижиг эдлэл
Орчин цагийн олон тоглоом байна.
Том жижиг биедээ
Тохируулж хийсэн хувцасны чинь
Тоймтой хэдийг хэлье.
Торгон дээл, дотуур хувцас
Хар цагаан хурган дээл
Хавар намрын өмсгөл
Хатуу ултай хром
Хаймар ултай гутал
Халзан сарьстай
Хамар богинотой наамал
Дугуй малгай, дурдан бүс
Дулаан хувцас хөвөнтэй дээл
Хөнгөн хувцас
Үнэт даавуу, үйтэн хуар дээл
Минжин малгай, минчүү тэрлэг
Идэр гурван есийн
Ирмүүн сүрхий хүйтэнд
Эдэлж өмсдөг
Эсгий гутал, элбэнх хүрэм
Үстэй дээл, үнэгэн малгай хүртэл байна.
Уран эхчүүдийн утас зүүний хайрцаг
Урт богино зүү, нарийн туушаа утас
Нанжин залаа, тэрэгтэй утас
Тэвнэ шивүүр, тэмээний утас
Төмөр хуруувч, түүдгэн утас
Нэхмэлийн зүү, нийтгэсэн утас
Бүдүүн зүү, бөөрөнхий утас
Ончгүй нийтгэсэн утас
Огторхон үлдсэн учиг
Хаваасны зүү, хагас 0-ийн утас
Шаглаасны зүү
Шандас шөрмөс хүртэл байдаг юм байна.
Гоо сайхны хэрэглэлээс
Гол зүйлийг хэлбэл:
Үсний тос, үнэртэй ус
Нүүрийн тос, нүдний шил,
Саван, оо, шүдний сойз
Сахлын машин
Айл болгонд байдаг
Аяга шанаганы алчуур
Ариун цэврийн хэрэглэл бүрэн байна.
Оёдлын машин
Ширээ шургуулга
Ижил цэвэрхэн сандлууд
Эвхдэг цагаан ор
Идэш ууш хадгалдаг
Эргэнэг шүүгээ хүртэл байна.
Сияан төмпөн, сэнжтэй сав
Цагаан данх, цайны домбо
Хайч шилээвэр
Халуун сав, халбага сэрээ
Шаазан аяга, шанага халбага
Гурилын гампанз, гулууз, заазуур
Угаагуур машин, усны лааз
Угаагуурын сав
Тогооны хавхаг
Том жижиг хувин
Тоос сорогч машин
Тогоор халдаг жигнүүр
Тооцооны тоолуур хүрд
Галын хайч, гар чийдэн
Зуух соруул, зурах чүдэнз хүртэл байна.
Эхийн алдар одонг
Энгэр дээрээ гялалзуулсан
Эгч дүү нар маань
Эрхэм зочломтгой заншлаараа
Гадагш татсан яндантай
Гал сайтай зуухан дээр
Түмбэгэр тогоогоо тавьж
Түүдгэн галаа бадрааж
Алаг эрээн бүтээлэгтэй
Ам дөрвөлжин хэлбэртэй
Аяга шаазангийн ширээн дээр
Авчирч тавьсан зүйлийг хэлбэл:
Таван тансаг бүрдсэн цай
Таваг дүүрэн идээ
Талх, тос, чихэр
Хэвлэж хийсэн боов
Хэрчиж хийсэн боорцог
Хайлж найруулсан тос
Хандалж буцалгасан ээзгий
Хатааж тавьсан ааруул
Эвлүүлж шахсан бяслаг
Иргэн хонины шүүс
Идэхэд амтлаг
Идээний чимэгтэй
Өрөм тос тэргүүтнээр
Өнгөлж чимсэн юм байна.
Айраг тараг
Архи сархад
Амтат жимс
Аль сайхан зүйлээ
Арвин ихээр бэлтгэж
Улс олныгоо
Урин зочилж
Уулгаж идүүлж байгаа нь
Тэд бүхний амьдралд
Тэмдэглэлт өдөр болж байгаа биз ээ.
Өргөө гэрээрээ тохилог
Өмсөж эдлэхээрээ баялаг
Өгөөмөр сайхан амьдралтай
Өнөд мөнх мандаж явахын
Өлзийт ерөөлийг дэвшүүлье.

Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983