Үргэлжилсэн үгийн зохиол

Хуучин хүү

Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бөгөөд дөрвөн зүг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилсэн агаад үүгээр түүгээр нэг хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж, нэг худгийг эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл, айлгүй хэмээн бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөсөөр нэг нас харанхуй мананы дотор барна.

Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэх бөгөөд цагаан даавуу алчуураар толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийн сэрвийсэн хэдэн үс шанаа уруу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрийнхээ хөлсийг арчиж, нусаа хүрхийтэл нийгээд, гэрт оров. (Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байна. Дамба морио эрэх гэж явсан, Гомбо ахнгай ороод ирсэн) гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарсаар, зуухны хажууд сууна. Авгай хүүхдээс аяга тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч баян Балжирынд унага татаж өгч, айраг уун, нэг үдийг өнгөрүүлээд, Дэндэв тайжийнд хонь гаргаж өгч гэдэс олж идэн, нэг үдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, зүүн хошууны захад хүрсэнгүй, баруун мөрний тэртээ гарсангүй, зөвхөн гурав дөрвөн өртөө эргэн тойрон газрын дотор оршин суусан тул, юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч, үгээгүү ядуу, өнчин балчир тул, нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.
Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ. Өтгөс хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй хэмээн санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ.
Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ? Хүмүүжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан мэднэ. Хуучны феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цөм хуучин хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран хайран, хөөрхий хөөрхий. Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.
Хөх монгол улаан монгол болов.
Хуучин хүү шинэ хүү болов.
Юутай завшаан, юутай баяр.

Эх сурвалж: http://pl.ub.gov.mn/monlit/zohiolch/dnatsagdorj_buts15.html