Үргэлжилсэн үгийн зохиол

Бууршгүй сэтгэлийн илч – Мягмар Д.

Бусад олноо хууран мэхэлбэл

Бүхэл насаар сэтгэлээ тамлах

«Сургаал үг»

Түвдэн өвгөн жаран насныхаа ойг хийсэн сүүлийн хэдэн шөнө ер унтсангүй. Унтъя гэвч нойр нь үл хүрнэ. Өвгөний сэтгэлд баяр хөөр, уур уцаар багтаж ядан, үерлэхдээ эргээ халин улаан хоормогоор гүвэлзэн урсдаг их мөрний ус шиг болжээ. Сэтгэлийнхээ тэр хуйлран оволзож байгаа үерийг өөрөө сайн мэдэж байв. Түвдэн, хүн болж төрөөд өнөөдрийг хүртэл ингэж айхавтар сэтгэл нь буцлан булгилж байсан нь бараг үгүй.

Харин тээр жил баазын шилдэг ажилчин гэгдэж ёстой л шижигнэж явсан ид залуу насандаа нэгэн зүйлд шаналж яг одоогийнх шиг хэдэн шөнө нойргүй хоносон нь бий. Тэр тухай хожим өгүүлсүгэй. Харин албан газар нь баазынхаа тулгын чулууг тавилцсан ахмад ажилчныхаа ойг үнэхээр хөлтэй тэмдэглэжээ. Түүний гэрч гэсэн шиг бүтэн тав хоног үргэлжилсэн найр наадам бас л шувтрах болоогүй.

Зуны шөнө.

Хөвчит уулын амаар зэрэгцэн буусан зуслангийнхны мөөг шиг цагаан гэрүүд зүүрмэглэсэн сүрэг хун мэт анир чимээгүй нам гүм байгаа нь шөнө орой болсныг гэрчилнэ. Уулын амны нөөлөг даган хүй хүй үлээх үелзүүр салхинд моддын орой үе үе сэрчигнэх, хад чулуун дундуур харгиатан урсах бяцхан горхины шуугих эд бүхнийг шуулттай хаяагаараа Түвдэн чагнан чагнан хэвтэж байв. Өдөр олон хүний үймээн бужигнаанд ханхалж байсан архи тамхины эхүүн хурц үнэр цөм шөнийн сийрэг агаарт цэвэршээд одоо зөвхөн айрагны исгэлэн үнэр л сэнгэнэсэн хэвээр ажээ. Өдрийн ажилд сульдсан хүүхдүүд болон зуны халуунд гол тогоотой зууралдаж ядарсан хөгшин нь нам тайван унтаж байлаа. Гагцхүү Түвдэн өвгөний нойр яавч эс хүрнэ. Тэрээр огт ядраагүй хүн үү гэвэл ерөөс тийм биш. Ойгоо тэмдэглэж найр наадам хийж байгаа хүн бусадтай адил сул чөлөөтэй байна гэж яавч үгүй. Ямар зочин хэзээ ирэхийг хэрхэн мэдэх билээ. Хүн хүрээд ирэхэд гай болоод байхгүй байвал урьсан зочноо хүндэтгээгүй хэрэг болно. Тэгэхээр яая гэх вэ, идээ будаа зассан ширээний ард бүтэн тав хоног ёстой амьд бурхан шиг суужээ. Эвдэрч хэмхэрсэн, элдэв гэмтэл согог суусан мотортой өдөр шөнөгүй ноцолдож он жил өнгөрөхийг анзааралгүй сурчихсан ажилсаг өвгөнд ингэж өнгөрүүлсэн тав хоног нь үнэндээ таван жил шиг урт санагдана.

Тэгээд энэ хэд хоногоор бүх зүйл төгсдөг бол ч бас яах вэ. гэтэл энэ маань ажилгүй суухын төгсгөл биш, харин эх нь болж байдаг гэж санахаар уур нь аяндаа хүрч сэтгэлд нь аймшиг төрнө. Өрхийг нь хагас тэгшилсэн тооноор туссан сарны гэрлийг дэмий л ширтэн хэвттэл юу юугүй гэрийн тооно далбилзан хөдлөх шиг санагдав. “Толгой эргэж байнаа даа” гэж санаад нүдээ анилаа. Yнэхээр толгой нь эргэжээ. Оройтож ирсэн зочинтой тулгаад уучихсан хэдэн хундага архи, үймэрч байгаа сэтгэлтэй нь нийлээд өвгөнийг согтоож байв. Тэгээд аажмаар нүдээ нээлээ. Тооноор шагайх сарны зэвхий цагаан туяа, ягуухан зүүншилсээр нүүр дээр нь тусав. Сарны туяа тусвал саа дайрдаг гэж хууччуулын ярьдгийг санаад хөнжлөө толгой дээгүүрээ мухлайдан нөмрөв.

Гэтэл толгойд нь өдрийн олон амьтны тамхины халуун утаа, архины эхүүн үнэр шиг элдэв бодол манаран буцалсаар байв. “…Тэр үнэн гэж үү? Тийм бол ч зүгээр өнгөрөөхгүй дээ. Шууд л сайдад өргөдөл гомдлоо бичнэ. Хэрэв хүлээж авахгүй бол бүүр дээш нь мэдүүлнэ. Би хөгширсөн болохоос биш, хөдөлмөрийн чадвараа алдсан биш. Би тэдний ажилд ямар саад болоо вэ? Хэрэв саад болсон юм бол миний дутагдлыг улаан нүүрэн дээр минь хэлээд шууд л хөөчих хэрэгтэй шүү дээ. Ингэж ажил чирэгдэл учруулж, ой мой хийх ямар хэрэг байна. Уран аргаар хөөж байгаа нь энэ үү? Өөдгүй заль мэх. Дутагдлыг минь хэлээд хөөчихсөн бол би ингэж сэтгэлээр шаналахгүй амар тайван байхсан. Гэтэл тэгсэнгүй. Тэгсэнгүйгээр барахгүй нийт ажилчдыг цуглуулж, хурал цуглаан хийж намайг хоосон магтаж, цаасан малгай өмсгөж маяглаж байхад нь би яагаад ухаарсангүй вэ. Тэнэг амьтан. Бүүр хүүхэд шиг үнэмшчихээд индэр дээрээс Даш даргыг илтгэж байхад нь “Би ингэж хүндлүүлэхээр юу бүтээчихсэн хүн билээ?” гэж санахаас нүдний нулимс аяндаа гарч байсан шүү. Тэр бол баярын нулимс байлаа. Гэтэл өнөөдөр….

Дэрэн дээр нь дусал нулимс байлаа. Энэ тэгээд үнэн гэж үү? Ээ мэдэхгүй. Хэрэв үнэн бол юунаас болов? Даш хэдий дарга болсон ч гэсэн миний сэтгэлийг мэдэх л ёстой. Ер нь маргааш орж учраа дуулбал яасан юм бэ?