Уран зохиол - ЗурагҮргэлжилсэн үгийн зохиол

БАГШИЙН НОМ

Дэлхийн номын өдөрт зориулан нэрт зохиолч Жагдалын Лхагва агсаны “Багшийн ном” өгүүллэгийг хүргэж байна. Ном бүхэн багшаас эхтэй билээ. Үе үеийн багш нартаа зориуллаа.

Багшаас олон номтой хүн дэлхий дээр байхгүй гэж бид боддог байсан. Багш маань өрөөнийхөө нэг ханыг нилд нь эзэлсэн тавиур дүүрэн номтой байдагсан. Энэ хүрэн модон тавиурын долоон үе миний огт үзээгүй өчнөөн төчнөөн номоор дүүргээстэй, би энэ тавиурын зөвхөн дөрөвдүгээр үетэй чацуу байжээ. Тэр үе номын амтанд ид ороод байсан цаг тул шинээр гарсан уран зохиолын номыг дор нь олж уншчихаад шинэ ном гарахыг хүлээн тарваганы нүх сахисан анчин шиг анаж байдагсан. Унших ном эс олдоход өөрсдийн сурах бичгүүдийг хэдхэн хоногт уншиж дуусгачихаад бас ч дээд ангийн хүүхдүүдээс түүх, байгаль, амьтцаг зүйгээс эхлээд астрономын сурах бичгийг нь хүртэл гуйгаад үзчихсэн тул хожим багш нарыг хичээл заахад нь зэрэгцэж яриад амьтны ад болдог байж.

Энэ үедээ багшийнд очиж олон номыг нь үзсэн тул хаврын яргуй хөөсөн ямаа лугаа адил шунасаар багшийн зөвшөөрсөн бүх номыг уншиж дууссан. Зарим нэгэн номыг багц маань надаас буруулж тавиурынхаа долоо дугаар давцан дээр тавьдагсан. Тэгээд ч багшийн номын ихэнх нь орос хэл дээр тул тэр нь надад ахдаж, би тавагнаас шөл идсэн тогорууны үлгэрээр зөвхөн зураг, хавтсыг нь шохоорхох төдийгөөр сониуч хүслээ хангасан болж, орос хэлтэй хүмүүст атаархан хичээлээс тадуур өдөрт арван үг цээжлэхээр шийдэж билээ.

Багштайгаа би олон жил уулзсангүй. Саяхан хэрэг болгож гэрээр нь орвол одоогоос арван хэдэн жилийн өмнө байсан юм бүхэн бараг хэвээрээ, номын хүрэн тавиур, ногоон бүрхүүлтэй ширээний чийдэн, том хүлээн авагч цөм байрандаа, гагцхүү номын тавиурын дэргэд нэгэн шинэ шат нэмэгдсэн нь багшийн маань нуруу номынхоо дээд тавиурт хүрэхээ больсныг гэрчилнэ. Харин дунд тавиур дээр байгаа номыг өлмий дээрээ босож авдаг байсан шавь багшийнхаа номын тавиурын дээд шатанд хүрдэг болж, олон жилийн өмнө надад нээгдээгүй шинэ ертөнц шиг санагдаж байсан номууд хэзээний ижил дасал болж, тэдгээр номын хуудсыг сөхөж үзэхэд танил дүр, танил нэр дахин учрахаар шивэгнэлдэн авай. Гэтэл тавиурын хажууд шалан дээр тэвхийтэл хураасан олон ном адуунд нийлсэн хулангийн сүрэг шиг содон харагдсан нь дандаа англи бичгийн ном байлаа.

Энэ юун ном бэ? гэж асуувал, багш маань:

– Хөгшин азрага жороо сурдаггүй гэж худлаа юм билээ. Би англи хэл бие даан үзсээр одоо уншиж, бичдэг болоод байна. Тэгээд гадаадын ном сэтгүүл захиалан үзсээр өчнөөн номтой боллоо. Номынхоо тавиурт бас нэг шинэ үе нэмэхээс дээ гэж ярьж билээ.

Би их өсөж, их юм сурлаа гэж бодсон, багын хүсэл биелж багшийн номын тавиурын дээд үенд хүрлээ гэж бодсон. Гэтэл багшийн номын тавиур надаас өндөр хэвээр байгаа ажээ.

Багшийн номын тавиурыг гүйцэхгүй юм болов уу?

Жагдалын ЛХАГВА