Үргэлжилсэн үгийн зохиол

Өндөр Сүхээ гуай – Д.Маам

Миний сайн анд Дагуур нутгийн хүү, номд эгээрсэн гүүш, жирийн сайхан хүн, Түмэнжаргал агсны гэгээн дурсгалд зориулбай.

Гурван жилийн өмнө барилгын ТМС төгссөн Эрдэнэ˗Ус нэгдлийн туслах бригадын дарга миний бие өчигдөрхөн улсын комисст «Онц сайн» дүнтэй тушаасан зуун хүүхдийн дотуур байрын үүдэнд ёстой л данагар данагар алхалсаар хүрч ирэв. Анх удаа би энд аль нэгэн дутуу ажлыг гүйцээлгэх гэж биш, эсвэл бүр эхлээгүй ажлыг дэглэх гэж биш, зүгээр л өөрийн тааваар гэх юм уу, ер нь л огт өөр зорилготой ирж байгаа минь энэ юм. Бүтэн хоёр жил сэтгэлээ өгч, бүтэхгүй хийгээд осолдохын зовлон, бүтээх болон олох, олохын тул эрэхийн жаргалыг амсаж үргэлж буцалж даргилж явсан энэ газар яг одоо гэвэл намайг хэн ч шахамдуулан угтах ёсгүй байлаа. «Онц сайн дүнтэй шүү!» гэж бодоод нэгэнт дууссан, нүдэнд дулаан тэр байшинг харахад сэтгэл аяндаа гэрэлтэнэ. Огт өргүй, хийхээ хийсэн, хийлцэхээ хийлцсэн хүнд л тэр торгон хурамд надад төрж буй шиг бодол төрдөг биз ээ. «Маргааш өглөө шинэ байшингийн суурь˗нүх ухуулна. Дугуй булантай цай хадагт ороож тавих юм шүү» гэж би аархуу бодно. Алхаа маань улам идэрмэг болж явлаа. Говь нутгийн найман сарын салхин гэнэт бүлээнээр амилан, шил дарсан халимаг үсийг хөвсөлзүүлэн үлээхэд би уртаар амьсгаа татна. Цээж уужирч байв. Залуу насны хөөрч дэвэрсэн сэтгэл улам бадран оргилж «Арслангийн зулзага нь жигүүртэндээ хүчтэй яа хө!» гэсэн аялгуут үг, хүнийг биш ч хүний дархалсан дууг мөнхөлдөг хорвоогийн альхан нэгэн булангаас уужирсан цээжинд шуургалан орж ирэхүй дэлхий дээр би л ганцаар байх шиг санагдана. Би азтай хүн явлаа.

Цаг хараахан болоогүй байсан учир сургуулийн захирал Мажигсүрэн алга байгаад байрын довжооны хадан цагаан шигтгэж чимсэн цементэн хашлага дээр сандайлан саатав. Сүхээ гуайн саналаар ингэж хадан цагаан шигтгэсэн юм даа, тун аятайхан болж шүү гэж бодтол нэгдлийн захиргааны байшингийн зүүн буланг тойроод нэг хүн гарч ирсэн нь өндөр Сүхээ гуай байлаа. Дөнгөж хоёрхон жилийн өмнө ашиглалтад орсон зүрхэн сүмбэр оройтой хоёр давхар тэр байшин Сүхээ гуайн дэргэд тун залуухан, Сүхээ гуай тэр байшингийн дэргэд их хөгшин харагдав… Сумын төвдөө бол хаш цагаан ордонхон гэж хэлэгдэхээр тэр байшинг Сүхээ өвгөн дангаар биш ч Сүхээ өвгөн голлож бүтээсэн юм. Байшингийн суурийг тавих ёслол дээр амлалт авч байсныг нь санав. Ийм ч хөгшин байгаагүй сэн. «Сүхээ гуай шиг ажлын төлөө төрсөн хүмүүс идэр наснаас нь үлдсэн цог золбоо, хур хүчээ, үл шавхагддагаараа хосгүй, өгөөж сайн сэтгэлийнхээ хамт тэнгэр нь газартаа хур хайрладаг шиг хөдөлмөртөө соёрхож, хорвоод залуу залуу бүтээл туурвилаа соёолуулан орхиод өөрсдөө хөгшрөн оддог ажээ!» гэсэн бодолтой тамхиа хувааж нэрэх зуур пир пир алхалсаар над руу дөхөж яваа Сүхээ гуайгаас би нүдээ салгахгүй суулаа.

Манай бригадын мужаан энэ эцэнхий өндөр шар өвгөн Сүхээ нэрдээ тун зохисон хүн. Үе тэнгийнхэн нь түүнийг «Өндөр» Сүхээ гэхээс гадна «Сүх» Сүхээ, «Хангинуур» Сүхээ гэж хочилдгийг би ажигласан юм. Тэгж шогчлон дуудахад лавтайяа хорин жил мод цайруулж, хадаасны толгой шигтгэж яваа урт иштэй муу хангинуур нь нүдэнд үзэгдэнэ… Харин хангинуур нь хаа нэгэнтэй хэвтэж байвал Сүхээ гуай хаачсан юм бол доо гэж үгүйлэгдэнэ… Яах аргагүй сэргэлэн хангайн шилээс сорлож авчирсан идэр цагаан хусны мөчрийг долоон улирлын нар салхинд эвшээж шаантагласан боловч түүний муу сүхний иш нэгэнт ажилд нэвтэрч олон жилийн балбалтад энд тэндээ цуурч зад яваад, бас ухнын хошуу болтлоо халтайж тун ч нэг эг маггүй хөгширсөнтэй адил зуугийн хагасыг их хэтэрсэн өвөө насны энэ эрхэм бас л өнгөрөх ёозыг олжээ. Хээр хонож, хэц дэрлэсэн нь өдрөөр биш, сараар ч биш, бүр жилээр тооцогдох ёстой болсон тул тэр сайхан хүний уг нь цагаан шаргал царай итгэгдэхэд бэрхээр хар болсон аж. Цагаа ирэхлээр хоёр пүүгийн дөш хүртэл олгойтой ус мэт шалчийдаг төмрийн хаан хуурай ч дарханд тоогдохыг нэгэнт болиод хурууны хээ мэт үрчлээс төдий ортой гөлчгөрхөн төмөр болж өөрчлөгддөг, мөнх биш хувирамтгай хэр нь мөнхүү мөнхийн байж чаддаг энэхүү орчлонг ер юу гэх билээ дээ!

— За сайн байна уу, Сүхээ гуай!

— Сайн байна аа, дарга та сайн байна уу! Захирлыг намын дарга дуудсан гэнэ. Таныг хүлээсний хэрэггүй гэлээ.

— Өө тийм үү, за тэгвэл явъя даа. Ингэхэд та чинь илүү цагаа нөхөж амрах ёстой биш сэн бил үү? Юунд энд яваа юм бэ.

— Хоёр давхрын мухрын өрөөний хаалганд яльгүй нойтон банз орчихсон юм. Одоо л эвэрч эгшсэн байх учиртай, шахъя уу даа! гэж ирлээ.

Хоёр жил ноцолдож өчигдөрхөн тушаасан энэ байшин бага ч болов дутуу байна гэдгийг хүлээх болсон минь надад эвгүй сэтгэгдэл төрүүлэв. Саяхан хөөрч оргилж байсан дэврүүн бодол уурших мэт замхран одож билээ.

Нөгөөх урт иштэй хангинуураасаа дутуугүй хайрладаг ногоон илгэн уутаа Сүхээ гуайн барьчихсан явааг би одоо л ажиглалаа. Уутаа миний хөлийн дэргэд тавихад ам нь доош шалчийн сууж, дотор нь хийсэн төмөр иштэй орос алх, нарийн гарын харуул, бас жижиг лаазтай цагаан будаг, багц үзэгдэв. Харин хангинуур нь хэзээний солгой тэр өвгөний гарт онгио хүртэл цайвалзан, урт халтар ишиндээ ёнхойж харагдах нь үнэнийг хэлэхэд миний эгдүүцсэн сэтгэлийг яггүй хатгав.

— Та чинь одоо нэгэнт хүлээлгээд өгчихсөн, өгөх өгөхдөө «Онц˗сайн» дүнтэй өгсөн байшинг задалж ажил удах гэж яваа хүн үү! Харуул хөрөөний засвар хийхээр ир ээ юу даа? гэж би нэг мэдэх нь ээ ёозгүйхэн дуугарчихсан байлаа. Миний харц өвгөний нүдэн дээр нэг тусч гялталзан цайвалзах сүхний онги дээр нэг тусч байв. Миний эгдүү уцаар Сүхээ гуайгаас сүхэнд нь илүү төрж байсан юм. Үүнийг мэдрэхдээ би гайхаагүй билээ. Сүхээ гуайг өөд татдаг юм тэр сүх байсны дээр Сүхээ гуайг хааяа хэвтэрт ортол нь ажиллуулж уруу татдаг юм бас л тэр сүх байсан болой… «Нээрээ тоглоом биш нэгэнт өндөрлөсөн ажлыг дахин задалж хангинуурын дуу хадаах нь дэмий хэрэг!» гэж би бат нот бодно. Бас «будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр юунд л ингэж явдаг юм бол доо!», «Долоон хөл зовлогоо ч амраадаг болоосой!» гэж өвгөнийг өрөвдөнө. Гэвч би хайраа дотроо хадгалж, мань эрийг зэмлэнгүй ширтсээр довжооны хашлага дээрээс яаралгүйхэн бослоо. Тэгээд,

— Алив наад сүхийг чинь үзээд орхиё! гэж огцом хэлээд гараа эрмэг тосвол, өвгөн:

— Та, та… яах нь вэ?! гэж хоолойгоо зангируулан хэлээд хангинуураа ардаа барив.

— Яах вэ, зүгээр л барьж үзье!

— Таны харц сүртэй байна… Энэ бид хоёр одоо алив идэр орчлонгийн гарын аяыг даахыг больжээ. Чулуудаж орхивол онги нь бут явна шүү дээ! Төмрийг ямар боож баглаж болох биш. Би ядарсан мужаан хүн, гараас минь дутахгүй гар болсон сүхнээсээ салчихвал яана!

Өр минь нимгэрэх шиг болж би өвгөнд баярлан инээмсэглэв. Муу санаа санаж сүхийг нь үнэхээр аваад чулуудчихъя гэж бодсон хүн ч бас инээмсэглэх байсан буй заа. Сүхээ гуай «Ёнхороо» өмнөө гаргаж ирлээ. Намайг үл итгэх харцаар ширтсэн хэвээр хангинуураа хоёр гараар зуурч элгэндээ аваачиж тэврэв. Тэгээд:

— Дарга минь, үгүй дээ, тийм сүйдтэй засвар хийх гэж байгаа юм биш! Үртэс зоргодос бараг гарахгүй. Бага зэрэг гарна, би өөрөө цэвэрлэчихнэ ээ. Сэтгэл нэг л дундуур болоод хүрээд ирлээ…

— Таны сэтгэлийг би ойлгож байна. Тэгэхдээ хүлээлгээд өгчихсөн байшин шүү дээ, зарчмын хувьд ердөө ч таарахгүй! Илжиг модон хударгадаа гэж үг бий. Та ингэж явж байж ядарчихна. Хоёр хоног амар гэсээр байтал… гээд би үгээ таслав. Гэнэт шөнө унахын адил өвгөний хар царайд сүүдэр татаад шар өөх хурсан хөгшин хөвхөр нүдэнд нь үзэгдэж эхэлсэн сэтгэл тэнүүн байдал алга болоход би ухуулгаа аргагүй зогсоосон нь тэр.

— Та намайг илжиг гэж. Таны ч, миний ч хайртай барилгынхаа ажлыг модон хударга гэж байгаа биш байх л даа!..

— Үгүй, үгүй яалаа гэж, яалаа гэж! Би таныг амраасай гэсэндээ л будилж, эвгүй зүйрлэж орхив. Ер таныг гомдоох гэсэнгүй билээ.

— Би өтлөөд гомдомтгой, бас чихэрт дуртай болсон маань үнэн ч, танд огт гоморхсонгүй, харин ч илжигтэй нэг зиндаанд тавиулна гэдэг аз гэж бодож байна!

Өвгөнийг харвал үрчлээс, батга хоёрт баригдсан ойн хар хөрс мэт тослог хар нүүрэнд нь тоглож тохуурхсан буюу намайг тавлаж цаашлуулсан янз алга байв.

— Зөгий, шоргоолж, илжиг гурав хорвоогийн ховор тэсвэртэн, ховор хөдөлмөрч амьтад шүү! гэж өвгөн хэллээ. Түүний үг өөртэй нь адилхан энгийн үнэн, гүдэс цагаан байв. Би дуугарсангүй, бодлогошрон зогслоо.

— Тэд өөр өөрсдийнхөө төрөлд хосгүй хүчтүүд боловч хосгүй энхч, бүтээлч, юу гэмээр юм бэ дээ, дайнч хийрхүү биш гэмээр амьтад юм аа. Тийм байгаль төрх бол нандин чанар шүү, хүү минь!..

Сүхээ гуай намайг «хүү минь» гэсэндээ баахан эвгүй болж мушилзав. Дараах хурамд түүний урт буурал хөмсөг босчихсон эрвэгэнэн хөдөлж байна уу даа гэхээр сүртэй харагдаж байлаа.

— Та үнэн юм ярьж байна, энэ чинь гүн ухаан байна.

— Үгүй л дээ, дарга минь энэ бол гүн ухаан биш байх, энэ бол зүгээр л хар борог амьдралын захын үнэн болов уу!

Би илжигний тухай яриаг орхих санаатай:

— За хөөрхий, тийм байдаг байж, илжиг ээ гэж сонин амьтан шүү!.. Өөр юутай вэ, Сүхээ гуай. Та тэгээд засвараа хийвэл хий л дээ.

— Сонин амьтан шүү гэнэ ээ? гэж яриан дундуур орж ирсэн нь өвгөн миний үгний сүүлийг огт сонсоогүйн тэмдэг байлаа. Цааш хүүрнэх нь:

— Илжиг яагаад ч юм бэ, муу нэртэй боловч би түүнийг хайрладаг. Урт чихтэй төрсөн нь тэр адгуусны буруу биш л дээ. Үүрсэж янцгааж чаддаггүйн учир түүнд гэм оноож бас болохгүй. Адгуус болгон хүлэг байсан бол модон хударгад юу дөрөөвчлүүлэх вэ. Юун нь ачуулж тэгнүүлэх вэ! Одоо ч яах вэ, техникийн зуун. Илжигний зуун гэж байгаагүй байх л даа, гэхдээ л илжигний үе гэж байсан байж таарна. Энэ бол их тархсан амьтан, би ганцхан монгол нутгийнхаа хэмжээнд яриагүй байна…

— Тийм ээ, бага Ази, Ойр болон Дундад дорнод, Кавказ, Энэтхэг, Хятад ер нь газар болгонд байдаг байх аа… Сүхээ гуай уучлаарай. Таны амьдралд энэ адгуус нэг л сайн үйл гүйцэтгэсэн учиртай юм аа даа?! гэвэл Сүхээ гуай над руу ухаантай хийгээд гунигтай дөлгөөн бор нүдээ өргөв. Тэгээд удаан харав. Тэгснээ хадан цагаан шигтгэсэн довжоо дээр сууж, ёнхор хангинуураа өвөр дээрээ тавиад, хар халтар ишийг нь хүүхдийн зулай мэт аяархан илбэв. Энэ бол урт ярианы эхэн байж билээ.

Монгол морины холын садан байж ч болох энэ амьтан намайг эх оронд минь хүргэж авчирсан юм даа!

— Үгүй ээ, яалаа гэнэ ээ? Та өөр газар оронд явсан юм уу?

— Тийм ээ, тэгсэн юм. Би Манжуурын толгод, Хиросимын гудамж энээ тэрээ гээд холын нутаг хэрсэн хүн шүү…

Миний нүд орой дээрээ гарсныг үзэж:

— Та гайхаж байна уу? Завтай бол би хуучилъя л даа гэв. Би:

— Завтай! гэв.

Сүхээ гуайн өгүүлэх нь:

«Би нэгэн мянга есөн зуун арван таван оны төл, одоо жаран тав хүрлээ… Гучин хоёр оны үймээний жил говийн хойд зоогоор нутаглаж байсан манайхны хэсэг айл муу хүмүүсийн хоморгод автаж, өсөхөөс заяасан нутаг усаа орхин Дотоод Монгол руу зулбан очиж суурьшсан юм. Аав минь башир үгэнд залгиулж чадагдсанаа удалгүй ухаарч, төрсөн газар шороогоо гансран мөрөөддөг болов. Ээжид нэг удаа:

— Долгор оо, урьд шөнө би Галбын шаргал говийнхоо зэрэглээнд умбаж тоглож, тэгээд уусаж алга болж байна гэж зүүдэллээ гэж ярьж билээ.

— Яадаг билээ юуны дохио юм бол! гэж эх дуу алдав.

— Харин тийм, сайхан хэр нь сонин зүүд юм! Би бодох нь ээ энэ бол төрөлх Монгол орондоо даруй нүү гэсэн тэмдэг байх ёстой гэж бодно. Унасан газар шороондоо шингэж ширгэх шиг жаргал хаана гэж аав хариулав.

— Таны минь таалал л мэдэж дээ! гэж ээж дуугарч суув.

Тэгээд л шөнө дунд нүүгээд хөдөлчих нь тэр. Нүүх юу байх вэ, хамгийн хэрэгтэй гэснийгээ л ганц муу өндөр шар атандаа ачаалсан даа. Аав морьтой, эх бид хоёр явган. Үүрийн гозон гэгээтэй уралдаж хилийн дээс алхана гэсэн маань байдаггүй, төөрчихдөг байна. Хийвэл битгий ай, айвал битгий хий гэгч болжээ. Шөнө хүлээх арга алга. Буцах замд бууны гох дээр дайсны хуруу тавиастай учир ухрах газаргүй, бидэнд эх орноо тэмцэн шамдах ганцхан зам үлдэв. Нэлээд ч дөхчихлөө. Зуны нар тэнгэрийн зулайд цойлсон үе, гэнэт битүү нүргэлсэн их чимээ гарсан нь халуунаа багтааж ядаж байсан нар дэлбэрэх шиг санагдаж билээ. Ээж хэлэв;

— Очир чи яв. Монгол нутгийнхаа гүн рүү орж үз. Чиний морь сайн, зугтаа. Харж байна уу, гурван морьтой хүн шуургалан орж ирж байна. Очиж эх орноосоо уучлалт эрвэл бид хоёрыг ч гэсэн буцааж авна, говь шигээ сэтгэл нь уужим эх орон минь! Очиж соёмбот тугтаа мөргө! гэлээ. Би хэзээ ч ээжийг ийм үг хэлнэ гэж санаагүй юм сан. «Чи урт үстэй ч урт ухаантай хүн шүү! Хүү бид хоёр азтай улс юм аа» гэж нэгэнтээ аавын ээжид хэлсэн нь миний санаанд орж байв.

— Харин ээ, Долгор минь?! Үхэвч сэхэвч гурвуулаа хамт нь дээргүй юу! Уг нь нутаг минь саахалтын газар л… гэж хэлтэл нь аавын минь үгийг гүйцээхгүй гэсэн шиг дахин буун дуу тасхийв. Эцэг эмээлийнхээ бүүргэнээс хальт шүүрэн атгаад хонгор мориныхоо дэлэнд эвгүй бөхийсөн нь шархадсан хэрэг байлаа.

— Амьсгалахад хүнд байна. Нүд юу ч харахгүй болов. Амьдрал төгслөө… Морийг минь ташуурдаад өгөөч. Нутгийнхаа шороог үзэж… гэж арай ядан хэлээд бүүргээ алдвал, арханд пижигнэх туурайн чимээнээс цочиж, халиун нь огло үсрэн давхилаа. Нүдний үзүүр тусах эс тусах газар очоод аав, морь хоёр салав. Морь нь баруун хойш гэлдрэн одоход тэнгэр газрын савслагаас зэрэглээн тэнгисийн бөөн долгион хүрч ирээд аавыг хаман авч одох лугаа адил алга болговой. Галбын шаргал говийнхоо зэрэглээнд аав минь умбан тоглож, уусан шингэж байгаа нь энэ үү дээ, мөн ч хатуу хорвоо еэ гэж би төлжиж гүйцээгүй дэгдээхэй ухаандаа бодлоо. Морин дээрээсээ халин, төрөлх элсэндээ шингэж арилсан аав, хилийн гадна дайсанд бүслэгдсэн явган хүү наддаа азтай хүн санагдана. Эх орон, аав хоёрыгоо нэгэн зэрэг бүрмөсөн алдаж байна уу даа гэж би дотроо харлуулан зогсов.

Муурч унасан эх цагийн дараа сэргэхэд хилийн гурван цэрэг биднийг буцааж туулаа.

Ингэсхийгээд суурьшсан болж, шар хоног бор өдрийг өнгөрөөж байгаад төрөлх говийнхоо мэлмий нааш харсан өдрийг олж хөдөлбөл нутагтаа харьчихна даа гэж эх ярьдаг байж билээ. Дүрвэсэн айлуудын ихэнх нь буцаж амжсан. «Надад, эрийн ухаан дутаж, чамд эрэмгий бяр дутаж бид хоёрыг бөгсөө даахгүй байсаар суутал хил бүрмөсөн хаачих вий» гэж ээж үглэдэг байв. Үнэндээ гэвэл юм юмны тохироо нэг л бүрдээгүйгээс, гол нь бид хүмүүсийн хараанд орчихсоноос хөдлөх аргагүй байлаа. Ээжийн тухайд гэвэл тэр минь миний нүдэн дээр улам улам л өөр хорвоо болж байсан юм. Зарим төмөр галд ороод шавар болж бутардаг байхад, зарим төмөр ган болж хатуурдаг гэдэг эх минь ган болж хатах төмөр байжээ.

Харамсал болоход эхийн болгоомжилсон нь онож Монгол руу оргох гэсэн өвөрлөгчийн хэдэн гэрийн хамт гоминданы түшмэлийн шийдвэрээр гурван сарын дараа манайх гэдэг айлыг Манжуурын толгод руу нүүлгэх болов оо. Тэр нүүдлийн аяныг тэр чигээрээ зовлонгийн далай байсан гэвэл хилсдэхгүй! Гэхдээ л туулах л ёстойгоос хойш туулсан даа. Биднийг, заагдсан газраа зорьж нүүж явахад япон цэрэг бас тэр газрыг зорьж нүүж явжээ. Бид ч Манжуурын толгодод хүрсэн. Манжуурын толгод ч Японд эзлэгдсэн дээ. Мэдээжийн энэ бол бид ч эзлэгдлээ гэсэн үг. Нуур амаргүйгээс хойш нугас юунд амар байх билээ! Яргуй мишээж, харгуй борлонтож, таван сарын явган зэрэглээ татсан өдөр юм сан. Салхин зөөлөн зөөлөн үлээнэ. Говийн минь баян бүрдийн ус шиг тэр салхин бас бидрэнтэж байх шиг санагдана. Ийм өдөр бид нэг аятайхан гэсэн дов олж буугаад, би муу овоохойгоо босгосон шиг байв. Ээж минь бор цайгаа өндгөн тогоондоо чанаж дуусаа юм биз.

— Хүү, хүрч ир. Хоёул гадаа цайлъя гэж дуудахад нь би хүрч ирэв. Хоёр хоёр аяга цай ууж амжсан маань л их юм болж билээ. Сургаа та нарт олонт сонсгосон, одоо зүсээ харуулна гэсэн шиг япон цэргүүд шуургалаад ирэх нь тэр. Нар салхи эзэгнэсэн хүлгийн тоост монгол хүний нүдэнд яах аргагүй зэвхий цагаан царайтай, ижилхэн ногоон даавуун өмд цамц өмссөн, хятад алхаандаа шалмаг явдалтай тийм хүмүүс байлаа, япон гэдэг. Тэд мөн ч олон хятад, манжийн амиар наадаж олон тосгоны нь хярвасалсан даа! Бид хоёрт түйвэх сэтгэл байснаас, түйвээлгэх хөрөнгө байсан биш! Харин эх орноос минь үлдсэн ганцыг мэдсэн хэрэг байлгүй, өндөр шар атыг минь авсан юм. Миний нүдэнд нулимс мэлмэрэн гарч ирэхийг атныхаа араас харж зогссон эх ажиглаж:

— Унхиатай байж үз! Хөгшин эм надаас дор уу, чи! Ямар монгол эх орноо гэсэн санааг чинь эд авчихсан биш. Авчхаж чадах ч биш! гэж хэлээд дээлийн минь арыг гайгүй хөөргөж байсан юм сан. Эр хүн хэтэрхий элгээ дарж бүслэх нь хүүхэн ёоз, унхиагүйн тэмдэг гэж эх боддог байжээ.

— Хүү чи эр хүн болох гэж яарч, яарсныхаа хэрээр ч эр хүн болж байна. Гэхдээ л чиний ясны араншинд байдаг юм уу, охин намба үзүүлэх чинь их юм. За за, яншихаа больё. Япон биднээс юу авна гэж эргэж ирээж. Нэг самуурай аавын чинь баруун гар явсан хангинуурыг авснаа, тээр шаасан хэрэг биз зүүн тийшээ чулуудаж орхино билээ. Тоос манараад ойчихыг нь би харсан, явж авчир, гэж ээж тушаав. Би ч бас харсан байлаа. Би ч бас хэлүүлэлгүй очоод л авчих байлаа. Харин хангинуур аавын баруун гар явсныг эх зориуд буюу тохиолдлоор сануулсан нь миний хувьд ухаан нь гологчид Эрдэнэтийг нээсэн шиг л хэрэг болж билээ. Хороогдсон мужаан ааваа орлож би гэдэг хүн чухам мужаан л болох учиртай юм байна гэж тэгэхэд л эргэж буцах замгүйгээр ойлгосон юм. Аавын баруун гар явсан сүх миний баруун гар болно гэж бодоход юу гэмээр юм бэ дээ… сайхан л байсан даа. Адаглаж ертөнцийн мужааны тоо ааваар хорогдсон ч надаар нэмэгдэх ёстой байв. Энэ бодол намайг баярлууллаа. Тоос хадаан гүйсээр аавынхаа сүх дээр очсон юм сан. Сэвтсэн ч үгүй, эмтэрсэн ч үгүй байгаад нь сэтгэл хөөрч онги дээр нь үнсэхдээ ээж харчихсан байх вий гэж дотроо их л хулчийж билээ. Харин тэгж төмөр үнссэнийгээ одоо ч охин араншин гэж боддоггүй юм. Сүхээ аваад эргэхдээ газраас ургасан тэнгэрээс унасан алин болохыг бүү мэд хажууханд минь нэг муу илжиг бэгцийн зогсохыг үзэв. Ээжид ирээд хэлбэл:

— Саяын муусайн самуурайнууд орхичхож л доо. Дээрэмчин цэрэг ядуу хүний алх сүхийг данслахаас наагуур хурааж байхад, дээрэмдүүлсэн бид тэр цэргийн бүхэл бүтэн адгуусыг хардаггүй байна шүү! Энэ лав дайны ухаан гэдэг нь байлгүй дээ. Очиж үзье гэлээ. Бид очиж үзэхээр явав.

— Хөөрхий энэ амьтны тураал нь гүйцэж ясан хэдрэг нуруу, янгирцаг сүүж хоёр л үлдэж дээ. Шороо нь энд овсхийгээ юм биз. Үгүй ээ, энэ чинь юун их унжсан гэдэс билээ? гэснээ эх тэмтэрч үзээд:

— Хээл нь тулсан хөөрхий байна шүү дээ. Ийм зовлогод давхар бие ачаад энэ амьтан яаж үхэр буу даах вэ. Хариугүй унагалах нь! гэж бодлогошрон хэлэв. Тэгээд толгойгоо дээш өргөж зоримгоор:

— Төл хүлээж авахад бэлдье! гэлээ. Энэ үед манай гаднаас хөдөлсөн япончууд хамгийн ойрмогхон байсан манж нарын суурин руу очиж хярваслах ажлаа хийж эхлэв. Цагаан суурин хүрэн улаан гал болж хувирах нь цусандаа хутгалдан амь тавьж байх шиг санагдана. Удалгүй хар нурам боллоо. Амь тавьсан нь тэр ээ. Үүнийг хараад би бодов. «Эд япончууд эвдлэн сүйтгэж байхад, эднээс дутуугүй бүтээн босгогчид бас байх ёстой. Заавал байх ёстой. Тэгэхгүй бол юу болох вэ! Миний мужаан болох учрын тэн хагас нь энд байна!..» Ингэж би түрүүчийнхээ олсон бодлыг гүйцээсэн юм сан. Гэвч мужаан болоход мужаан болох хүсэл, хангинуур сүх, нялх биетэй илжиг гурав их дутаж байлаа. Тэгэхдээ эцсийн эцэст л энэ гурвынхаа хүчинд мэргэжилдээ хүрсэн. Хүртлээ хагас жил болсон. Энэ хооронд, энэ хооронд гэдэг маань японы эзлэн түрэмгийллийн уур дарагдтал гэсэн үг, амь зуухын тул зүглээгүй зүг, зүхүүлээгүй хараал, хийгээгүй хар ажил үгүй. Удалгүй япончууд хүнд байшин сав хэрэгтэй гэдгийг ойлгож оромж овойлгохыг зөвшөөрөх болсон юм. Ээж, илжиг хоёр шавар зөөнө, сүх бид хоёр модон дээр ажиллана. Хэрээс нь хэтэрсэн ажил өгөөд өөрөө хэрдээ таарсан ажил авахад надаас сүүлд ядардагт нь би илжгэндээ баярладаг байв. Нарнаас нар хүртэл ажиллаад буцахдаа ээжийг би дагаад, илжиг намайг дагаад илжгийг унага нь дагаад явдаг сан. Сүүлдээ цувааны тэргүүнд би гардаг болсон юм. Цэргийн хэлээр бол парад командлагч нь гэх үү дээ. Бид дайнд сүйтгүүлсэн мөн ч олон байшингийн сэгийг зайлуулж, мөн ч олон суурин сэргээн босголцсон доо. Ажил маань амьдралгааны хэрэгцээ байснаа бусдын амьдрахын хэрэгцээ болж хувирч байна гэдгийг би ойлгож билээ. Нутгийн манж нар биднийг «энхийн жагсаал» гэж хочилдог сон. Биднийг гэдэг маань ээж бид хоёр тэгээд хоёр илжиг шүү дээ! Бас «барилгачдын бригад» гэдэг ч нэр зүүв дээ. Жилийн дараа ганц өрөө байшинтай болж би ч эрийн цээнд хүрч, илжигний унага ч илжиг болж өслөө. Энэ бол эрдэнэт нутгийнхаа босгыг дотогш алхахын тул нэг үзээд алдаж болно гэсэн үг! Гэвч даяар олноор цаг төр үймж Халхын голын дараа хоёрдугаар дайн шатаад зүүн зүгт ч байдал хурцадсан нь зуд боосон шиг л болж, бидний оргох зулбах санааг бэрхээр хашив. Тэснэ тэснэ гэхэд хэмжээ байдаг юм билээ. Ээж хоёул ярилцаж 44 оны 12 дугаар сарын 22˗ныг товлон авлаа. Хамгийн урт шөнийг сонгосон нь тэр. Бэлтгэлийг ч мөн ч олон хоног нарийн чамбай хийсэн дээ. Газрын зурагархуу юм хүртэл зэхсэн юм сан. Шөнө дунд хагаслан мордохоор болоод эжий хөгшин илжгэндээ хөл хөндийлж, би залууг нь дөрөөвчилнө гэж тохиролцоод хэвтэв.

— Хүү минь чи хангинуураа бэлдсэн биз! гэж ээж гэнэт асуулаа.

— Ямар мужаан хийх гэж яваа биш, аваагүй ээ, гэж би шогчлон хариулав. Яг энэ үед хаалга нүддэг байна шүү. Хэчнээн чанга балбасан гэж санана. Би ч давхийлээ, ээж ч давхийлээ. Дараах хурамд хоёулаа зэрэг орон дээрээ шомбойтол суучихсан байв. Япончууд орж ирэв. Хятад лааны гэрэлд үүдэнд зогсох тэдний царай төдий л сайн ялгарсангүй. Харин ээж бид хоёр биеэ тун сайн харж байлаа. Сэтгэл гэдэг ямар ч их нүглийг багтааж чаддаг сав юм байна билээ! Ингээд л баригджээ гэж бодсон би ээжийг сэжиглэн харвал, ээж намайг илүү хортой, хорсолтойгоор сэжиглэн харж байв. Хоёулхнаа хуйвалдчихаад, хоёулхнаа оргохын босгон дээр баригдах болдог! Надад ээж минь Эрдэнэ˗ Ус баян бүрдээсээ олон дахин хямдхан санагдаж билээ. Тэгтэл япончуудын нэг нь дэмий нэг юм ам нээж нүглийн хүлээс тайлагдах нь тэр.

— Шөнө дунд тав алдуулж яваадаа уучлалт эрье! Ноён Сүхээ таныг Японы Хиросим хотод гурван жилийн хугацаатай нарийн мэргэжлийн сургуульд илгээхээр шийдсэн. Муухан мужаан Та лав л дунд зэргийн болж ирнэ гэсэн үг. Жил болгон амралтаар чинь ирүүлнэ. Их наран улсын эзэн хааны өмөгт өлмийд ойрхон очих өндөр завшаандаа Та баярлаж байна уу! гэнэ. Би ээж рүү харвал ээж толгой дохиж суулаа, Би:

— Би баярлаж байна! гэсэн юм сан. Өглөө нь эх намайг мордуулахдаа,

— Буутай гурван цэрэгт чи бид хоёр өөр ямар үг хэлэх билээ дээ! гэсэн. Харин аавыг нас барснаас хойш надад нулимсаа бараг үзүүлээгүй ээж гаргаж өгөхдөө уйлсан. Урьд шөнө нь хүйтэн харц зөрүүлснээ санаад ч тэгж уйлсан байж болох юм. Үнэхээр өнгөрсөн шөнийн тэр нэгэн агшин өмнө хүлээж байгаа Хиросимын гурван жилээс ч хар байлаа. Би эхийн толгойг илж:

— Эх Та намайг хүлээж байгаарай. Эх орон минь бид хоёрыг хүлээж байгаа гэж хэлсэн. Анх түрүү төрсөн ээждээ том үг хэлж байгаа маань тэр.

— Хиросимд 45 оны 1 сарын 15˗нд очсон санагдана. Ээжтэйгээ ярилцаж тохиролцсон ёсоор улсынхаа элчин сайдын яамыг сэм сураглахаар Токио хот оров оо. Бүтэн хоног тэнээд ямар ч үр дүнгүй. Тэгээд арга барахдаа төв цагдаагийн газар нь очиж баривчлагдахаас наагуур юм болж билээ. Гозгор цагаан дарга намайг доромж нүдээр шог хараад:

— Одоохондоо Хятад манай хоёрын дундын өмч байгаа, мөд удахгүй Хятадтайгаа хамт Их наран улсынх болох ганцхан Монголыг би мэднэ. Өөр Монголыг би мэдэхгүй! гэж агсрахад нь би сүү долоосон гөлөг шиг л гарч одсон. Харин дотроо: «Та нар Халхын голд хэнд муугаа үзэгдсэнээ, яаж муугаа үзэгдсэнээ мартаагүй баймаар сан!» гэж хорсон зүхэж явлаа. Гэхдээ л энэ бол жадны үзүүрт зүрхээрээ тулж очсонтой адил гэнэн хийсэн том алдаа байсан юм… Би өөрийгөө зэмлэсээр Хиросимд буцаж ирэв.

Байрын хаалгаар орвол тогооч авгай гудамд зогсож угтлаа. Түүний уриалгахан инээмсэглэл миний сэтгэлийг засах гэсэн юм шиг санагдана. Нутгийн орос тэр эмэгтэй намайг юу гэж явсныг мэдэхгүй байж, хэрэг зориг хэрхэн бүтсэнийг асуусанд би түүнд урамгүйхэн хариу тавив.

— Би удалгүй Хабаровск бүрмөсөн явна. Надад урилга ирчихсэн. Чи Монгол руу захиа илгээх бол надаар явуулчих. Москва дамжаад л хүрнэ гэж мэдээрэй! гэв. Би тэгэхэд нь:

— Харин ээ! гэж хариулав. Үнэндээ хэнд ч захиа явуулах байлаа даа. Тэгээд үсэг бичгээ ч мэдэхгүй хүн шүү дээ би чинь!

— Чи юунд «харин ээ» гэж байгаа юм бэ? Нэг бол за, нэг бол үгүй л гээч! Би бол эх орондоо явлаа гээд л явж байгаа юм.

Би шууд ам өгөхөөс бултах санаатай Галя гуайн цэнхэр нүдийг зөөлөн харж:

— За, үгүй хоёрын хооронд бүхэл ертөнц багтдаг гэсэн байх аа гэж займруулбал:

— Тэгэлгүй яах вэ, энэ хоёр үг, үнэн, худал хоёр шиг, үхэл амьдрал хоёр шиг үгсийн хоёр туйл юм чинь. Эдний хооронд чиний эргэлзэж байгаа чинь багтана. Чи өөрөө ч багтана… Яамай даа, тоглосон юм. Ингэхэд чи оросоор за, үгүй гэдэг хоёр үгийг мэдэх үү?

— Би оросоор ганц ч үг мэдэхгүй.

— Бүх үг энэ л хоёрын завсар багтах учир энэ хоёроос эхлээд хоёр захаас нь хамаад сурчихгүй юу! Адаглаж надтай танилцсаны дурсгал болог л доо!

— За тэгье, заагаад өг.

— За гэхийг «да» гэдэг юм. Үгүй гэхийг «нет» гэдэг юм.

— Да нет, да нет, да нет… За сурлаа гэвэл Галя гуай тас тас инээж:

— Одоо монголоор надад хэлж аль. Чамтай танилцсаны дурсгал болог гэв. Би дуртайяа хэлж өглөө. Токио ороод миний хөрсөн сэтгэл одоо дулаацаж байгааг би мэдрэв. Галяг гуайлахгүй «чи» гэж дуудаж байна гэж шийдлээ. Ингэх нь миний түүнд дотноссон сэтгэлийг илэрхийлэх ёстой байв.

Найман сар гарах дөхлөө. Би уг нь ээжийгээ, эх нутгаа жаал жаахан санаад л байсан юм. Гэтэл нэг шөнө зүүдэлдэг байна. Ямар зүүд байсан гэж санана аа! Манан хүдэн ч биш, май утаа ч биш ер юу нь үл мэдэгдэх нүглийн их бие ертөнцийг ороосон байх юм. Гэтэл гэнэт гал мөндөр хоёр зэрэг буудаг байна. Галдаа тэр, усыг шатаадаг гал байлаа. Мөндөртөө тэр усан дээр унаад гал болдог мөндөр байлаа. Бүх газар орон галав юүлэхийн угтал ч байж мэдэх аюулд нэрвэгдээ юу гэж бодтол миний эрэг дээр нь унасан Галбын говийн Эрдэнэ˗Ус баян бүрд нүдэнд дурайн үзэгдэв. Эрэгт нь нэг хүн зогсож байх юм. Сайн харвал ээж минь! Ээж баруун мээмээрээ намайг даллаж байв. Үг хэлэхгүй юм байх даа гэтэл үг хэллээ. Сайн чагнавал; «Хангинуураа битгий мартаарай!» гэж байна. «Хүү нь яаж очих билээ?» гээд хашхираадахсан чинь дуунаасаа цочоод сэрчихсэн юм. Дөнгөж нэг цаг болж байв. Тэр шөнө унтсангүй. Ингээд л гэртээ харих өдрийн бодол шөнийн зовлон эхлэх нь тэр. Өвчин олохыг дөхлөө. Яаж ийж байгаад чөлөө авахаар болов. Гэтэл мөнгө байдаггүй ээ. Галяг сураглатал нутаг буцчихсан байлаа. Оройн цагаар очиж хар бор ажил хийж ганц нэгэн зоос олдог байсан нэг баяныд гуядаж хүрэв ээ. Учраа хэлсэнд:

— Чи барьцаанд нь юу өгөх юм бэ? гэлээ,

— Барьцаанд өгөх юмтай бол юунд ингэж явах вэ! гэж хэлчхээд «Яхирладаг буруу болов!» гэж дотроо гэмшиж суутал:

— Зардлын мөнгө зүгээр олох гэсэн бол заавал над руу ирдэг чинь юу вэ, ноён Сүхээ! Чи намайг болоод өөрийгөө тийм гэнэнд тооцоогүй биз?

— Би зээлэх л гэсэн юм.

— Зээлэх гэдэг үг япон хэлнээс хасагдаж байгаа шүү дээ, хонгор минь. Чиний гэрт чинь ямар хөрөнгө бийв?

— Хөгшин залуу хоёр илжиг, гайгүй сайн ганц өрөө байшин бий.

— Чи хэдүүл билээ?

— Эжийтэйгээ хоёул суудаг.

— Тэгвэл ганц өрөө байшин, хоёр илжигний үнэний тэн хагасаар дэнчин тавьж түр зээлдэхийг би зөвшөөрч байна. Төрөлх нутгаа санаж үзсэн миний мэт хүн чамтай дайралдсан нь аз болжээ. Хорвоо дээр итгэх ганц зүйл үлдсэн юм. Энэ бол чамд байгаль дүрээрээ байгаа гэнэн хонгор зан. Хүмүүс чамайг дорой ядуу болгосон ч эвдэж чадсангүй… За хоёр хувь өргөдөл гарга. Зургаа наагаад гарынхаа үсгийг зурчих гэдэг байна.

Би баярлахдаа өвдөг дээрээ суучихсан юм. Түүний нэмж хэлэх нь:

— Капитализм гэдэг цар хүрээ өргөн, чигжрүү үйлчилгээтэй нохой шүү. Тэр тутмаа японы капитализм бүр нэг чамбайхан гэж мэдээрэй! Чамайг сар луу зугтаасан ч цаад гайхал чинь олоод л бидний өрийг цайруулчихна!

Би толгой мэхийв.

…Намайг гэртээ хүрч очиход ээж мэгшин уйлж тосов. Үс нь бараг цагаан болсон байлаа. Тэгээд надаас айж байгаа юм шиг ухарч зогсоод, ер галзуурчхаж байна уу гэтэл том том харж хонгор эх минь:

— Чи минь мөн үү, чи чинь. Эсвэл эсвэл бурхан надаар тоглож байна уу? гээд нэг хэсэг зогсоод байсан шүү.

— Би чинь мөн байна аа, ээж минь. Сүхээ чинь, хүү чинь байна. Аавын баруун гар явсан хангинуураа аваад ирсэн. Та хар аа, гээд өөр лүү нь хоёр алхтал сая над руу тулж, хоёр хацар дээр минь үнсэж билээ. Тэгээд юу юугүй энгэр заамыг минь тайчиж гарав.

— Миний чамд хайрласан нэт онгон мэнгэ байх ёстой!.. Байх л ёстой. Аан энэ байна, мөн байна. Чи минь мөн байна, гээд ээж минь тэр мэнгийг лав тоо алдартал үнсэж билээ. Тэгээд нэлээд тайвширч:

— Тийм байна, яах аргагүй чи минь. Нар тэр байна. Энэ бол шөнө биш, би зүүдлээгүй гэсэн үг гэхэд нь би хариуд нь:

— Би атомын бөмбөгөнд үхээгүй ээ, хүү нь яваад ирсэн. Эх орон та хоёр минь намайг зүгээр нэг хүлээж суугаагүй, намайг үхэлд өгөлгүй даллаад аваад ирсэн шүү дээ гэж харилав. Эх миний үгийг сонсохгүй байлаа. Түүний бодол доторхоо хэлэх нь:

— Миний толгойтой үс юун хамаа, цагаан л болоо биз дээ, хоёр хоногт үс цайчихсан… Үүгээр чөлөөлөлтийн монгол цэрэг явсаан. Би очоогүй. Ямар ч гэмгүй хүүгийнх нь заяаг түшиж чадалгүй, атомын бөмбөгөнд сүйтгүүлчхээд ямар нүүрээрээ улсынхаа зэвсгийн элчид бараалхах билээ гэж бодсон. Тэгээд очоогүй ээ, гэж ээж ярив.

Өглөө нь бид хоёр муу илжгээ дөрөөвчлөөд баруун зүг мордлоо. Нар бидний араас гарч байв. Би эхийгээ төдийгүй, нарыг дагуулаад эрдэнэ болсон эх орон, монгол түмэндээ очих гэж байгаа юм шиг аугаа сайхан байж билээ. Долоон гүвээ даваад бид хоёр амрахаар саатсан юм. Эхийг асгын сүүдэрт түр суулгачхаад өөрөө хомоол аргал этрүүлэхээр баахан зайлж одов. Гэтэл хаанаас гараад ирснийг бүү мэд над дээр хоёр орос цэрэг хүрч ирдэг байна. Их л сэжигтэй нүдээр харахад нь би солиотой юм шиг инээмсэглэн ширтэж байлаа. Нөгөөдүүл чинь хоорондоо баахан шулганалдсанаа өндөр бүдүүн нь намайг нэгжиж эхэлдэг байна шүү. Тэгснээ миний япон саарал цамцны наангиас нөгөөх баян хүнд бичсэн өргөдлийн нэг хувийг гаргаад ирэв ээ. Дэлгэж харснаа намайг бууны бөгсөөр түлхэж:

— Японский солдат… гээд баахан хилэгнэсэн нь оргосон япон цэрэг л гэж андуурч байгаа бололтой. Би дотроо учир нь олдох байлгүй, би ч харин даан ч нэг япон биш дээ. Хэл мэдэхгүй хүн гөлийж л байхаас даа гэж бодож зогсов. Тэгтэл нөгөөдөх чинь гэдрэг болоод автоматаа мөрнөөсөө шүүрэх нь тэр. Над руу юу юугүй галлах нь ээ. Хурам л алдвал би хорвоог алдах байлаа. Ээжийгээ дагуулаад эх орондоо очиж яваа хүн үхэж болох уу даа! Би нэг л мэдэх нь ээ баахан юм хашхирч байсан шүү. Юу гэж санана, орос хэлээр шүү.

— Би нет японский. Би да монгольский, Москва, Орос, Ситалин да, Токио, Берлин, Гитлер, нет! Улаанбаатар, Чойбалсан да! Ром нет! гэж орилж байлаа. Орос цэргийн нүдэн дэх хилэнгийн оч номхорсон боловч, тэр зэвсгээ хураахгүй л зогсоно. Бүхэл биед нь тээнэгэлзсэний шинж илэрхий!

«Дэлхийг, нарыг тахлаас чөлөөлсөн орос цэргээр нүгэл хийлгэх хэрэг үү!» гэж би бодов. Тэр бодол намайг дахин галзууруулжээ.

— Галя да, самуурай нет! Илжиг да, танк нет! Сүх да, атомын бөмбөг нет!..

Орос цэрэг инээмсэглэн автоматаа мөрөвчлөхөд би сая л нэг юм өөрийн ухаан орлоо. Цэргийн уруулд Галягийн инээмсэглэл байхыг таньж, өөрөө хангинуур сүхээ тэвэрчихсэн зогсож байгаагаа мэдсэн юм. Бас ээж минь хажууд орь дуу тавьчихсан ирж явааг харлаа. Хоёр оросын нэг нь:

— Это есть настояшая монгольская мать — (Энэ ёстой нэг монгол эх байна даа?) гэж хэлээд эхийг очиж сугадвал нөгөөх нь миний гараас хангинуурыг авч:

— Старик ты прав (Өвгөн минь чи зөв хэллээ)! Топор да! Атомной бомбе нет! — гэхэд нар сар, газар дэлхий, ээж, хоёр илжиг хүртэл цөмөөр тэр үгийг давтах шиг санагдаж байв шүү!..

* * *

Яриагаа өндөрлөсний тэмдэг болгож Сүхээ гуай инээмсэглэв. Харин би яагаад ч юм бэ, уйлмаар байлаа.
— Май! гэхэд нь нүд өргөвөл тэр над руу хангинуураа сарвайж харагдана.
— Мөн үү?! гэсэнд,
— Мөн гэв. Энэ сүхнээс хэзээ нэгэн цагт адис авна даа гэж би бодлоо. Намрын салхи миний урт үсний үзүүрийг хөвсөлзүүлэн хийсгэж байв.

1983—1990 он
Улаанбаатар

Дүгэржавын Маам
Зохиогч Д.Маам 1935 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
Багшийн сургууль, багшийн дээд сургууль, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөж 1979 онд түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
1954 оноос уран бүтээлээ эхэлж “Сүүлчийн захидал”, “Хөгшин тэнүүлч”, “Мандах зул”, “Тэмээний дууль” тууж, өгүүллэгийн ном, “Газар шороо”, “Гишгэх газаргүй хөл” роман бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *