Зан заншил

Айл гэртэй холбогдох зарим зан үйл, дэг ёсон

“Монгол ардын уламжлалт ёс, зан үйлийн дээж” номонд 1991 онд айл гэртэй холбоотой дараах зан заншлыг бичжээ.

  • Айлд орохдоо эхлээд баруун хөлөөр босго алхаж ороод, айлын эзэн суудал зааж өгтөл нь түр зогсоод заасан суудалд нь сууна.
  • Айлд ороод, энгэр ташааныхаа товчоор оролддоггүй. Тэгвэл тэнд байгаа аль нэг эмэгтэйд санаархсан болдог. 
  • Үдээс хойш ирсэн хүн малгайгаа авч тавьбал тэндийд хоноё гэсэн санааны илэрхийлэл юм байна.
  • Гэрлээд гарсан хүү, охин нь аав ээжийндээ зочилж ирэхдээ ирэнгүүт шүтээнд нь мөргөж, явахдаа бас мөргөөд ухарч гардаг ёстой. Энэ бол удам угсаагаа хүндэтгэсэн хэрэг.
  • Монголчууд гэртээ өөр өөрийн аягатай, явуулын хүн аягаа авч явдаг, тэр хүний аягнанд нь цай, хоол хийж өгдөг ёс байжээ.
  • Монголчууд гэрт чанга, хашгирч ярилцах, ялангуяа хоол, ундны үед ярьж шуугилддаггүй ёстой байв.
  • Хол ойрын том хүмүүс цуглаад ярилцаж байхад хүүхдүүдийг гадагш гаргадаг, томчуудын ярианд хүүхэд оролцдоггүй.
  • Цай буцлаад уудалж байхад, хонины гэдэс чанаж байхад хүн ирвэл их аз, билэг дэмбэрэлтэйд тооцдог. Ер нь айлд орсон хүн болсон идээнээс амсч, явдаг ёстой.
  • Айл гэрийн зуухны дэргэд байдаг аргал түлээний авдрыг тэр айлын “галын сан” гэж үздэг учраас түүн дээр сандайлж суух, хог хийхийг цээрлэдэг ёстой.
  • Айл гэрийн унь, баганаас хоёр гараар атгаж, зүүгдэж барьдаггүй, бурхан шүтээний өмнүүр гардагггүй нь тэр айлын тусгаар байдлыг хүндэтгэсэн сайхан ёс юм.
  • Хэн ч байсан айлд орохдоо энгэр заамаа товчилж, ханцуйгаа шамладаггүй. Мөн буу, саадаг, ташуур барьж ордоггүй, харин хутгаа бүснээсээ авч унжуулж ордог.
  • Айлд орсон, 18 нас хүрээгүй хүн тоононы голоос дээш суудаггүй. Эр хүн баруун талд, эм хүн зүүн талд, олуулаа орвол насны эрэмбээр суух ёстой.
  • Орыг эзэнгүй хонуулдаггүй, эзэнгүй хоноход хүрвэл орон дээрээ сүх, хайч, нүдүүр тавьдаг нь орон гэрийн заяа хаяхаас болгоомжилсон ёсон ажээ.
  • Лам хүний ор олбог дээр эмэгтэй хүн, эмэгтэй хүний орон дээр эр хүн суудаггүй.
  • Гэрээ барьсан хэвээр нь эр хүний ажилсагийг, ороо зассан хэвээр нь эм хүний ажилсагийг шинждэг.
  • Айл, үйл оёж байхад эмэгтэй хүн орвол хамжилцаж заавал нэг учиг дуусгадаг. Хашаа барих, ноос савах, хонь хяргах ажилтай үед тэр айлд эр хүн ирвэл ажлаас нь хамжилцаж туслалцдаг.

Ардын уламжлалт эдгээр ёснууд нь тусч, хамтач, ах захтай байхад чиглэгдсэн ардын сурган хүмүүжүүлэх арга, ухааны илрэлүүд юм.

Эх сурвалж: Монгол ардын уламжлалт ёс, зан үйлийн дээж 1,2 .-УБ.,1991.-х.31-32

Зургийг: https://montsame.mn/mn/read/180885