Бусад орны үлгэр

Морь, хонь, тахиа гурав

(Күрд ардын үлгэр)

 Нэгэн морь “дандаа ганцаараа уйдаж сууснаас хань олж авъя” гэж шийдээд замаар явж байв гэнэ. Хонь дайралдаж мориноос

     -Чи аль орох гэж яваа юм бэ? гэж асууж.

-Тэртээх ууланд гарч идэшлэе. Сахлаг бэлчээртэй сайхан устай газар байгаа юм. Чи надтай явахгүй юу? Гэжээ.

-Татгалзах юу байх вэ? тэгье гэж хонь дуртай зөвшөөрч хоёулаа явжээ. Тэгтэл тахиа тааралдаж гэнэ. Тахиа

-Та хоёр хаа хүрэх нь вэ? гэж асууж

-Тэртээх ууланд гарч идэшлэх гэж явна. Чи бид хоёртой явахгүй юу? Гэсэнд тахиа дуртай зөвшөөрч гурвуулаа болоод цааш явав. Тэр оройдоо ууланд гарч ногооны шимтэйг идэж, усны тунгалагыг ууж сэрэглэн агаарт цэнгэн эвтэй найртай сайхан л байжээ. Тэгтэл тэднийг хэдэн чоно мэдээд барьж идэхээр мярайж гэнэ. Гэхдээ тэр гурвыг бие биенээсээ салахгүй хамт явдаг болохоор нэг хашир чоно

-Бид энэ гурвыг нэгмөсөн идэх гэж дайраад юу хийх вэ? Ганц ганцаар нь идье. За та нар эндээ байж бай! Би яваад нэг туршаад үзье! Гээд нөгөө гуравт ойртоод

   -Эрхэм морио бид тахиа та хоёрыг идэх гэж хүсэхгүй байна. Харин хонио өгөөтөхөөч? Гэж хэлнэ. Тэгэхэд нь морь

   -Заавал хонь байдаг нь юу юм бэ? намайг эхлээд идээч. Би эдний хамгийн хөгшин нь юм байхгүй юу даа. дараа нь энэ хоёрыг иднэ байгаа даа гэсэнд чоно морийг ийм үг хэлнэ гэж огт санаагүй болохоор сандарч яаж ч чадалгүй хий л гөлөлзөж байтал гэнэт тангарчихаж гэнэ. Өнхрөн унасан өнөөх чоныг хонь гүйхээгээрээ очиж мөргөөд авч эгээтэй л сүлбэчихсэнгүй гэнэ. Тахиа ч бас тархин дээр нь үсэрч гараад арайтай л нүдий нь сох тоншчихсонгүй гэнэ. Ингэж тэр чоно арай чамай амь гарч аахилж уухилсан амьтан нөгөөдүүл дээрээ гүйж очоод

    -Тийм аймшигтай амьтадтай би ер дайралдаж байгаагүй. Нэг нь дотор манартал дэлсэхэд нөгөө нь элэг бөөр эмтэртэл сүлбэв. Бас нэг нь яс янгинатал чарлаж хатгалаа. Арай л гэж амь гарч ирлээ. Та нарын хэн нь ч гэсэн тэдэнд бүү ойрт гэжээ. Үүнээс хойш морь, хонь, тахиа гурав айхаа мэдэхгүй амар сайхан амьдрах болж гэнэ.