Үргэлжилсэн үгийн зохиол

Хөгшин чоно ульсан нь – Намдаг Д.

Зуны дунд сарын арван тавнаа үдшийн сар өндийнхтэй яахан адил байдагсан билээ. Нар жаргахаас аль хэдийн гараад үдшийн цагаан гэгээ тасрах үед бараг тэнгэрийн оронд хадан манхайж байдаг бус уу. Сүүн цагаан гэрэлд нь өвс ургамал, навч цэцэг, уул толгод, дов сондуул цөм бараан сүүдрээ баруун хойш хаян нам гүм нойрсдогсон.
Одоо би ийм нэгэн цаг үеэс эхлэн өгүүлэх зүйлдээ оръё.
Уг газрын байдал хангай говийн зааг, нам доор газар бөгөөд тэр дунд Дулаан хайрхан хэмээх гурван хэсэг огцом оргилтой уул өмнөө байгаа Таргатын тал гэгчийг нам тайвнаар ширтэх мэт бараагнан сүндэрлэнэ.

Уг нь энэ уул төдий том биш боловч өвөл, хаврын цагийн хатууд адуу малыг нөмөрдүүлэн бараадуулахад таатай байдаг тул “Дулаан” гэж нэрлээд зогссонгүй “Хайрхан” гэдэг хүндэт цол өргөн алдаршуулсан ажээ. Гэтэл бас Дулаан хайрханы дундах оргилын баруун энгэрт дээрээ үй түмэн жилийн турш хурц нарнаа шарагдан элэгдэж, хүрэн өнгөтэй болсон хэдэн том хадтай нэгэн сүрхий ганга байдгийг мөн нутгийнхан андахгүйгээр барахгүй, бага балчир насандаа ишиг хурга асаан, дээр нь эрхлэн тоглож байгаагүй хүн ховор юм. Гэвч эдгээр хаддын нэгний нь доор байдаг харанхуй хөндийн мухарт нэг чоно байрлаад хэдэн жил болж байгааг хэн нь ч мэддэггүй байлаа.

Yнэндээ тэр чоно маш хашир, дээрээ ишиг хурга майлалдан тонгочин тоглоход идэхийг бодохоосоо илүү “за энэ ч яамай!” гэж бодон уг мухартаа шигдэх бөгөөд, ер нь ан эргүүлэхдээ хажуу хавиргаа хадрахыг цээрлэх тул тэртээ өмнөх Таргатын талыг гүнээ гатлан Жирэмний нуруу, Даравгай, Могой, Дагналтайн дэрс зэрэг газруудад хүрдэг байлаа. Хойшоо гэвэл, Шавартайн дөрөлж, Салхит хад гэгчийг өнгөрөн Yйзэн хүрэн, Арвайн тал, Өлзийт өндөр хүрнэ.
Төрж өссөн нутаг нь гэвэл энэ Дулаан хайрхан мөн. Анх төрөхдөө ар бэлд нь төрөв. Идэр залуудаа эгц цавчим ирмэгт нь орогноод, эцсийн гурван жил арга буюу авирах хөлийн чадал доройтсон учир өвөр энгэрт нь хоргодох болжээ. Эр чадал барагдахын сацуугаар илч дулааны амьсгал хүүршсэн нь жигтэйхэн. Өнгөрсөн өвлийн хүйтнийг арай чарай давсан бөгөөд, одоо ид зуны халуун боловч эрт цагийн байдлаар хэл гарган аахилуулах халууныг үзсэнгүй. Гагцхүү өнөөдөр үдээс хойш ашгүй нэг бие тавигдан халуун болсон боловч, агаар хүндрэн бүгчимдэж, унтаж амрахад нь багагүй саад болсон байлаа. Энэ чухам юуны дохио болохыг мань хөгшин өөрийн биеэр олонтаа үзэн шалгаруулсан туршлагаараа тааварлах ажээ.
Yдшийн цагаан гэгээ тасармагц чийг давсан хөндийнхөө мухраас сугаран гарав. Идэр залуудаа сайх чоно магнай тэнэгэр, хошуу урт, хөл шулуун, тавхай том, биеийн ерөнхий байдал давилуун боловч толгой бөгс, цээж тэнцүү, тэр мөртөө араа соёоны талаар онцгой, хамар ба амны арьс тасан хар болж ирээд ар сэрвээ зоогоо дагасан хүрэн хар өнгийн гоц сайхан сахлаа сортой байсан бөгөөд, энэ бүхний нь хүний байдлаар жишээлэн өгүүлэхэд, гялалзсан царайтай, яралзсан шүдтэй, гунхсан нуруутай, суналзсан гэзэгтэй, эрийн гурван наадамд очвоос түрүүлэх нь эс боловч, үзүүр булаалдах тэнхэлтэй хорвоод хорь гучаар биш, хоёр гурван төдийхөн байдаг сайхан эрсийн нэг гэлтэй. Одоо гэвэл сайх хөгшинд тэр бүхнээс нь үлдсэн юм алга. Нүдний гал бууран, шүдний ир элэгдэж, үс зулбан, зүс зэгэл, эцэж турсны хувьд ясан хэдрэг ээ. Энэ бол байгалийн хууль. Байгаль бол өгье гэсэндээ энэ хорвоогийн хамаг сайн сайхныг сэтгэл харамгүй өгөөд эцэст нь мөн л хайр найргүй буцаан авдаг нь энээ. Нөгөө талаар байгаль, аливаа амьтныг амьдрахын төлөө ямагт зүтгүүлэхдээ амь биенд нь хүрэх аюулт бэрхшээлүүдийг цаг үргэлж тулган, санах, сэрэх, бодох, болгоомжлох, аргалан залилах бүх ухааныг олгоод түүнэээ эцэст нь мөн буцаан авдаг хуультай. Энэ ёсоор хөгшин чоно үзэхийн ихийг үзэх завшаандаа ухаарахын ихийг ухаарав. Гэвч энэ ухаанаа байгаль авгайд алдаагүй байгаа бөгөөд алдахаасаа өмнө нас барах ч байж мэдэх юм
Хөгшин чоно алгуур дээш авиран хадны оройд гарч, толгой дээш татан тэнгэрийн байдлыг ажив. Дулаан хайрханы зүүн талын шовхны цаанаас навсарсан хар үүлний түрүүч цухуйх аж. Хөгшин боохой “Ээ тийм, үдээс хойш бие минь айхтар чилээрхсэний учир энэ. Одоо удахгүй түр зуурын ширүүн бороо орох нь лавтай. Ээ дээ энэ далим анд гарваас ам тосдох олз ч аяндаа шүү дээ!” гэж бодов. Дараа нь хойд борви нугалан оцойн сууж яар нэг зөн совин татахыг хүлээн тэнгэр ширтэв. Гэтэл ямар нэг зөн совин татахын оронд дээрх сар манхайхаараа манхайж, идэр залуугийн нь бахдалт явдлуудаас баахныг санагдуулав. Ингээд “явъя” гэж шийдэн улилаа.
Улих дуу нь ер чанга биш, хоосон торх салхинд дуугарах мэт ёнгинох боловч хадны цууриа дамжуулан бүхний сонорт хүргэх ажээ. Гэвч бас тэр улилт учиртай: “Явъя та минь, явъя!” гэж дахин давтан дуудах нь тэр байлаа. Хариуд нь баруун шовхын оройгоос идэр залуу чоно хүнгэнүүлэн улив. Дараа нь хөгшин чонын эрт урьддаа оршиж байсан дунд уулын ар бэлээс нэгэн өлөгчин чоно адтай нь аргагүй жингэнэн улисан бөгөөд тэр далимд бяцхан бэлтрэгнүүд нь дагалдан жингэнэлдэнэ. Хамгийн эцэст зүүн шовхын энгэрээс эмгэн чоно дорой дуугаар арай ядан улив. Ер эдгээр чононуудын ийнхүү ээлж дараалан улихын учир гэвэл, өвгөн чонын “Явъя, таминь явъя!” гэсний хариуд “Тэгьеэ, таминь, тэгье!” гэсэн хариу байлаа.