Бусад орны үлгэр

Таван хуруу

– Таван хуруу – Герман ардын үлгэр –

Хэзээнээс нааш гарын арван хуруу бие биенээ түшин тулж ах дүү болон найртай сайхан амьдарч иржээ. Харин нэг удаа ийм явдал болжээ. Тэр үед хуруу болгон тусгай нэртэй байж.

Хамгийн ахмад хамгийн бяртай, бүдүүн хурууг Эрхий буюу токки гэдэг байж. Түүний зэрэгцээ орших хурууг Долоовор буюу Пикки гэдэг ч хэнийг ч асуугаагүй байхад дандаа юм олонтаа байжээ. Хамгийн өндөр дунд хуруу Ликки гялалзаж гялтганасан хуруувч зүүж түүгээрээ гайхуулах дуртай байж. Дараах хурууг Чикки гэнэ. Хамгийн захын чигчийг бяцхан Микки гэдэг байжээ.

Эрхий Токки дүү нараа байнга л

-Та нар надгүйгээр хаашаа ч бүү явж бай! Ер нь дандаа цуг байцгаа. Яаж мэдэх вэ? Ганц нэгээрээ явж байтал гай тохиолдохыг хэн байг гэх вэ? гэж захидаг юмсанжээ. Тэгтэл дүү нар нь үгий нь огт тоосонгүй.

-Энэ нэг пагдгар юм дандаа дэмий донгосож байх юм. Хэдүүлээ түнийг орхиод хол явж олз олцгооё гэж үг нэгсэж гэнэ. Тэгээд Токки ахыгаа гэртээ ганцааранг нь орхиод алс замд гарах болов. Дөнгөж босго алхуутаа л заагуур буюу Пикки

– Та нар төөрнө гэж битгий айгаарай! Би зам заагаад өгнө гэхэд дунд хуруу Ликки толгой дээрх хуруувчаа засаж, нөхдөө тойрч хараад

– Би хамгийн өндөр нь болохоороо та нарыг удирдана гэв. Чикки

– Би олох олзыг бүгдий нь авчирч даана шүү дээ гэсэнд бяцхан Микки үсэрч харайлан

– Бүхнээс ухаалаг надтай явахад та нар газардана гэж ярихгүй.

Та нарын зөвлөгч чинь би байна гэж онгиров. Ингээд Пикки түрүүлж Ликки, Чикки дараалан бяцхан Микки сүүлий нь мушгиж цувран хөгжилдөн явцгаав. Тэгтэл гурван алга дарамын хиртэй өргөн гол дайралдаж гэнэ. Голын ус хөөсрөн бургилж гүүр ч байхгүй гарам ч харагдсангүй. Хөвөөн дээр нь хүрч очвол Ликки

-Энэ голын усыг урсаж дуусаад хаттал хүлээ гэснээр ах дүү дөрөв урсаж дуусахы нь хүлээх болов. Хичнээн хүлээвч голын ус барагдсангүй. Бяцхан Микки тэссэнгүй жингэнэсэн дуугаараа

-Ах нар минь бид ингэж хүлээгээд хүлээгээд нэмэргүй Микки чи өндрөөрөө ойр хавиар явж хар! Гарц юм уу, гүүр ч байж магадгүй. Бид энэ хооронд холтос ч болсон түүж завь хийхийг бодъё гэв. Тэр гурав их ч удсангүй нэг хушга олов. Бяцхан Микки баярлаж

-Яаж ийгээд л хагалчихвал ёстой догь завь болно доо гэсэнд Пикки, Чикки хоёр байдаг чадлаараа хоёр тийш нь үгтээв. Арай гэж хагалаад өрөөсөн талы нь ухаж хонхойлон завь хийв. Гавшгай Микки модны нарийн цавчдас гурвыг олж ирээд

-За ах дүү нар минь ээ! Энэ ёстой хэрэгтэй дээ гэв. Тэгтэл өндөр Ликки

-Энэ хавьд гарц гарам даан ч алга гэсээр ирсэнд

-Таны тэр хайгаад байгаа юм чинь огт хэрэггүй болсон байх аа. Харин дуугүй наашаа үсрээд суу! Гэж нөхөд нь инээлдэв. Микки сэлүүрдсээр голын тэртээ гарав. Тэгээд цэцэрлэгт орж сүүдэр даган цувралдан явав. Гэтэл амтат балаар дүүрэн зөгийн үүр таарав. Тэсгэлгүй Пикки хамгийн түрүүнд бал руу ухасхийв. Дүү нар нь хичнээн дуудавч балны амтанд орсон Пикки ер салсангүй. Ликки бусдаа удирдан

-За ах дүү нар минь явцгаая гэхэд нөгөөх заагуур Пикки нь ер хөдөлж өгсөнгүй.

-Одоо эндээс хурдхан холдоё. Гэнэт дээрэмчин ирвэл яанав гэж аймхай Чиккийг өгүүлтэл

-Энэ Пикки ямар ичгэвтэр юм бэ? Бидэнд зам заана гэж амлачихаад одоо болохоор балнаас толгойгоо салгадаггүй шүү. Энэ чинь ч тийм сайн юм даанч биш дээ гэж бяцхан Микки хэлэв.

Тэгтэл төгөл ойгоос яах ийхийн завгүй хүрэн баавгай гарч ирэв.

-Аа хулгайчууд та нар надад баригдлаа вий гэж муухай бархиран

-Бусдын юмыг хулгайлбал яадгийг үзүүлээд өгнө дөө гайгүй гэж занав. Хурууд айн сандарч

-Бид энэ балыг таных гэж яав мэдэх билээ дээ. Маахай ах минь гэв. Гэвч баавгай тэдний үгийг сонссонгүй.

-Та нарыг одоохон залгина гэж амаа ангайн дайрав. Энэ үед цовоо Микки амжиж

-Эрхэм хүндэт Баавгай гуай. Та биднийг идэх гэж юунд яарна вэ? тэртэй тэргүй бид таны л эрхэнд амьтад шүү дээ. Би танд нэг л зүйлийг тайлбарлавал болохсон болов уу? Уул нь бид тавуулаа юм л даа. Ууган ах Токки минь гэртээ хоцорсон л доо. Бид түүнээсээ салах дургүй. Тэгээд ч ер нь тарган ч гэж жигтэйхэн. Тэгэхээр та бид тавууланг цугт нь зоогловол дээр биз дээ гэж ил л ялдамхан хэлэхийг баавгай хэл амаа долоолон сонсоод

– Яалаа гэнээ! Хамгаас том тарган нь гэв үү? Гэтэл

– За тийм ээ! Би одоохон түүнийг дуудаад ирье гэж Микки үсрэн дүүлэн өгүүлэв. Баавгай хөдөлж ядан

– За дууд дууд, түргэл! гэв. Микки Токкид хэлж туслалцаа авах гэж гэр рүүгээ харайлгалаа.

Токки ах нь ихэд гунигтайгаар

-Үг сонсохгүй бол ийм байдаг юм. Өөрсдийнхөө хар толгойдоо гомдохгүй юу? гэж гэнэ. Микки учирлан гуйж ярьсаар Токкийг бүр уярааж бүдүүн муна бариулаад явуулах болов. Тэгээд тавуулаа бөөгнөрч баавгайтай тулав. Өндөр Ликки хуруувчаараа хавирга сүврэгий нь балбаж, Чикки нүүр нүдгүй хумсалж, Пикки чихрүү нь хатгачин, Микки хаа таарсан газраас чимхэв. Токки хар тэнхээгээрээ мунадаж гэнэ. Баавгай сандуу мэндүү хандсан зүг өөдөө харайлгаж гэнэ. Ах дүү тав хөөр баяр болж эрхий Токки түрүүлэн Пикки, Ликки, Чикки дараалан хамгийн ард бяцхан Микки орж цувралдан гэр өөдөө явав. Үүнээс хойш тэр тав үргэлж эв найртай хаа ч явсан бие биенээсээ салахаа байж гэнэ.

Одоо ч гэсэн өндөр Ликки удирдагч болохоор дунд нь, бүдүүн Токки, бяцхан Микки хоёр харуулчин болохоор хоёр захад нь зогсож нэг нь бяр чадлаараа, нөгөө нь арга ухаанаараа бусдыгаа хамгаалдаг юмсанжээ. Цовоо дүү Миккидээ ах нар нь туйлын сайн тэгээд ч түүнээс дандаа зөвлөлгөө авдаг гэнэ. Энэ явдлаас хойш хүмүүс чөтгөрийн бага нь адтай гэж ярьдаг болжээ.