Бусад орны үлгэр

БАРЫН ҮС БИДЭРТЭЙ ЦООХОР БОЛСОН УЧИР

Эрт цагт насан өндөр болсон бар хүүгээ дуудаж “За хүү минь, хүчиндээ эрдэж хүн хүн гэдэг амьтанд битгий ойртоорой?” гэж хэлээд амьсгал хураасан юмсанжээ. Гэвч тэр залуу бар “Хүн гэдэг ямар амьтан болоод ойртож болдоггүй билээ? Хүчээ нэг үзээд алдах юмсан” гэж болоод хүнийг эрж явав. Тэгтэл нэгэн бух тааралдаж:

“Чи хүн гэдэг амьтан мөн үү?” гэв.

“Би хүн биш ээ, бух байна”.

“Тэгвэл чи хүн гэдэг амьтныг мэдэх үү?”

“Мэдхээр барах уу? Би хүний зарц нь байхгүй юу? Миний хамрын дөрийг хар чи? Ингэж дөрлөөд намайг хөтлөж бас тэрэг хөллөж дээр минь унаж явдаг юм”.

“Тэгвэл их бяр тэнхээтэй амьтан байх нь ээ?” гэж барын асуухад бух

“Тийм биш ээ, намайг толгойгоороо сэжихэд эврээс минь зүүгдэж энэ тэнд минь гарч байдаг юм билээ”.

“Тэгээд яасан хачин юм бэ? Энэ дарлагар эвэртэй, бүдүүн цээжтэй том биетэй амьтныг яаж зарцлаж чаддаг юм бол?” гэж бодоод цааш явлаа. Тэгтэл нэг буур тааралдахад бар

“За чи хүн гэдэг амьтан мөн үү?” гэвэл

“Би хүн бишээ буур байна. Та хүнээр яах нь вэ?” гэж асуув.

“Би хүнтэй хүчээ үзэх гэсэн юм”.

“Ээ бар минь,хүн гэдэг чинь энэ дэлхийд хамгийн хүчтэй амьтан шүү, дэмий биз дээ”.

“Тэгвэл асар том амьтан байх нь уу?”

“Үгүй, жаахан амьтан. Би тэр хүнийг чинь дээрээ мордуулах гэж сөгдөж өгдөг юм байхгүй юу?”

“Юу, чи чинь тэр хүн гэдгийн бас зарц нь юм уу?”

“Тэгэлгүй яах вэ. Миний хамрын буйлыг хар? Намайг бурантгаар залж унаж явдаг юм”.

“Үгүй мөн хачин юм даа” гэж барыг дуу алдан гайхахад Буур

“Хүний хүч чадал нь ухаандаал байдаг юм. Тийм ухаантай амьтан ховор биз” гэж тэмээг хэлхэд Бар

“Хүн гэдэг чинь бяр тэнхээ байхгүй, бие бялдар багатайг бодоход аймаар амьтан биш шив дээ. Ухаан гэдэг нь юу байдаг юм бол оо, тэрний нь булаагаад авах юм сан”гэж бодсоор цааш явав.

Ой дотор цөхрөнгөө бартал тэнэж явсаар нэгэн түлээчин эр дээр очиж

“Хүн гэдэг амьтан хаана байна аа?” гэж асуухад тэр

“Би байна, яах нь вэ?” гэж их л айсан боловч бардам дүртэй хэлэхэд

“Юу? Хүн гэдэг маань ердөө л энүүхэн үү?” гэж дуу алдсанаа “Арьс хөрс ч байхгүй арчаагүй амьтан байна даа. Ганц дэлсээд л тонилгох юм байна” гэж бодоод

“Чамд үзүүлэх хүч чадал байдаг юм уу?” гэж их л басамжлав.Тэр хүн

“Бар гуай минь байлгүй яах вэ. Миний хүч чадал ухаандаа л байдаг юм шүү дээ” гэсэнд нөгөө бар “Хүнээс тэр ухааны нь авна” гэж бодож явсан болохоор

“За аль вэ, тэр ухаанаа надан үзүүл?” гэв.

“Бар гуай минь, би таныг энд ухаан үзэх юм гэж ер санасангүй, би гэртээ орхиод ирсэн л дээ” гэхэд бар

“За тэгдэл очиж үзье” гэж архиран алхлахад

“Бар гуай минь, та намайг дагаж манай руу ойртож ч болохгүй. Манай хоточ ноход таныг хармагцаа давхин ирж амь насанд чинь аюул болж мэднэ. Эндээ хүлээж байсан нь дээр” гэв. Бар тэндэ хоцрох болоход түлээчин хэд алхсанаа тээнэгэлзэн зогсоод

“Би айгаад байна” гэв.

“Юунаас айгаа вэ?”

“Таныг “Араас минь бариад авах болов уу? гэж айгаад байна” гэсэнд бар “Хүн гэдэг ийм аймхай байж яаж хүч чадалтай байх вэ дээ” гэж бодоод

“За тэгвэл намайг энэ модноос уяад яв” гэв. Түлээчин Барыг бүсээрээ модтой сайн барьж хүлээд

“За бар гуай, би яваад цэцэн ухаанаа аваад ирье, та түр хүлээж байгаарай?” гээд явав. Асар удалгүй модны хатсан мөчир тэвэрч авчраад Барын хажуугаар овоолж

“За би ухаанаа авчирлаа. Та үз дээ” гээд хэт цахиураа цохиж овоолсон модондоо гал оруулчихаад яваад өгчээ. Бар энэ тэндээсээ шатаж эхлэхэд үнхэлцгээ хагартал айж сандарч байтал ашгүй хүлсэн бүс нь түлэгдэж сулраад санд мэнд тал дундуур дүүлэн гарч амь зулбан давхиж гэнэ. Ингэж бар хүний цэцэн ухааныг үзэх гэж үсээ шарлааж оочин цоочин түлэгдээд хар цоохор бидэртэй болсон юмсанжээ.

Эх сурвалж: http://mongollegend.blog.gogo.mn/read/entry90803