Бусад орны үлгэр

Эхнэр уул

Кьань Хоагаас холгүй нэг багахан тосгонд ядуухан амьдралтай эхнэр нөхөр хоёр аж төрөн суудаг байжээ. Вьетнамын тосгодод хааяагүй байдаг бяцхан байшингуудаас ялгарах юмгүй оромж эв хавгүй цавчсан дүнзээр барьж, сүрлээр дээвэрлэн, хулс хулжиж тасалгаа гаргаад амьдардаг байж.

Тосгоны араар ургасан сийрэгхэн зуун мод өтгөн ой хүртэл үргэлжлэх агаад цагийн аясаар нэг тунгалагшин, нэг булингартан байдаг элбэг уст горхи хаяагаар нь жирэлзэн урсана.

Өтгөн ойн олон жилийн ялзмагаар тэжээгддэг улаан уулын хөрс шороо онцгой үржил шимтэй тул тэнд наанги, цагаан будаа, бид бал, булцуут ногоо арвин ургадаг ажээ. Горхийн усыг татаж, хоёр гурав үелүүлэн тариалсан тутаргын талбай, хэдэн тахиа, үглээ галуу, дугуй навчтай амар жимсний болон гэрийн гадаа ургасан гадилын цөөн хэдэн мод, энэ бүхэн залуу хосын амьдралыг тэтгэгч юм санж.

Эр нөхөр нь гарынхаа ураар өвс сүлжиж загасны тор хийгээд өглөө бүр мөнгөлөг цагаан жараахайг бөөн бөөнөөр нь барьдаг байв гэнэ. Ийнхүү өдөр хоног амар жимэр ээлжлэн улирч, эхнэр нөхөр хоёр даруухан хувь тавиландаа бухимдаж байсангүй. Удалгүй тэд хүүтэй болж, хоёр жилийн дараа охин төрүүлэв. Хүүхдүүд нь намрын дунд сард, сар мэлтийсэн арван таванд мэндэлсэн гэнэ. Тэд зуун модны эрүүл агаарт өсөж торнин, эцгээ дагаж уулын хормойгоор цэнхэрлэн дуниартах тэнгист хэдэнтээ хүрчээ. Далай тэнгис тэдний амьдралд ямархан хувь оноохыг тэрхэн үедээ яахин мэднэ.

Хүү долоон нас хүрэхэд охин дүү нь таван настай байлаа. Тэд нас бага ч гэсэн өдөр болгон хуурай мөчир түүж эцэг эхийнхээ хүнд хэцүүхэн амьдралд тус нэмэр болно.

Нэгэн өдөр ах дүү хоёр урьдын адил мөчир түүхээр явжээ.

Хүү хулсан иштэй заазууран хутга барьж, жүжигт гардаг цэргийг дуурайн мөчир гишүүг тас тас цавчин дүүгийнхээ урд алхана. Мод цавчдаг заазууран хутгыг сэлэм шиг эргүүлэхэд мөнгөн цагаан туяа татуулах аж.

Жүжиглэгч хүү шүүдэрт норсон өвсөн дээр халтиран унах юмуу бяд муутай бяцхан гараас нь хүнд заазууран хутга мултарвал яана гэж бодмоор.Гай газар доороос гэгчээр санаандгүй дүүгийнхээ толгойн дээр буулгахад тэрээр намсхийн унаж, цусанд будагдлаа.Дүүгээ алчихлаа гэж бодсон ухаан муутай хүү зугтан зайлж, өтгөн ойд ул мөр нь ч үлдсэнгүй. Шарх хүнд боловч амь насанд аюулгүй байв.

Хөршийнх нь ид шидтэй илээч бариач эмгэн шархадсан охины амийг аварчээ. Зовж шаналсан эцэг эх хоёр нь охиныхоо заяа төөргийг үзүүлэхээр сүмд очив.Лам багш хувь номлосон үзлэгийн ариун сударт шүүгээд ‘’Охинд чинь хачин сонин хувь зохиол учирна.Охины чинь дурсгал тэнгис далай, уул хад мэтээр мөнхөд орших болно” гэжээ.Борооны улирал эхлэх үеэр охины шарх анив.

Охин ахдаа гомдоогүйгээр барахгүй оргон зайлсанд нь ихэд харамсаж, үе үе санан дурсдаг байлаа.Эх эцгийн таалал төгсөх мөчид бурхан шүтээний өмнө залбирал үйлдэх, удам залгах хөвгүүн байхгүйд өрх гэрийн дотор уйтгар гуниг бүрч ихсэв.Тэнгис далай өнгөрсөнч тэндхийн хүмүүс оргодлын сургийг гаргасангүй.Хүнд ажилд нухлагдан, уй гашууд автсан эх эцэг хоёр нь удалгүй өөд болцгоожээ.Арван зургаатай үлдсэн охин нь төрсөн гэрээ худалдаж олсон хэдийгээ оршуулгын зардалд өгч, дараа нь Кьань Хоагийн нэгэн баян айлд хөлсөөр зарцлагдах болжээ.

Тэр үед оргодол ах нь бөс даавууны наймаачин болжээ. Хятад оронд үйлдвэрлэсэн сайн чанарын торго, даавуу хайж, олон орноор тэнүүчлэн явсаар Кьань Хоа тосгондоо эргэн ирж, гал голомтоо сэргээхээр шийдэв.Ядуу ч гэсэн ажилч хичээнгүй өнчин охиныг тосгоныхон түүнд гэргий болгон өгч гэнэ.

Тэр цагаас мөнөөх хоёр ханилан сууж, жилийн дараа нэгэн хүү төрүүлэв.Гэвч хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй.Нэгэн орой эхнэр нь хүүгээ бүүвэйлж унтуулаад том таазанд <<мэнкэт>> модны ариутгагч, анхилуун сайхан холтос хийж, халуун ус дүүргээд, үсээ угаахаар овоолсон өтгөн хар гэзгээ задлахад толгой дээр нь том цагаан сорви илхэн харагдав.Тэр сорвины түүхийг сонсоод эр нөхөр нь бага насанд болсон гунигт явдлыг дурсан санаж, төрсөн дүүтэйгээ гэрлэснээ мэдээд ухаан алдтал айв.Тэрээр алуурчин биш боловч хийсэн үйлээрээ нүгэлт хүн болжээ.

Хувь заяаны хүнд цохилтонд өртсөн тэр эр үүрд зайлан одохоор шийдэж гэнэ.

Далбаат онгоц хөлслөн алс газар одож, торго дурдан олох худалдааны шалтаг гаргаж, эхнэр хүүдээ амьдралд хүрэлцэхүйц эд агуурс үлдээгээд явжээ.Алтан намрын тунгалаг туяанд гялбаатан цэлийх хязгааргүй тэнгисийн уудамд торойн торойсоор далд орж яваа далбаат хөлгийг ширтэн харсаар эхнэр нь уулын орой дээр зогсох бөлгөө.Ханьсан ижилсэж амжаагүй хайрт хүнээс нь сураг чимээгүй.

Цаг хугацаа улиран улирсаар……хязгааргүй тэнгисийн уудамд зорчих хөлөг онгоц эр нөхрийнх нь сургийг дуулгаж юун магад хэмээн горьдож, хүүгээ дагуулан өдөр бүр өндөр уулын оройд мацан гарч өдөржин харуулдаж харанхуй болсон хойно харьдаг байлаа.

Нялх үрээ бүүвэйлэн аялах түүний гуньж гутарсан залбирлын дуу хүрхрэн оволзох тэнгисийн долгис дээгүүр салхи хөлөглөн одмуй.

Хайрт минь, хонгор минь

Хаврын салхи сэтгэл уясуулнам

Элэг зүрх өмрөн цөмрөн эмтэрч

Эргэж ирэхийг чинь тэсэн ядан хүлээнэм.

Дэлгэр зуны зөөлөн салхинд

Дэвхрэг царцаа шаагин байна.

Хонгор минь наддаа ирээч

Хувь тавилан юуг зөгнөнө?

Энд намар болж салхи сэрчигнэхүй

Энэрлийн дуугаа чамдаа зориулнам

Харьд яваа амраг минь чи

Хайрт биднээ мартлаа гэж үү?

Өвөл ирлээ, хонгор минь ,

Өнжин хонон хүлээнэм чамайгаа

Өр зүрх шаналан шаналсаар

Өнчрөлийн зовлон нөмөрлөө намайг.

Тэр эхнэр энд байнга зогсож байдгийг хүн болгон андахгүй мэдэх болов.Хязгааргүй тэнгисийн уудмыг ширтэн зогсогч тэр бүсгүйгээс далайчид цаг агаар асуухаар хүрэлцэн очдог болсон ажгуу.

Эцэст бурхан багш нигүүлсэнгүй сэтгэлээр ээж хүү хоёрыг уул болгон хувиргаж мөнхийн харуулд зогсоосон гэдэг.Тэр цагаас хойш умар зүг аяллаар одох далайчид уулын хажуугаар өнгөрөн гарахдаа

Энэрэлт хатагтай өршөө биднийг,

Өмнийн салхийг номхруулж хайрла!

Эрчлэн үлээх салхин зардас

Энэ биеийг тойрон гараг!

Хулсан хөлгийг үлдэн хөөсөөр

Хайрт нөхөрт чинь хүргэж өгсүгэй

Хэмээх өнө эртний энэ дууг аялан дуулцгаадаг болсон гэнэм.