Хоньчин Найдан

Хоньчин Найдан

Найдан бяцхан хүүдий дотроос хурууд гаргаж «миний өнчин халзаадай ид дээ» гэж өгөхөд нь хурга нь амталж үзээд өөрөө ид гэсэн мэт Найдангийн нүүрийг ширтэн гарыг нь үнсэж эрхлэн байхад дэргэдээс агь, таана түүж «чиний дуртай хоол чинь энэ шүү дээ, ид» гэж өгөв.

About the Book

1. Цэлмэг сайхан өдөр хонин сүргийн дэргэд

Булаг усан бургилж, цэцэг ногоо жигдэрсэн өргөн сайхан талын дунд уяхан эгшиг хангинаж уургын үзүүр үе үе ширвэлзэнэ. Хээрийн салхи урьхнаар үлээж ногооны үзүүр намилзан халиурна.

Хүний сэтгэл тэнийм энэ уудам хээр хөдөөгийн талбарт сүрэг хонь бэлчээрлэж, яргуй цэцгийн шимтэй сайхныг эрэн усны тунгалаг ариуныг хүснэ. Үд дунд болоход нарны илч маш халуунаар шарав. Бэлчээрийн хоньд хурж, үдшийн сэрүүн амьсгалыг хүлээхэд хоньчин Найдан тэрлэгээрээ халхавч босгож, сүүдэрт нь сууна. Энэ завсар Найдан хүү ойр хол, олон зүйлийг эргэцүүлэн бодохын зуур гэрийн зүг хааяа ширтэнэ. Ийнхүү Найдангийн сууж байхад түүний өнчин халзаадай гэдэг хурга нь гүйж ирээд эзэндээ эрхэлж, гар нүүрийн нь зөөлхөн халуун хошуугаараа үнэртэн үзнэ. Найдан бяцхан хүүдий дотроос хурууд гаргаж «миний өнчин халзаадай ид дээ» гэж өгөхөд нь хурга нь амталж үзээд өөрөө ид гэсэн мэт Найдангийн нүүрийг ширтэн гарыг нь үнсэж эрхлэн байхад дэргэдээс агь, таана түүж «чиний дуртай хоол чинь энэ шүү дээ, ид» гэж өгөв.

Хоньчин Найдан өнчин халзаадайтайгаа тоглохдоо «энэ олон хонин дотроос ганцхан чи миний шүү дээ, чи том болоод надад олон хурга гаргаж өгнө» гэх зэргээр хэл мэддэг амьтанд үг хэлж байгаа юм шиг өнчин халзаадайгаа эрхлүүлнэ. Энэ хургыг, хавар цаг баруун зүг нүүж явсан нүүдэл айлын хониноос унтаад гээгдэж хоцорсныг Найдан олж, хонинд авхуулан тэжээсэн билээ.

Өндөрт мандсан үдийн наран баруунаа хэлбийв. Алс нүдний үзүүрт Холбоо нуурын усан цэнхэрлээд, түүний дэргэд хэдэн гэрүүд зэрэглээнд сарниж эрвийн үзэгдэнэ. Найдангийн эх араг үүрч савар бариад аргал түүх завсартаа хоньчин хүүгийн хойноос холын барааг ширтэнэ. Найдангийн эцэг Зоригт моринд мордоод, нуурын усанд зогссон адуун сүргийн зүг одох зуур хүүдээ сайн морь олж өгөх арга юу билээ гэж эргэцүүлэн бодно. Бас хүүгээ сайн малч ажилч болгон хүмүүжүүлбэл, эцэстээ төрд тустай, түмэнд ашигтай хүн болох сон гэж санана.

Орчлон дахиныг туяа гэрлээрээ тэтгэгч алтан шар наран хэлбийж, оройн сэрүүн амьсгал оров Хурсан хоньд сэргэж таран бэлчээрлэв. Хоньчин Найдан, сайхнаар бэлчээрлэн байгаа хонио тууж гэртээ харихыг түвдсэнгүй, сэрүүн цагт нэлээд бэлчээрлэн идээшлүүлээд, үдэш хотлуулахаар шийдвэрлэв. Болжмор шувуу сайхан хоолойгоор уянгатай жиргэнэ. Уулын толгой дээр очсон нарны гэрэлд өрнө зүгийн хээр талын ногоо цэцэг нь гялтганан гэрэлтээд алтан сувдын хэлхээ татан харагдана.

Алс уулын сүүдэр бууж, бэлчээрийн газар хүрэв. Гэр хүртэл нэлээд зайтай тул шамдахгүй бол горьгүй гэдгийг Найдан мэдэж хонио бэлчээрээс хурааж эхлэв.

Үдийн халуунд Найданхүү сүүдэр газрыг хүсэв.

Үдшийн сэрүүнд хонин сүрэг эрүүл бэлчээрийг эрэв.

Өргөн талд униар манан жигдхэнээр тунаран бүрхэж

Өчүүхэн жиргэмлийн тодхон аялга холоос дуурьсана

Хоньчин Найдан сайхан цэцгүүдийг өвөр дүүрэн түүж

Хонин сүргүүд шимтэй ногоог гэдэс дүүрэн идэшлэв

Холын газар гургалдай шувуу уяхан эгшиг татаад

Хотол бүхний жаргалант цаг амьтан бүгдийг баясгана

Тунгалаг сайхан гол мөрнүүд бургилан шуугин урсаад

Тунамал агаар хонгор салхи дөлгөөн эрүүлээр долгиолно

Тойрон бүрхсэн навч цэцгүүд Найдангийн сэтгэлийг зугаацуулан

Туяа гэрэлт мандмал наран өргөн талыг гийгүүлнэ

Хөөрхөн болжмор жигүүртэн шувуухай яруу дуугаа аялж,

Хүний хүү хоньчин Найдан баяртай сэтгэлээр наадан,

Хөндий тал, уул оргил сайхан ургамлаар жигдрээд

Хөх ногоо, яргуй цэцэг уудам талыг бүрхжээ.

2. Харанхуй шөнө араатны дунд

Хоньчин Найдан орой болоход шамдаж, хонио бэлчээрээс гэрийн зүг эргүүлсэн боловч хожимджээ. Хонио туусаар явтал шөнийн харанхуй болов. Араатан чоно шөнийн харанхуйд анд гардаг гэж санахаас Найдангийн үс арзайж зэвүүцэвч, чанга чанга хашхиран чимээ өгч хонио шамдуухан гэрийн зүг тууна. Шөнийн харанхуйгаар хээр явж сураагүй хоньд урагш явж өгөхгүй бөгөөд аль нэгэн эрвэс дэрвэс гэсэн бүхнээс үргэж хуйлран зогсоно.

Гэнэт ойрхон нэгэн муухай чимээ сонстов. Хоньд зүүн жигүүрээс үргэж баруун тийш гүйхийг завдсан боловч, хоньчин Найдан том хашхирч, чулуу шидэн үргэсэн хоньдыг тогтоов. Түрүүчийн сонсогддог гаж буруу муухай чимээ, юуны дуу билээ гэж эргэцүүлэн бодовч, тааварлан олсонгүй «эзэнгүй хээр явахдаа эр зоригтой баатарлаг явах хэрэгтэй, тэгвэл сүр сүлд хийморь нь сэргэлэн байдаг юм» гэж аавынхаа сурган захидгийг хоньчин Найдан санахдаа зориг орж, юунаас ч айдаггүй, баатар болсон шиг болов.

Үргэж гүйсэн хоньдыг хураан тогтоогоод, цааш нь хонио явуулж ядан явах үед Найдангийн ар нуруун чигт бас нэгэн зэвүүн муухай дуу сонсогдмогц, хоньд нь зүг зүгээс үргэж хуйлран зогсоод, урагш явах байтугай, харин эзэн болсон Найдангаас ивээл гуйсан мэт түүнийг түшиглэн бөөгнөрөх болов.

Хуучин саран орой гарах тул шөнө хав харанхуй, ямар сүрхий араатан дайсан хүрээлэн тойроод, ингэж хоньд үргэж байгаа билээ гэж бодогдохоос Найдангийн дотор харанхуйлж нүдэн дээгүүр ус гүйвч, эцгийн захиаг санаж, зориг орон нүдний нулимсыг арчина. Газрын багцааг ажиглавал, өвс ногоо тачир болжээ.

Үүнээс бодоход алсын бэлчээрээс гарч, гэртээ ойр ирсэн бололтой. Гэвч шөнийн харанхуй нэн гүн тул, сайн мэдэгдэхгүй бөгөөд үргэж хөнөөлд орсон хоньдыг ихээхэн баалж туувал бүр ч үргээд алдагдах, сарнихад хүргэчих вэ гэж болгоомжилж гэр газраас хүн ирэхийг хүлээхээр шийдвэрлэв. Найдан, угтан ирэх хүнд чимээ болгож, араатан хулгай чононд хөрөнгийн эзэн байгаагаа мэдэгдэж, чангаар хашхиран гууглан, хонины захаар үргэлж явж эргэн тойрон байв. Гэнэт нэгэн ямааны орилох сонсогдоод бөөгнөрөн байсан хоньд сүрхий үргэж зогссон газраас зайлан одоход хоньчин Найдан хонины хамтаар зэрэгцэн гүйж тогтоохыг оролдоно. Ямааны орилох дуу улам улам холдсоор, чимээ тасарсан бөгөөд Найдан арайхан хонины өмнө гарч тогтоов.

Хоньд тархаж сарнисангүй, бөөнөөр гүйсэн учир бүрэн бүтэн байгаад Найдан баярлана. Гагцхүү нэгэн ямаа лавтай чонын аманд орсон бололтой гэж тааварлан сэтгэл гутна. Найдан, захирагч Сүрэнгийн хонийг гурван жил адуулахдаа нэг ч ишиг чононд өгсөн түүхгүй учир, Сүрэнд магтагддаг байсан ба мөн захирагч эзэн сайнаар хонь хариулбал нэг даага өгнө гэж урьд хэлснийг санаж одоо ч тэр шагнал олдохыг болих нь дээ гэж гомдолтойгоор, хонио явуулж ядан байтал нэгэн морьтой хүн давхин ирэв. Хоньчин Найдан ааваа гэж дуудан угтан гүймэгц, тэр хүн: «Юуны чинь аав» гэж чангаар зандран ирэх нь захирагч Сүрэн байжээ. Захирагчийн бие ирэхийн хамт шөнө болтол хонийг хээр байлгав гэж Найданг загнаж гарав. Найдан учир явдлыг тайлбарлахыг оролдсон нь, харин улам хүнд ялыг олов. Сүрэн — «Энэ муу гөлөг чинь эзэн тэнгэрийн өмнөөс ам гарахад хүрэх нь үү» гэж зандраад барьж ирсэн уургаараа Найдангийн толгой руу хэд дахин буулгав.

Тэгээд захирагчаас «Хэдэн хонь чононд өгөв?» гэж асуув. Найдан «Саяхан нэг ямаа энэхэн зүүн зүгт орилсон, тэр лав чононд идэгдсэн болов уу» гэж уйлахын завсар өчин мэдүүлэхэд Сүрэнгээс ямааны орилохыг сонссоор байж очиж авсангүйгээс бодоход санаатайгаар чононд идүүлсэн байх гэж Найданг морин дээгүүр хөөж дахин дахин уургаар жанчив.

Ганц ямааны төлөө бүх сүрэг хонио орхих аргагүй байсан учрыг хэлье гэж санагдавч, эзэн тэнгэртээ ам гарав гэж жанчихаас нь айж юу ч дуугарсангүй, гомдохын эрхэнд цурхиртал уйлав. Удалгүй захирагч Сүрэнгийн хамтаар хонио тууж гэртээ ирэв. Найдангийн эх, хүүгийн зэвхий болсон царайг үзээд айсныг мэдэж учрыг нэгд нэггүй асууж танилцаад «Шөнийн цагт ууль, шар шувуу зэрэг нь муухай дуу чимээ гаргадаг юм. Чиний сонссон гаж буруу чимээ гэдэг нь лав шар шувууны дуу биз» гэж тайлбарлаж өгөв. Хойшид ингэж оройтож болохгүйг ятган хэлээд «Чи баатар зоригтой эр болох шинжтэй байна. Том болоод магад сайн малчин болно» гэж үнсэв. «Бас захирагч Сүрэнд зодуулснаа эцэгтээ бүү хэлээрэй! Эцэг чинь хэрүүлч, урт хэлтэй хүн юм. Чамайг өмгөөлж хэрэг түвэгт орж мэднэ. Дуугүй байгаарай» гэж хүүдээ захив.

3. Хагацал

Маргааш өглөө нь Найдангийн эцэг Зоригт адуунаас ирэв Найдангийн эх урьд өдөр хонь оройтсон тухай болоод Сүрэнгийн очиж автал хонио сайн харж байсан Найдан хүүгээ магтаж эцэгт нь ярьж өгөв. Найдангийн аав унтаж хэвтээ хүүгийн толгойг илж, миний хүү сайн эр болно гэж үнсэх зуур толгойд нь булуу сорви гарсан байхыг ажиглаад «Энэ юу болов» гэж асуув. Эх нь аргагүйдэж захирагч Сүрэнгийн зодсон учир явдлыг тайлбарлан хэлээд «Биеэ барьж хүлц, чамайг хэрэг түвэгт орвол бид чинь мухардана шүү дээ. Ер нь саяхнаас захирагч авгай чамайг хялайн харах болсон шүү» гэж нөхөртөө захив. Зоригт дув дуугүй нэлээд бодол болж сууснаа: «Чамайг даа» гэж аман дотроо дуугарч шүд зуув.

Хоньчин Найдангийн аав Зоригт бол төрөлхөөс шулуун шударга, ухаан сэргэлэн, үг хурц, билиг сайтай хүн бөгөөд захирагч Сүрэнгийн балмад дээрэнгүйг үзэн яддаг ба үргэлж хурц мэргэн үгээр мохоодог байсан учир захирагч Сүрэн ихээхэн хорсдог, занан үздэг байжээ.

Нэг өдөр Найдангийн эцэг Зоригт, захирагч Сүрэнтэй уулзахдаа үнэн шударгаар хүчин зүтгэж яваа ядуу боолын үрийг шарх сорви болтол жанчсан нь гомдолтой байна. Хойшид өсвөр нялх хүүхдийг зодохын оронд намайг зодож байвал зохистой юм биш үү гэх зэрэг гомдлын үгийг илтгэн хэлэв. Энэ үгийг сонсмогц, захирагчийн бие ухаан алдталаа уурлаж, «Чиний мэт этгээд надад үг сургах ёсонгүй билээ. Чи хэмжээнээс хэтэрч байна» гэж олон зүйлийн цааз хууль зааж ихэд загнав. Зоригтод, хэдийгээр эсэргүүцэн хэлэх үг элбэгээр санагдсан боловч, нохойтой өстэй бол хормойгүй, ноёнтой өстэй бол толгойгүй гэдэг үгийг санаад энэ удаа биеэ барьж цагийг хүлээв.

Захирагч Сүрэн бол бардам дээрэнгүй бөгөөд зарц малчдадаа ширүүн догшин авир гаргадаг, хатуу харгис гэж цуутай болсон хүн байжээ. Зоригтын бие, захирагчтай санал зөрж маргалдсан нь ганц удаа бус болсны дээр, ерөөс үг хурцтай билиг сайнтайн харгаагаар захирагчийг заримдаа хурц мэргэн үгээр мухар дуулдаг байсан учир, захирагчийн бие нэгэн арга олж Зоригтыг биеэс холдуулахыг үргэлж боддог байсан нь аятайхан завшаан тохиолдож, тэдний хошуунаас Да Хүрээнд цэргийн алба хаах нэгэн хүнийг дуудаж, аймгийн чуулган даргаас тушаал хүрэлцэн ирлээ. Үүнийг аятайхан завшаан гэж үзээд Зоригтыг яв! гэж тушаав. Зоригт нүднээс далд орвол түүний эхнэр хүүхэд нь үг дуугүй миний гарт орно гэж захирагч гуай бодохдоо их мэргэн арга олов гэж өөрийг ухамсартай цэцэн болгон сайшаан магтана.

Энэ жил Зоригт гучин таван нас хүрчээ. Бушуу яв гэж хошуу тамгаас байн байн шаардах ба аймгийн чуулганы тушаал гэж сүрдүүлэх тул арга буюу амраг гэргий, хайрт үрээс хагацан салж, Да Хүрээнээ хугацаагүй цэргийн албанд мордов.

Зоригт алсын уулыг даван давтлаа гэрийн зүг эргэн харж, хэзээ нэгэн цагт амраг хань үр садандаа буцаж ирэхийг бат итгэнэ. Хоньчин Найдан эхийнхээ хамтаар гэрийн гадна гарч эцгээ далд орон ортол хойноос нь харж зогссон бөгөөд Найдангийн нүднээс нулимс цуварч, эрүүл улаан хацар дээгүүр нь зам болон зурайв.

Найдангийн эцэг явахдаа хүүгээ захирагчийн боол байлгахгүйн тул арга олдвол лам болгож, хийдэд өгөөрэй гэж эхнэртээ захижээ. Найдангйин эх ганц хүүгээ лам болгох дургүй боловч, захирагчийн боол зарц болгож жанчуулж зодуулж байлгахыг үнэнээс үл дурлана. Иймээс арга олдвол хийдэд суулгаж лам болгон эрдэм номд сургахыг бодно. Гэвч одоогоор хийдэд явуулахад гэртээ ганцаараа үлдэх бөгөөд аливаад тулгамдах болов уу гэж бэрхшээнэ.

Хоньчин Найдан эхийн хамтаар захирагчийн аль хүнд хүчир ажлыг хийж, амь зуух болов. Алс одсон эцгээс нь огт сураг чимээгүй. Найдангийн эх хүүгээ эрийн зэрэгт хүргэхийн тул Сүрэнгийн ажилд зүтгэж хоолоо олох боловч, өвөл хаврын тарчиг хатуу цагт хувцас хунар муутай, үргэлж хүнд ажил хийж, нойр хоол муутай явснаас бие нь мууджээ. Эцэг Зоригт нь явсаар нэгэн жил болов. Хүрээнээс ирсэн хүнээс сонсвол Зоригтыг баруун хязгаар Ховдод суухаар одсон, сураггүй гэнэ.

Хайрт ачит ааваа санаж,

Найдангийн сэтгэл уйтгараар бүрхэв

Тунгалаг царай нь зовлонд хатаж

Сонор оюун нь гасланд шумбав

Хоол идэвч ааваа хүснэ

Холхи газар явавч, гашуудан мөрөөднө.

4. Харанхуй замд

Нэгэн өдөр бүдүүн чанга дуутай, цүдгэр их гэдэстэй тарган лам захирагчийнд морилов. Энэ нь Найдангийн багш лам гэнэ. Найдангийн ээж, Найдантайгаа орж мөргөх дашрамдаа биеийн тэнхээ тамир доройтсон зэрэг өвчнөө тоочин хэлж эм залахыг гуйсан ба бас Найдан хүүгээ лам болгох саналаа айлтгав. Энэ үгийг багш лам сонсмогц, хөдөлбөргүй сайн шавьтай болох магад гэж баясан санаж: «Сайн сайн, миний бие удалгүй үүгээр ирэх тул тэр цагт Найданг аваачна. Харин уналга бэлтгэж бай» гэв.

Найдангийн ээж ламын өгсөн эмийг ууснаас хойш засран сайжирсан зүйлгүй боловч, ажлаа хийсээр байв. Нэгэн өдөр өнөө гайхал их дуут хүрч ирээд «Найдангаа одоо явуул!» гэхэд Найдангийн ээж захирагчаас номхон морь нэгийг гуйвал, энэ өдөр илүү морьгүй гээд өгсөнгүй тул арга буюу Молом өвгөнийг хүргэж өгнө үү гэж гуйв.

Захирагч ноён морио харамлаж өгсөнгүй нь бас ч учиртай билээ. Найдан хүү, Молом өвгөнтэй түүний хөгшин хүрэн зээрд моринд сундалдаад явахад ээж нь тэвэрч үнсээд «Ном сайн үзэж сайн лам болоорой» гэж ерөөл тавилаа. Өнчин халзаадай нь одоо төлөг болсон бөгөөд Найдангийн мордох үед ирж гарыг нь үнэрлэн үзэж үдэж мордуулав.

Найдан хүү, мэлтгэнэсэн мойл хар нүдээ зөөлнөөр эргэлдүүлэн ээжийнхээ царайг хараад: «Ээжээ! сайн байгаарай» гэв. Цааш явахдаа Найдангийн нүд тасралтгүй гэрийн зүг ширтсээр явсан бөгөөд ээж нь далд орон ортол зогссон газраасаа үл хөдөлжээ. Төрж өссөн гэр нь зэрэглээний дунд товойгоод, тоглож өссөн уу дам тал нь саруулаар гялбалзаж, үсэрч шумбасан гол горхи нь тунгалаг сайхнаар зурайгаад, адуулж хариулж дассан хонин сүргүүд нь жигдрэн бэлчээрлэж, хормойлж түүж нааддаг өнгө бүрийн цэцгүүд нь жигдхэнээр ганхан чагнаж сонсож, баярладаг хөөрхөн шувуудын яруу эгшиг холоос жингэнээд орчин тойрны үзэгдэл бүхэн цөм үдэж мордуулсан мэт санагдана.

Энэ цагаас хойш хийдэд сууж тарган ламын боол болов. Өдөр бүр төвөд ном бага сага заалгадаг боловч» унших үзэх зав чөлөө олддоггүй, өглөө нар мандахаас эхлэн орой нар шингэтэл хашааны хог арилгах, байшингийн шороо цэвэрлэх, цай чанах, хоол хийх, аяга таваг арчих, гал түлэх зэрэг элдэв зүйлийн ажлыг тасралтгүй хийнэ. Хэдий тийм боловч, төрөлхийн сэргэлэн сонор тул, заалгаснаа сайн тогтоодог байжээ.

Нэг өдөр гал түлж байгаад зуухны амыг хаахыг мартаж гадагшаа гарсан хойно цог унаж, байшингийн шал бага зэрэг түлэгдсэнийг багш лам үзээд түмэн зүйлээр зандран мянган зүйлээр харааж, хулсан үзгийн хурц үзүүрээр бөндгөр толгойг нь шалбартал хатгажээ. Ийнхүү зүдрэлт байдлаар байсаар нэт сар өнгөрөхөд орон дэлхийн өнгө шарлаж, намрын салхи сэржгэнэв.

Найдангийн сэтгэл дотор төрсөн сайхан хангай нутаг, өсөж хүмүүжсэн орон гэр, тэтгэж тэжээсэн ачит ээж, наадаж тоглосон үе тэн нөхөд цөм санагдаж, барагдахгүй хүнд ажил, тасрахгүй ширүүн хараалаас жигшиж өдөр бүр хашааны гадна гараад, нүдний нулимсыг арчин арчин гэрийн зүг харж зогсдог болов. Энэ байдлаар байсаар өвөл болгож нэгэн жил өнгөрөх үед цэвэр ариун бие нь бөөс хорхойд баригдан, бөндгөр ягаан царай нь хөв хөх бөгөөд шарх сорвитой болжээ. Найдангийн толгойд хулсан үзгийн хурц үзүүр хэдэнтээ шигдэж, нялх зөөлөн хацар дээр нь бахир том гарын алга олон удаа буужээ. Өвлийн хүйтэн өнгөрч, жаргалант зуны тэргүүн сар болоход бяцхан Найдангийн сэтгэл хөдөлж ээжээ туйлын ихээр санах болов.

Зуны эхэн сарын шинийн хоёрын өдөр үд дундаас арай өмнө Найдан хүү хашааны гадна гарч хэрхэн гэртээ харихыг бодон суугаад урагш хойш, дээш доош ажиглан харвал ар өвөр, эргэн тойрон өндөр уулс, навчит ногоон модоор бүрхэгдээд, тунгалаг мөрөн голууд үзэсгэлэн сайхан урсана. Хонгор сэрүүн салхи сэвшээлэн сэвшээлэн долгилоод, хол газраас хөхөө шувуу донгодно.

Энэ сайхан цагийн эхэнд амьтан бүгд баяртай цогтой наадан гүйлдэхэд Найдан гав ганцаараа ааваа дурсаж хаалганы дүнз модыг тэврэн зогсож байв. Найдан хүү энэ өдөр олныг бодсоор оргож гэртээ харихаар шийдвэрлэв. Хашааны хаалган дээр байгаа модыг түшиж зогссоор зүүрмэглэх завсарт, Найдан хүүгийн нүдэн дээгүүр өсөж төрсөн нутаг, орон гэр, үзэсгэлэн байдал бүрэн төгс дэнж тал, наадаж тоглосон үеийн багачууд, адуулж хариулж дассан хонин олон сүргүүд, үргэлжлэн дурсагдагч ачит хайрт ээж нь цөм яралзан өнгөрөх мэт санагдаад цочин сэрэв.

Гэртээ оргон явахаар сэмхэн бэлтгэв. Удалгүй наран шингэж үдшийн бүрэг болоход ээжийнхээ оёж өгсөн хөвөнтэй дээлийг өмсөж бяцхан хүүдийд хэдэн атга ааруул хийж аваад гартаа жижиг бургасан мод барьж хашаа байшингаар халхлан нуугдаж гүйсээр, хийдээс алслан аглаг хээр гарав. Энэ зуур нэгэнт шөнө болсон тул, сарны туяанд орон дэлхий гэгээн саруул бөгөөд Найдангийн дотор уужим сайхан санагдаж зоригтойгоор алхалсаар цааш одов. Явах замд сэрүүн салхи өмнөөс урьхнаар үлээж мандсан сарны туяа хамгийг түгээмлээр гийгүүлэн, чимээ аниргүй нам гүм боловч, хааяа салхины хүчин ихдэж шуугин исгэрэх сонсогдоно.

Алс газраас өндөр шовх уулсын харанхуй сүүдэр ба гүн гуу жалгын аймшигт хагалбар харлан үзэгдэж сэтгэлийн дунд ямар нэгэн бачим цагийн байдал үзэгдэх мэт болов. Удалгүй саяхан мандаж байсан гэгээн гэрэлт, сар уулын цаана далд орж, харанхуй болоход Найдан хүүгийн бие чичирч, царай нь хувиран орчин тойрныг эргэн эргэн харж хурдлан гүйв. Нүдэнд үзэгдсэн өчүүхэн жижиг өвс ч гэсэн тэмээ шиг харагдан, жижиг бялзуухайн нисэх нь бүргэд шувуу мэт үзэгдэнэ.

Хойш урагш, зүүн баруун дөрвөн зүг найман зовхисыг алдалгүй эргэн эргэн харж хурдлан шамдан гүйсээр явтал нь зүүн уулын цаанаас цагаан туяа гийж алгуурхан уулын орой дээгүүр алтан нар мандан, цэлмэг сайхан өдөр болов. Дэргэд нь нарийхан горхины сэрүүн тунгалаг ус мэлтэлзэн урсаж, хол газарт хэсэг хоньд бэлчээрлэн яваа үзэгдэнэ. Тунгалаг горхины уснаас нүүр гараа угааж дэргэд нь амран суув. Горхины ус шуугин гялбалзаж урсах нь сонин яруу бөгөөд өглөөний нар уулын толгой дээрээс хамгийг гийгүүлэх нь гайхамшиг сайхан, Өөрийн зовлонт байдлын эцэс хэмжээ хэзээ хаана билээ. Эдгээр бүгдийг санан бодож сонирхон харж суусаар, хүний ирэхийг мэдсэнгүй. Гэнэт «Чи ингэж явдаг золиг уу» гэж чанга дуу сонсогдмогц, цочин бачимдаж эргэн үзвэл багш лам нь уурласандаа морин дээрээ тогтож ядан «бушуу яв» гэж хашхирна. Найдан хүү арга буюу дээш босож дуртай дургүй алхлав.

Өнгөрсөн шөнө нойр хоолгүй явсан тул хөл суларч тэнхээ тамир доройтсоны харгаагаар явж үл чадах ба багш лам бушуу яв гэж нойтон бургасаар шилбүүрдэхийг тэсвэрлэхэд бэрх байв. Энэ удаагийн Найдангийн арга бүтсэнгүй боловч жанчдаг зоддог ламаас хагацаж ээжтэйгээ уулзах хүсэл улам нэмэгдэв.

Үнэн бодит саруул сайхан замаас төөрч,

Өмхий шалбааг будангуй бүрхгийн дунд гаслав.

Үзсэн эрдэм, мэдсэн сурлага юу ч үгүй,

Үзэсгэлэнт бие цогц нь хир буртагт эзлэгдэв

Харгис ламын чанга дуу тачигнаад,

Халуун зуухны үнс нурам бургилж

Өглөө бүр зуухны аманд чичрээд

Үдэш бүр хашааны дунд гасална

Хэлсэн гуйсан үг бүгд нь орхигдоод

Хийсэн бүтээсэн ажил бүгд нь муушаагдана

Хүнд ажил нь тасрахгүй үргэлжлэн

Хөлсөө гоожтол зогсолтгүй ажиллана.

Зузаан олбогоос тарган лам салж ядан сууна

Зовлонт байдлаас Найдан хүү хагацаж ядан байна.

Гаслант Найдангийн нойрын дунд аав ээж нь ирж

Гавж ламын зүүдэнд ганган авгай наадна.

5. Гашуудлын нулимс

Нэгэн өдөр Молом өвгөн ирээд Найдангийн ээж өвчтэй байна гэж эм залав. Багш лам Найдантай хамт удахгүй очно гээд хэдэн эм өгч Моломыг буцаажээ. Хэд хоносны дараа багш лам захирагчийнд очихоор Найдангийн хамт явсаар удалгүй ирж захирагч ноёныд буув.

Бяцхан Найдан тэрэгнээс буумагц, гэртээ гүйн орвол ээж нь энэрэн хайрласан зөөлөн нүдээ Найдангийн зүг эргэлдүүлж, дорой сулхан дуугаар «Миний хүү ирэв үү? Наашаа ир» гэж дуудаж тэврэн үнсээд, «миний хүү ном сайн үзэж, сайн сурч ирэв үү» гэж асуув. Найдангнйн нүдэнд ээжийн нь царай хэтэрхий дорой муу үзэгдэх бөгөөд амьсгал нь өмхий үнэртэй дэр дэвсгэр нь цөм бөөлжис болсон байв. Үүнийг үзээд ээжээ хэрхэн сувилах, туслах хүн хэн болохыг олж мэдэхэд нэн бэрх байжээ. Арга буюу яаран шамдаж бөөлжсийг нь цэвэрлэн ээжээ тэврэн суухад ээж нь «Миний хүү ном сайн үзэж, эрдэмтэй сайн лам болохыг хичээгээрэй» гэж бүдэг сулхан дуугаар дахин дахин хэлж арайхан амьсгална.

Удалгүй багш лам, өвгөн Моломын хамт орж ирээд ээжийг нь нэг хэсэг үзэж гайгүй биз дээ гээд эм өгөв. Бяцхан Найдан багш ламаас залсан эмийг яаравчлан бэлтгэж ээждээ уулгахдаа лавтай эдгэнэ биз гэж мөрөөдөн санана. Энэ өдөр зуны дунд сарын шинийн хоёрын өдөр бөгөөд ертөнцийн байдал гайхамшигт сайхан, шинэхэн ногоо хийсэж сэрүүн булаг ундран, харийн шувууд гангар гунгар донгодно. Өнгийн цэцгүүд үзэсгэлэн төгс намирч, сайхан үнэр амтлагдана. Ийнхүү амьтан бүгдийн байдал сэргэлэн сонор, баяртай цэнгэлтэй байхад түүний дунд ганцхан Найдангийн нүдэн дээгүүр ус мэлтгэнэж сэтгэлд нь уйтгар долгиолно.

Найдангийн ээж хүнд өвчинд нэрвэгдэн бөөлжисний үнэрийн дунд гашуудан хэвтэж үхэх эдгэрэхийг мэдэхгүй, балчир бага хүүгээ яаж амь зуух бол гэж туйлын ихээр зовнино.

Өвчлөн хэвтсэн цагаас хойш хоол унд идсэн нь тун бага, идэх дур ч үгүй байжээ. Ламаас залсан эмийг хүртсэн боловч засрах төлөв огтгүй улам доройтсоор, оройн наран шингэхийн үед нас эцэслэв. Ачит хайрт ээжийгээ нас эцэс болсны хойно Найдангийн бие бэтгэрэн зангирсан гунигт дуугаар «Ээж минь ээ» гэж хэд хэдэн удаа дуудсан боловч, нэгэнт ертөнцийн мөнх бусын хувирлыг үзүүлсэн тул чимээ гарсангүй, харин, царай нь алгуурхнаар цагаан болж, энэрэнгүйгээр ширтэгч урсгал зөөлөн нүд нь хоромхон зуур өөрчлөгдөн хувирав. Найдангийн бие сая учрыг мэдэж гэрийн гадаа гарч уйлан зогсох үед гэрэлт наран уулын толгой дээр очоод захирагчийн хонин сүрэг үдшийн идээлгээс буцаж байв.

6. Өнчид

Өнчин хоцорсон Найдан гэрийн дэргэд уйлан сууж байхад дэргэдүүр нь захирагч Сүрэн давхин өнгөрсөн боловч Найдан тийш юу ч хэлсэнгүй. Харин өнчин халзаадай хурга нь одоо том хонь болсон бөгөөд сүргээс тасран гарч Найдангийн дэргэд ирээд эзний уйтгарласан сэтгэлийг засахыг оролдсон мэт байв. Найдан, өнчин халзаадайгаа таньж хүзүүгээр нь тэврэн энэ бид хоёулан өнчин юм. Ингээд хоёулхнаа амь зууж явна гэж сэтгэнэ. Найдангийн багш лам нь энэ нутагт байж болохгүй гэж айлдсан учраас захирагч Сүрэнгийнхэн маргааш өглөө нь нүүн явчхав.

Найдан хүү хоосон хар бууц дээр үлдэхэд өнчин халзаадай нь эзнээ сахин үлдэлцэв. Өнчин халзаадай хониноос өөр Найданд хань болох халуун амьсгалт амьтан энэ удаа байсангүй. Захирагч Сүрэнгийн нүүдэл далд орж малын шуугилдах чимээ, үзэгдэх бараа тасраад эзэнгүй хар бууц, хоосон тал Найданг хүрээлэв. Найдан хүү бяцхан бор гэрээ харахдаа энэ бол миний төрсөн гэр орон мөн. Үүнийг орхин явж яаж болно. Үүний дотор намайг төрүүлж хүмүүжүүлсэн энэрэгч ачит ээжийн минь алтан шарил нь байна. Би түүнийг яаж орхиж болно гэж санагдав. Ийнхүү эргэцүүлэн бодож гаслан суутлаа гэнэт хөгшин зээрд морьтой, бас нэг үнээтэйгээ санав. Морио тэргэнд хөллөөд, ээжээ гэрийнхээ хамт ачаад Молом өвгөнийд очъё гэж бодогдовч хөгшин зээрд морины бараагүй байгааг бодвол захирагч Сүрэн адууныхаа хамтаар тууж аваачсан бололтой. Яах ч арга замаа олохгүй мухардав.

Алс замыг ширтэхэд амьд юмны бараагүй. Энэ үед аав минь хүрээд ирээсэй гэж бодохдоо Найдан хүүгийн ус гүйсэн нүд нь Зоригтын анхан давж очсон давааг ширтэнэ. Даваан дээгүүр морьтой хүн гарах шиг санагдахад нүдний нулимсыг арчаад сайтар ажиглавал хий үзэгдэл болон сарниад хоосон зам зурайж байлаа. Зурайж харагдсан хоосон тэр зам газрын зам байлаа.

Түүнээс гадна хүний амьдралын зам гэж буй. Тэр зам газрынхтай адил урттай богинотой, даваатай, давчтай янз бүр байдаг. Чухам ямар замаар нь Найдан хүү орж яаж явах, яаж хүн болохыг урьдчилан хэлэхэд үнэхээр хэцүү цаг байж билээ Гэвч цаг цагаараа цахилдаг хөхөөрөө байсангүй нь дараах бүлгээс тодорхой болъюу. Олон жилийн дараа билээ…

7. Баяртай мэдээ

Баян Монголын уудам их нутгийн дорнод талд алтан өнгөт Хэрлэн голын хөвөөгөөр багширсан адуун сүрэг бэлчээрлэн харагдана. Хүний сэтгэл тэнийм, уужим хээр хөдөөг бүрхсэн шивээт хялгана салхинд найган хийсэх нь усны долгион мэт мяралзаад нарны гэрэлд гялтганаж цагаан мөнгөн бүрхээстэй юм шиг санагдана. Энэ бүрхээсийн доод тал нь бутуул хазаар өвс, таана болон олон өнгөт цэцгүүдээр хучигдсаныг үзэхэд сэтгэл бахдалтай сайхан. Энэхүү чөлөөт талын дундах олон сүргүүд хэний билээ гэж бодогдохын сацуу морины төвөргөөн сонсогдоод тэвхийсэн ташаатай, тэгш өндөр биетэй, жавхлант түргэн хонгор морь унасан дөч орчим насны нэгэн хүн айсуй. Даруй адууны дэргэд хүрмэгц, уурга сунган дүүлэн орох нь шууман харцага шувуу шиг гавшгай бөгөөд үзэхэд бахдалтай. Хэд дахин адуун сүргийг хага зүсэн орж хөөцөлдсөөр удалгүй тэвхийтэл зассан дэлтэй бор алаг морийг уургалан барьж ногтлоод, хэтэрхий уудам талын дунд харагдах хэдэн цагаан гэрийн зүг нисэх мэт хурднаар давхин одов.

Тэр хот айлын өмнөх том цагаан гэрээс цэлмэг дүүрэн царайтай тунгалаг хархан нүдтэй нэгэн эхнэр хүн гарч сайх адуучныг угтан авах зуур «Найдан аа, манайд зочин ирээд байна» гэж хэлэв. Найдан, эхнэрийн зүг хандаж: «Чимэг ээ! Хэн ирсэн бэ» гэж асуухад Чимэг: «Гэртээ ороод мэдээрэй» гээд хэлж өгсөнгүй. Найдан, баахан гайхаж бодсоор гэрийн зүг алхах зуур «Хонин тийшээ нүдээ хараарай» гэж Чимэгт захиад гэртээ оров.

Найдангийн өмнөөс цэл буурал толгойтой нэгэн өвгөн тосож уулзахад Найдан «Молом аавын амрыг эрье» гэж бөхөсхийн мэндлээд: «Бид таныг их хүлээж байсан юм» гэж баярыг хүргээд тавлаж суун, ойр холын сонин, малын тарга хүч, цаг улирлын байдал зэргийг харилцан ярилцахын дашрамд Молом өвгөн «Найдан чиний сая морь уургалахыг би үзэв. Чи чинь морин дээр явахдаа яг эцэгтэйгээ адилхан юм байна» гэв. Найдан баахан бодлого болон байснаа: «Миний эцэг одоо байвал хэдэн настай байх вэ» гэж асуув. Молом «За байз, бодъё.

«Чиний 13 настай байхад 35 насан дээрээ явсан, одоо түүнээс хойш 27 жил болжээ. Иймд одоо байвал 62-той хүн байх байжээ. Залуу хүн байх байж шүү» гэв. Найдан — «Би одоо хүртэл ааваа хүлээдэг шүү. Анхан давж одсон давааг нь харахад одоо ч өр өвдөж, сэтгэл хө дөлдөг» гэхэд Молом: «Хүлээх нь зүйтэй, алтан дэлхий гэдэг уужим юм. Аавын хүү ямар ч газар явж байдаг, хэзээ нэгэн цагт ирж мэднэ. Миний амьдад ирээсэй, тэгвэл их сайхан сан» гэв.

Ийнхүү ойр холыг ярилцан суутал гаднаас Найдангийн эхнэр Чимэг аргал хормойлсоор орж ирээд Найдан тийш хандаж «Үд болж хонь орох оройтож байна. Хүү маань цангаж яваа байх. Чи угтаж очоод хонио гаднаа авчир. Хонь гаргаж Молом аавд хоол хийж өгье» гэхэд Найдан гарч одов.

Найдангийн эхнэр Чимэг, сайхан сүүтэй цай чанаж өвгөн Моломыг зочлон хүндэлж ойр холын сониныг ярилцан суув. Энэ завсар Молом өнгөрсөн цагийн түүхийг Чимэгт ярьж өгөхдөө Найдангийн бага насны байдал ба захирагч Сүрэнгийн гэргийн хатуу зан ааш хийгээд хэрхэн Найдангийн эх нас нөгчиж, хүүгээ өнчин орхисон тухай, Найданг Молом үрчлэн авч өсгөсөн, өнчин халзаадай гэдэг хонь нь өсөж үржсээр баян сүрэг хоньд болсныг Чимэгт ярив.

Хоньчин Найдан бол бага наснаас эхлэн эзэрхэг харгис засгийн дарлагдалд хүнд зүдүүрийг туулж явсаар одоо ардын эрхт гэгээн засгийн үед эрх чөлөө бүрэн төгс, чинээлэг сайн аж амьдралгатай эрхэм малчин болжээ. Бага наснаас аливаад хичээл оролдлого сайтай, ажилч хөдөлмөрч байсан бөгөөд эхээ нас нөгчсөнөөс хойш өвгөн Моломын төрсөн хүү мэт түүний хайр хамгааллын дор өсөн бойжсон учир тэр өвгөнийг аав гэж хүндэтгэнэ.

Захирагч Сүрэнгийн хоньчин байх үедээ олж авсан өнчин халзан хурга нь одоогийн хонин сүргийн анхны эх нь болсон юм. Одоо хүртэл, Найдангийн хүүхдийн тоглоом дотор сайхан улаан, ногоон өнгөөр алаглан будсан хоёр том шагай байх нь өнчин халзаадайг мартахгүйн тул дурсгал болгон үлдээсэн тэмдэг болно. Найдан анх өнчин халзаадай хониныхоо хургалахад хоёр хоньтой болсондоо баярлаж, тэрхүү анхны хургыг өвөртөлж унтдаг байж билээ. Тэр заншлаараа одоо ч гэсэн хүйтэн цагт гарсан төлийг заавал гэртээ оруулж уядаг, хээр мал төллөвөл түүнийг өвөртлөөд гэртээ авчирдаг байна.

Малын төллөж байх үед шөнөдөө гурав дөрөв дахин босож хээлтэй малаа эргэж үздэгийн дээр малаа усны тунгалаг, өвсний эрүүл соргогийг сонгож үргэлж бэлчээр сэлгэн бэлчээрлүүлдэг, хэзээд малын хойноос нүдээ тавьж явдаг хичээл оролдлого нэн сайн ажээ. Бас зөвхөн өөрийн малыг арчлах төдийгөөр зогсохгүй, үдэш өглөө малд явахдаа айл хөршийн малыг гадуурхахгүй нэгэн адил харж харгалзаж явдаг учраас нутгийн олонд алдар хүндийг олж Найдангийн явсан газар малд аюулгүй гэж ойр хавийн айлууд ярилцдаг болжээ.

Нэгэн өдөр сумын захиргаанаас дугтуйтай бичиг ирэв. Түүнийг үзвэл Найданг сумын сайн малчны хуралд урьсан урилгын бичиг байжээ. Хоньчин Найдан сайн малчин Найдан болов. Сайн малчны хуралд явахаар бэлтгэв. Сумын захиргаанаас болзоолсон өдөр болж мордохыг завдан байтал адуунд явсан Найдангийн хүү Батзориг ирээд, нэгэн жигтэйхэн сонирхолтой мэдээ хүргэсний нь эргэлзэн гайхалтай бөгөөд баярлалтай. Хүү Батзоригийн өгүүлэх нь: «Энэ өдөр адуунд явах зуураа машинаар явж байгаа олон улстай уулзав.

Тэдний дотор буурал толгойтой нэгэн өвгөн байна. Миний овог нэрийг асуугаад Найдангийн гэхэд, хэний Найдан бэ гэж асуув. Моломын Найдан гэхэд Молом гэдэг чинь чиний эцгийн жинхэнэ аав нь мөн юм уу гэж асуугаад хоргоогоод байхад нь дургүй хүрээд давхиад явчихсан» гэж хүү Батзоригийн хэлэхийг сонсохдоо Найдангийн сэтгэл хөдөлж ямар янзын өвгөн болохыг тодорхойлуулахыг хүсэж дахин дахин асуувал хүү нь олж мэдмээр баримттай тодорхой юм хэлсэнгүй. Энэ мэдээг сонсоход баярлалтай байтлаа учир битүүлэг байжээ.

Хэрхэх аргыг мэдэхгүй мухардахдаа Чимэгээг харахад нь түүний бие бас л гайхаж алмайрсан байдалтай сууна. Энэ баяртай мэдээ, миний санасанчлан болоосой гэж хүссээр эмээлээ барин гэрээс гарахад нь Найдангийн түргэн хонгор морь, уяан дээрээ үүрсэж хайрт эзнээ дуудаж байв.

1935 он Баянтүмэн

Эх сурвалж:

  1. Цэвэгмид Д. Зохиолууд / ред. Б.Бааст; зур. Д.Сандагдорж.- УБ., 1974 // e-nom.mn/book?bid=825
  2. https://www.youtube.com/watch?v=m7-oSZ2HkCk&app=desktop
About the Author
Цэвэгмид Д.

Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны Нарсан харуул, одоогийн Дорнод аймгийн Баяндун суманд төржээ. Арван настайдаа Улзын хошууны бага сургуульд орж 1928 онд төгсч, улмаар Улаанбаатар хотод Багшийн сургуульд хоёр жил суралцаад 1930 онд нийслэлд байгуулсан хар бологсдын бэлтгэл сургуульд түмэн бодисын багш болж сурган хүмүүжүүлэх ажлаа эхэлсэн байна. МУИС-ийн зоологийн кафедрын лаборантаар хэдэн жил ажиллахдаа оюутны хичээлд завчлан суусаар их сургуулийн программт сургалтыг үндсэндээ олж авчээ.
Дэлгэрэнгүй: https://mn.wikipedia.org/wiki/Дондогийн_Цэвэгмид