Гэрийн номын санЗөвлөгөө - Номын санМэдээОновчтой уншлагаӨөрийгөө хөгжүүлэхТүүх, Хуучны баримтУран зохиол - Зураг

Ц.Шүгэр: Айл өрхүүдийг гэрийн номын сантай болгохын тулд үйлдвэрүүдийн дунд номын шүүгээ, шкаф урлах уралдаан зарлаж байсан…

Ц.Шүгэр бол Монголын нэртэй орчуулагч төдийгүй хуучны ном судрыг хэвлэлийн талаас нь судалсан цорын ганц эрдэмтэн. 5 жил гаруй оройн цагаар Улсын номын санд сууж, ажлынхаа хажуугаар энэ ажлыг амжуулжээ. Энэхүү ажлын үр дүнд “Монголчуудын ном хэвлэдэг арга“(1976), “Монголын модон барын ном” (1991) онд тус тус хэвлүүлжээ. Анх 1950-иад оны дунд үеэс ном орчуулж эхэлжээ. Тэр үед орчуулагч гэх хүн Монголд маш цөөн байсан гэдэг. Тэрээр роман, тууж, өгүүллэг, найруулал гээд газар газрын уран зохиолыг орос хэлнээс орчуулсан бөгөөд нийтдээ 26 ном орчуулан хэвлүүлжээ. Ингээд түүний дурсамжаас цөөн хором хуваалцсан юм.

Таныг Монголд хамгийн анхны Модон барын номыг хэвлүүлсэн хүн гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?

Би Монгол модон барын номыг судалж, эрдмийн зэрэг хамгаалсан хүн л дээ. Монголд надаас өөр модон барын номыг судалж, гаргасан хүн байхгүй, би хамгийн анхных нь. Миний эрдмийн зэргийн удирдагч нь доктор, профессор Б.Ринчен, албан ёсны шүүмжлэгч нь Цэндийн Дамдинсүрэн гуай байлаа. Ер нь Монголд байтугай Буриад, Өвөрмонгол, алинд нь ч модон барын номыг судалж, хэвлэн гаргасан хүн байхгүй л дээ.

Яагаад “Монгол модон барын ном” гэж нэрлэсэн юм бэ? Яаж хийдэг нь сонин санагдлаа?

Эхлээд монгол бичгийг нимгэн цаасан дээр бичээд, дараа нь модон дээрээ наасаны дараа араас нь сийлж гаргадаг юм. Тиймээс л модон барын ном гэж нэрлэсэн юм шүү дээ.

Таны хамгийн анхны орчуулгын ном ямар ном байсан бэ?

Хамгийн анхны ном маань “Гулливерийн аялал”. Энэ ном маань гурав дахь удаагаа хэвлэгдэн гараад байна. Тэр үед ном орчуулгыг хүн бүхэн сонирхдог байсан цаг. Тухайн үед орос хэлийг гол хэлээ болгон үздэг байлаа. Бусад хэлнээс ном орчуулна гэж бараг байдаггүй, анагаах ухаан, улс төр гээд бүхий л номнуудыг орос хэлнээс л орчуулдаг байлаа. Ингэхээр Монголчууд бид Оросын соёл иргэншилтэй салшгүй холбоотой юм л даа. Оросын соёлыг хүндэтгэж байсан үе. Өнөө хүртэл Монголчууд бидний өдий зэрэгтэй яваа нь Оросын ач тус шүү дээ.

Таны үед хүмүүс ном их уншдаг байсан гэдэг? Гэртээ номын сангүй айл гэж байдаггүй байсан гэж ярьдаг юм билээ?

Тэгэлгүй яахав. Айл бүхэн гэртээ номын сантай, тэр битгий хэл үйлдвэрүүдийн дунд номын сангийн шкаф, шүүгээ хийж өгөх уралдаан зарладаг байсан тийм л үе. Бид чинь сард тэдэн ном унших ёстой гэсэн даалгавар авдаг байлаа шүү. Хэвлэлийн үйлдвэрүүд номыг маш олноор нь хэвлэн гаргадаг байсан. Нэг номыг 1000-аас доош хувиар гаргана гэж байдаггүй байсан шүү.

Харин одоо ном уншдаг хүн бараг үгүй болсон гэж ахмадууд ярьдаг шүү дээ?

Нэг хэсэг нь номтой нөхөрлөж байхад нөгөө хэсэг нь баар цэнгээн ч байдаг юмуу өөр зүйлд чөлөөт цагаа зарцуулдаг байх. Харилцан адилгүй байх л даа.

Орчуулагч хүний хувьд өнөөгийн нийгэмд дэвшилттэй ямар ямар тал ажиглагдаж байна вэ?

Дэвшилттэй юм гэвэл зөндөө байлгүй яахав. Залуус маань маш олон хэлнээс орчуулдаг болсон байна. Тэдний мэдлэг боловсрол улам л нэмэгдэж, дэвшилттэй явж байна. Бидний үед бусад хэлнээс орчуулахдаа заавал оросоор дамжуулж орчуулдаг байсан. Одоо бол тийм биш болсон байна шүү дээ. Ингэж эх хэлнээс нь орчуулна гэдэг маш сайн хэрэг.

Дутагдалтай тал юу ажиглагдаж байна?

Нэг хэсэг орос кино маш их гардаг байлаа. Одоо ганцхан Солонгос кино л гарч байгаа харагдах юм. Орос кино ямар сайхан гээч. Амьдралд сургамж болохоор, хунд ухаарал өгөхөөр тийм агуу кино байдаг. Ялангуяа эх орны дайны жилүүдэд Орос шиг сайхан дайны тухай кино хийж байсан улс байхгүй.

Телевизийн орчуулгын кинонуудыг орчуулагч хүний хувьд шүүмжлэлтэй хандах зүйл гардаг уу?

Номын орчуулга өөр л дөө. Маш нарийн зүйл. Номд гарч байгаа шиг тийм нарийн ширийн юм киногоор гардаггүй. Яг телевизийн орчуулгын кинонуудын хувьд нэг их ажиглаад байсангүй. Хааяа нэг харж суухад энийг нь ингэж орчуулвал зүгээр байсан юмуу гэх зүйл гардаг л юм.

Таны сэтгэлийг зовоож буй, эмзэглэмээр зүйл юу байдаг вэ?

Хятадууд Монголд олноороо орж ирж байна гэж ярих юм. Энэ бол хилээр оруулдаг эрх бүхий зохих шатных нь хүмүүстэй л холбоотой. Тиймээс хилээр нэвтрүүлэх журмыг улам л нарийсгах хэрэгтэй санагдах юм. Ингэж хөнгөн гоомой хандаад байвал тэр олон сая хүнтэй Хятад улсаас олон мянга, саяараа орж ирэхийг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Тэгвэл энэ цөөхөн хүн амтай улсад Монгол хүн гэж үгүй болно биз дээ.

Монгол хэлийг гадаадынхан сурахад их хэцүү гэж ярьдаг юм билээ?

Ер нь амаргүй шүү. Гэхдээ ямар ч хэлийг сурахад тийм хялбар биш шүү дээ. Манай монгол хэл шиг яг бичсэн үсгээрээ дуудагддаг хэл байдаггүй. Орос хэл ч мөн адил. Цөөхөн Монголчууд бид өдий хүртэл үндэснийхээ бичгийг авч яваа ард түмэн. Энэ нь маш сайн хэрэг л дээ. Түүнээс гадна Монгол уйгуржин бичгийг хүн бүр мэдэж байх ёстой гэж би боддог юм. Тиймээс дунд сургуульд уйгуржин бичгийг зааж байх нь зүйтэй.

Эцэст нь та манай сонины уншигчдад хандаж юу хэлэх вэ?

Хүн бүхэн ном уншдаг байх хэрэгтэй. Ном сайн унш, номтой нөхөрлө. Ном уншихгүйгээр ухаанаа тэлнэ гэж байхгүй шүү гэж л хэлмээр байна. “Ухаан далай номоос эхтэй, усан далай булгаас эхтэй гэдэг”. Тиймээс ямар ч номыг дуустал нь уншиж байж тэр дотроос амьдрал дээр олон зүйлийг ойлгож, ухаардаг юм шүү.

Ярилцcaнд баярлалаа

Сэтгүүлч Г.МЯНГАНЦЭЦЭГ

ЭШ ТАТАХ:

[citationic styles=”apa,mla,harvard,vancouver,chicago,ieee”]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *