Үргэлжилсэн үгийн зохиол

Гаамаа хүүхэн

Донровын Намдаг (1911~1984)

Хангай говийн завсарт Арвижих нэрт бяцхан цагаан тал ру зүүнээсээ хэсэг хонь бэлчээрлэн орж ирсэн нь аль өглөөний үзэгдэл байлаа.

Хэдийгээр тачирдуу боловч сөл шимээ хадгалсан өвсөн дунд хоньд эрх дураараа налайн тарж, бяцхан талын гуравны нэг хувийг тана сувдаар чимэглэсэн мэт болгоно. Алсаас харахад хонины хажууд ганц торгор хар юм салахгүй явах нь түүнийг хариулагч эзэн хүн болох нь мэдээжийн хэрэг юм.

Тэр зүгээс эмэгтэй хүн, лимбийн эгшигтэй эндүүрэхүйц хоолойгоор “Баян монгол” гэдэг дууг дуулан намрын сүүл сарын сэрүүн амьсгалт улирлын сэвэлзүүр салхинд шингээн долгилуулж байгаа нь тэр хоньчны дууллаас өөр хэн нь байх билээ.

Ингээд энэ маань хэн гэдэг нэртэй хүний үр сад вэ? гэвэл малчин ард Гомпилын төрсөн ганц охин Гаамаа юм. Yзтэл нэгээр дарж ар руугаа хаясан бүдүүн хар гэзэг нь бүсэлхийгээсээ өнгөрчээ. Торомгор хар нүд, хүрэн бор хацар нь хүүхдийн биш, харин насанд хүрсэн эрүүл чийрэг эмэгтэйн цог жавхлангаар гэрэлтэнэ. Гомпилынх Гаамаагийн нялх цагт хорь гучаад хоньтой, юм юмаар дутагдаж гачигдсан ядуу гэр бүл байсан юм бол одоо 300 гаруй хоньтой чинээлэг айл болжээ. Хоньчин охин Гаамаа өдрийн уртыг өөрт мэдэгдэлгүй өнгөрүүлэх гэж “Баян монгол” дуугаа эгшиглүүлсээр байна. Энэ дуу бол малчин бүрийн сэтгэлд бүрэн шингэсэн ам нээхэд өөрөө уянгалан гарч ирдэг хөөрхөн дуу боловч чухам Гаамаа шиг эвтэйхэн дуулдаг нь ховор биз ээ. Аялгуу сайхнаар дуулсан тэр эгшгийг аялагч салхи өөртөө шингээн аваад алсад нисэн одсоныг эргэн тойрон уулс, хүлээн авч чих тавих мэт цэнхэр хөх агаарын дундаас сүүмэлзэж харагдана. Өдөр дундаасаа өнгөрч байх үед баруунаас нэгэн хэсэг хонь бэлчээрлэн гарч ирэв. Түүний дэргэд нь бага сургуулийг Гаамаатай хамт төгссөн Дулмаа хүүхэн явж байлаа. Гаамаа түүнийг барианы газраас танин уулзах сэтгэл төрж даллан дуудав. Гэвч Дулмаа харсаар байтлаа өнөөдрийн хувьд би чамтай уулзахыг хүсэхгүй гэсэн мэт хониныхоо хажууд сууж доошоо бөхөлзөх мэт нэг юмыг хийж байлаа. Яван явсаар бүр ойртон очиход сая толгойоо дээш татан, хийж байгаа зүйлээ яаран хийж өвөртөө хийгээд угтан ирэв.

Гаамаа аль түрүүнээс аваад даллан дуудсаныг үл хайхарсанд нь тунирхан,

– Чи юу болчихоод ийм их зан гаргана вэ? гэсэнд,

– Чи надад битгий муу сана! Би ойрын хэдэн хоног нэг чухал зүйлийг хийж толгой дээш татах завгүй шүү гэж инээмсэглэн хариулав. Энэ үг Гаамаагийн сэтгэлийг юунд гижигдэхгүй байх билээ. Ямар зүйл вэ? гэж нүүрийг ширтсэнд Дулмаа –Зүү ороож байгаа юм гээд үзүүлэхийн оронд өврөө даран доош суув. Зүү ороож байна гэсэн үг нь Гаамаад бүр сонирхогдон үзэхийг хүсэв.

Дулмаа дурамжханаар өвөртөө гараа хийсэн боловч,

– Yгүй чи дууссан хойно нь үзээрэй гээд гараа яаран буцааж гаргалаа. Дулмаа түрүүн дуудахад эс хайхраад, одоо бас хийж байгаа зүйлээ нуусанд нь үнэхээр муу санав.

Гэвч хар багаасаа сайхан үерхсэний хувьд дотроо гомдсоноо шууд гадагш гарган:

– Би чамайг ийм муу санаатай гэж бодоогүй билээ гэж санаа алдан хэлээд:

– За яахав. Ийм л байдаг байжээ баяртай гээд явах гэтэл Дулмаа аргагүй болж,