Монгол ардын үлгэр

Айлын гурван хүү

Эрт урьд цагт нэгэн айл гурван хүүтэй, таван ам бүл амьдарч байжээ. Гэтэл гурван хүү нь том болж эрийн цээнд хүрэв гэнэ. Эцэг эх нь гурван хүүгээ ямар хувь заяатай хүмүүс болохыг өөрсдөөр нь шийдүүлнэ гэлцээд адил тэгш хэмжээний нэлээд их мөнгө хуваан өгөөд:

— Энэ мөнгөө аваад гурван жилийн хугацаагаар явж хүнтэй танилцаж газар үзээд дуртай юмсаа аваад ир. Та гурвыг ямар аз тавилантай улс болохыг чинь үзнэ гэжээ.

Ингээд гурван хүү нь явсаар гурван жилийн дараа энэ газраа цуглаад харина гэж овоо босгоод гурван зүгт тарах болов. Хоёр дүү нь ахаасаа нууж манай муу тэнэг ах ч аавын баахан мөнгө үрээд юу ч олж ирж чадахгүй гэж шоолж байв. Хоёр дүү нь хаана яаж явсан нь бүү мэд.

Ах нь явсаар хүн амьтан нааш цааш гарч чадамгүй том голтой тааралджээ. Тэр голоор хүн амьтан гаргадаг болгоё гэж шийдээд гүүр тавьж эхэлжээ. Голд гүүр тавиад дуусаж гэнэ. Хүн амьтан нааш цааш гардаг болж гэнэ. Мөнгөө яг дуусаж гурван жилийн хугацаа ч дуусаж гэнэ. Тэгээд гүүрний дэргэд эцсийнхээ шөнө хонохоор шийдэж шөнө зүүдэлжээ. Зүүдэнд нь нэг томоо хар хүн ирээд:

— Май, энэ мөнгөний сав, эрдэнийн сав юм шүү. Тонгойлгох бүр алтан зоос гарна. Май, энэ бяцхан домбо. Энэ эрдэнийн домбыг тонгойлгох бүр дарс гоождог. Май, энэ шүүрээр хүнийг нэг удаа нуруун дунд нь цохиход тэр хүний бие насныхаа тал хувьд байсан шиг залуу болно. Гэхдээ нэг хүнийг гурваас илүү цохиж бодлохгүй шүү гэж хэлээд өгч байгаагаар зүүдэлжээ.

Өглөө сэрэхэд дэргэд нь мөнгөний цүнх, бяцхан домбо, бургасан шүүр турав байв. Мөнгөний савыг тонгойлгосон чинь алтан зоос гарч гэнэ. Бяцхан домбыг тонгойлгосон чинь хачин сайхан дарс гоожиж байна гэнэ. Тэгээд л цүнх, домбо хоёроо өвөрлөөд шүүрээ үүрээд гэр рүүгээ буцжээ.

Хоёр дүүтэйгээ болзсон газраа ирсэн чинь хоёр дүү нь хэд хэдэн үхэр тэрэг ачаатай ирсэн байна гэнэ. Амар мэндээ мэдэлцээд хоёр дүү нь:

— Манай тэнэг ах тэгнээ тэр, баахан мөнгө үрээд нэг муу хогийн шүүр үүрээд ирж дээ гэж хоорондоо аяархан ярилцав.

Гурвуул гэртээ иржээ. Аав нь гурван ижил байшин барьж ах дүүгээ цуглуулсан байв. Ингээд бага хүүгийн ачааг буулган эхний байшинд оруулахад дан цагаан будаа байв. Дунд хүүгээ хоёр дахь байшинд юмаа оруул гэв. Дунд хүү нь торго дурдан буулгаж гэнэ. Үнэтэй сайхан эд авчирцгааж гээд гэртээ оруулж гэнэ. Том хүү нь:

— Та над юунд байшин онгойлгосонгүй вэ? гэхэд:

— Хогийн шүүрээс өөр юу ч үгүй байж яах юм бэ. Дуугүй гэртээ ор гэв.

— Та онгойлго гэхэд нь аав нь дуртай дургүй онгойлгож гэнэ. Том хүү мөнгөнийхөө савыг онгойлгож алтан зоос гаргасанд нөгөө цугласан улсын нүд гялбаж гэнэ. Том хүү та нар энэ алтнаас цөм атгаж авцгаа гэж өгөөд байшинг дүүргэж хаалгыг хаалгаад гэрт орж иржээ.

Гэрт буй хүмүүст цай хоол өгсний дараа бяцхан домбоо гаргаж дарс хийж барьсанд бүх хүмүүс согтжээ. Тэгсэн чинь аав нь:

— Үүнээсээ жаахан залуу бол дуу аялж гармаар байна даа гэжээ.

Тэр үгийг сонсоод том хүү нөгөө шүүрээрээ аавынхаа нуруун дундуур нэг удаа цохисонд аав нь ид залуу болж бусад хөгшин хүмүүс намайг намайг гэхээр нь нэг нэг удаа цохиж залуу болгожээ.

Цугласан хүмүүс дарс ууж цөм согтсонд хоёр муу санаат байхгүй болсон байна гэнэ. Гадуур тэднийг хайхад хоёр дүү нь нөгөө шүүрийг авч өөрсдийгөө хэд хэд дахин цохиж дээлэндээ нярай хүүхэд болцгоосон уйлаад хэвтэж байсан гэдэг.

Эх сурвалж: Монгол ардын найман үлгэр, 1983

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *