Зан заншил

Үтрэмийн ерөөл

Буман жилийн
Булган сарын
Түмэн жилийн
Торгон сарын
Түгээмэл өлзий бүрдэгсэн
Түвшин сайн өдөр өө!
Тэргэл саран мэт дүгрэг
Толь шилэн мэт гөлгөр
Тал мэт уудам үтрэмдээ
Хөндий хоолойг бүчин ургаж
Хөх үхрийн хүзүү чинээ ургаж
Уул талыг хучин ургаж
Улаан үхрийн чинээ ургаж
Хангай говийг ялгалгүй ургаж
Хамаг бүгдийг гайхтал ургаж
Хулс адил хурдан ургаж
Хумх адил арвижин дэлгэрч
Хүн бүхнийг гайхтал ургасан
Таван зүйлийн тарианы үрээ
Тансаг элбэг хурааж
Тайван сайхан үтрэмдээд
Тавтай цэнгэлийг үйлдэн бүхийд
Тарианы ажлын үйлчин болсон
Трактор комбайнаас авхуулаад
Тармуур шигшүүр түүнийгээ
Таван хошуу малынхаа хишиг
Тараг сүүгээр мялаая.
Агаар хурмастын орноос буусан
Аадар хурын чийгээр ургасан
Асар олон шан, бухаар нь урссан
Аугаа мөрний усаар тэжээлгэсэн
Арвай буудай аливаа бүгд
Амтат тариа түүнийгээ
Адуу малынхаа буян
Айраг сархдаараа мялаая.
Элдэв тансгийн үйлчин нь болсон
Энэ монголын үйлдвэрчин ард
Ээрэм талын тариаланчид
Эрхэм олон та нарыг болбоос
Элбэрэлт нам засгаас тань үнэлээд
Үр бүтээл нь өндөр гэж
Үйлс явдал нь өөдрөг гэж
Үнэнч зүтгэл нь их гэж
Үнэмлэх одонгоос эхлээд
Үүрд дуурьсгах алдар шагнасныг
Үгсийн сайн дээдээр мялаая.
Жил ирэх тутам жаргуулж
Он ирэх тутам ундруулж
Улам илүү ургац хураахыг
Олон бүгдээрээ бэлгэдэж
Үр тарианы өлзий оршсон
Үтрэм цангаа магтан ерөөж
Санасан болгон нь сэтгэлчлэн бүтэж
Сайхан бүхэн нь дэлгэрэн жаргахын
Сайхан билгийг дээш нь
Дэвшүүлэн айлтгая.

Эх сурвалж: Эх сурвалж: Монгол ардын ерөөл, магтаал, зугаа үг – үгэн тоглоом, 1983

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *