Эрүүл мэнд

ХЭВШҮҮЛЭХЭД АМАРГҮЙ Ч ӨНДӨР АЧ ТУСТАЙ 7 ДАДАЛ

Эх сурвалж: http://www.unread.today/posts/post/773

Зөв дадал амжилтанд хүрэхийн үндэс гэдэгтэй та санал нийлнэ биз дээ? Хэдийгээр бид хүрэх зорилгоо томоор зураглан хардаг ч өдөр бүрийн энгийн дадал, үйлдлүүд зорилгодоо нэг алхам ойртох эсвэл холдохыг маань шийддэг. Тэгвэл дараах 7 дадлыг өөртөө хэвшүүлэх танд ихээхэн ач тусаа өгнө.

ХЭРЭГТЭЙ ҮЕД АМАА ХАМХИХ

Мэдээж хэн нэгэнд өөрийн үзэл бодлыг илэрхийлж, харилцан ярианы гол дүр байх сайхан. Аливаад өөрийн зөв гэж зүтгэх нь хүн болгонд л байдаг төрөлхийн зан юм. Гэвч ингэлээ гээд үр дүн бага. Маргааны үед өөрийн зөв гэдгийг батлах гэж зүтгэх нь ажил хэргийн харилцаандаа сэв суулгах аюултай. Харин сэтгэл хөдлөлөө мэдэрч хянаж чадвал та нөхцөл байдлыг гартаа авч, хэрэгтэй үед өөрийн байр суурин дээр баттай зогсож чадна. Сэтгэл хөдлөлөө хянана гэдэг нь ихэнх тохиолдолд амаа хамхина гэсэн үг билээ.

EQ БУЮУ СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ УДИРДАХ ЧАДАМЖ

EQ-гээр бид өөрийн зан араншинг удирдаж, харилцааны асуудлаа зохицуулж, өөрт эерэг үр дүн авчрах шийдвэрүүдийг гаргадаг. Тодруулбал, EQ бол өөрийн болоод бусдын сэтгэл хөдлөлийн байдлыг мэдэрч, үүн дээрээ тулгуурлан зөв зохистой шийдвэр гаргах чадварын үзүүлэлт юм. Олон арван жилийн судалгаагаар амжилттай яваа хүмүүс EQ-ийн өндөр чадамжтай байдаг нь тогтоогджээ. Talentsmart-аас EQ-ийн үзүүлэлтийг ажлын байрны өөр 33 чадварын хамт судалж үзээд ямар ч ажил дээр EQ ажлын амжилтын 58 хувийг тодорхойлдог болохыг тогтоосон байна. Мөн ажлын байран дээр байгаа хүмүүсээс судалгаа авахад шилдэг ажилтнуудын 90 хувь нь өндөр EQ-тэй байжээ. Харин тааруу ажилтнуудын 20 хувь нь л EQ өндөртэй гэж гарсан байна. EQ өндөртэй хүмүүсийн орлогын түвшин ч өндөр байдаг. Гэхдээ EQ өндөртэй байхад зөвхөн орлого нэмэгдээд зогсохгүй илүү аз жаргалтай, стресс багатай болдог байна.

ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ

Цагийн менежментийг үр дүнтэй явуулахад хамгийн их саад болдог зүйл бол бидний юм юманд яарч адгадаг зан юм. Үүнээс болж бид хамгийн гол чухал зүйлээсээ хазайж, яаралтай гэсэн тодотголтой аар саар зүйлсийг хийсээр хамаг цагаа өнгөрөөчихдөг. Их л олон зүйл хийсэн боловч гол ажил тань урагшлаагүй тохиолдол хэр их гарч байсан бэ? Харин цагаа зөв зохицуулаад хэвшчихвэл та ажилд баригдалгүй чөлөөтэй болж өөрийн дээд хүчин чадлаараа ажиллаж чадах юм.

СОНСОХ

Сонсох ч амархан л даа, бид ярихгүй л бол сонсож байна гэсэн үг биз дээ? Гэвч үгүй юм. Бид ихэнхдээ өөрсдийгөө сонсож байна гэж боддог, гэвч үнэндээ хэлэх үгээ л дотроо бодож суудаг. Сонсоно гэдэг нь угтаа нөгөө хүнийхээ ярьж байгаа зүйлд бүрэн төвлөрөхийн нэр юм. Дотроо нөгөө хүнийхээ ярьсныг цэгнэж шүүмжлэлгүй, хэлж буй санааг нь ойлгох гэж хичээж сонсох нь таны өөртөө хэвшүүлбэл зохих тун ч чухал дадал юм шүү. Сонсох нь оюуны чадамжтай л төстэй юмуу даа. Ихэнх хүмүүс л өөрийгөө дунджаас дээгүүр гэж боддог. Врайт Стэйт их сургууль өөр ажил мэргэжлийн 8000 хүний дунд судалгаа явуулахад бараг бүгд өөрсдийгөө сайн сонсогч, энэ тал дээрээ хамтран ажиллагсдаасаа илүү гэж үзэж байжээ. Гэвч олонх нь яавч тийм биш юм. Ажлын байранд байнга л харилцан яриа өрнөх тул бидэнд сонсох дадлага хийх боломж зөндөө гарна. Мөн аман ярианаас гадна бидний хоолойны өнгө, биеийн хэлэмж, үг дугараагүй хором мөчүүд ч асар их мэдээллийг дамжуулдаг юм. Тиймээс анхааралтай сонсохгүй (бас ажиглахгүй) бол бид чухал зүйлсийг ч өнгөрөөж мэдэх юм шүү.

ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ

Сан Франциско дахь Калифорнийн их сургуулиас хийсэн судалгаагаар та үгүй гэж хэлж чаддагүй бол илүү их стресстэж, хямарч, бүр сэтгэл гутралд ч орох аюултай гэнэ. Үгүй гэж хэлэх нь мэдээж олон хүний хувьд хэцүү. Гэхдээ л та үгүй гэдэг үгийг хэрэгтэй цаг мөчид нь зоригтой хэлдэг байх хэрэгтэй. Ингэснээр та өөртөө шинэ үүрэг хариуцлага хүлээж авалгүй одоо байгаа ажилдаа бүрэн төвлөрч ажиллаж чадна. Мөн үгүй гэж хэлж сурснаар та өөрийгөө элдэв ачааллаас чөлөөлж, амьдралынхаа чухал зүйлсэд цаг, хүчээ зориулж чадах юм.

САЙН УНТАЖ АМРАХ

Сайтар унтаж амрах нь тархинд сайн гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл Рочестерын их сургуулиасявуулсан саяхны судалгаа үүнийг бүр ч нотолсон байна. Уг судалгаагаар хүнийг унтаж байх үед тархи өөрийгөө хортой уургаас цэвэрлэдэг болох нь тогтоогджээ. Уг хортой уураг таныг сэрүүн үед мэдрэлийн эсүүдээс чинь ялгардаг аж. Харин сайн унтаж амар гэдгийн учир нь тархи зөвхөн хүнийг гүн бат бөх нойрсох үед л эдгээр уургийг бүрэн зайлуулж чаддаг ажээ. Тэгээгүй тохиолдолд хортой уураг таны тархины эсүүдэд үлдэж улмаар мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлснөөр анхаарал төвлөрөх, бодох сэтгэхэд хүндрэл учруулдаг байна. Үүнийг хэчнээн их кафейн хэрэглээд ч засаж болохгүй. Үүнээс болоод л нойр муутай хүний мэдээлэл боловсруулах, асуудал шийдэх үйл ажиллагаа удааширч, бүтээлч байдал нь алдагдаж, сэтгэл санаа тогтворгүйтдэг байна. Тогтмол цагт бөх нойрсож сурах нь эзэмшихэд бэрх дадал ч өөртөө суулгаж чадвал та өөртөө баярлах болно.

ӨӨДРӨГ БАЙХ

Бид “өөдрөг бай” гэх үгийг байнга л сонсдог. Гэвч бэрхшээл сорилт ихээр тулгарахад бидэнд өөдрөг байх нь бодит байдал дээр биелшгүй мэт санагддаг. Ердөө л нэг гоё сайхан үгнээс хэтрэхгүй сонсогдоно. Харин өөдрөг байхад хамгийн ихээр саад болдог зүйл нь бидний тархи гэнэ. Учир нь тархи маань үргэлж л ямар нэг аюул занал, таагүй зүйлсээс сэрэмжилж, түүн дээрээ төвлөрдөг байна. Энэ бол хүний эсэн мэнд үлдэх гэсэн байгалиас заяасан зохилдлого юм. Гэвч энэ инстикт хүн төрөлхтөн анчин түүвэрчин байх цаг үед буюу хэзээ ч амиа алдаж болох аюултай тэрхүү цаг эринд ихээхэн ач тустай байжээ. Гэвч энэ бол хэдэн живаа жилийн өмнөх явдал. Өнөөдөр энэ зохилдлого хүнийг ямар нэг таагүй зүйлтэй учран учиртал нь ямар нэг гутранги үзэл, сөрөг бодлыг төрүүлсээр байна. Үүнээс болоод хүмүүс өөрт төрсөн айдас жихүүцлийг хэтрүүлэн дүгнэдэг ажээ. Хэрвээ төсөөлсөн таагүй зүйлс нь бодит байдал дээр жинхэнэ байгаад та түүнийг зайлуулж байсан бол таны инстикт сайн ажиллажээ. Харин тэр бүхэн зөвхөн хоосон төсөөлөл байж, та өөрийн ажиллаж буй төслөө хоёр сарын турш бүтэлгүйтнэ хэмээн эмээж явсан бол зохицуулалтын механизм тань танд сэтгэл зовнилоос өөр зүйл авчирсангүй л гэсэн үг. Өөртөө өөдрөг бодлыг төрүүлнэ гэдэг бас л хөөрхөн сорил, өөрөөс тань ямагт анхаарал, төвлөрлийг шаарддаг. Хэрвээ таны тархи өөрийн эрхгүй таагүй зүйл дээр төвлөрөөд байвал та ямагт өөдрөг байх хариу арга хэмжээ авах хэрэгтэй шүү.

 

Эх сурвалж: http://www.unread.today/posts/post/773

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *