Бусад орны үлгэр

Гурван эрдэнэ

Нэгэн тариачин гурван хүүтэй байжээ. Ууган хүүгээ дуу цөөтэй, их л ноомой бүрэг учраас Ольдой гэдэг байжээ. Нэг удаа эцэг нь гурван хүүдээ

— Миний нас сүүдэр дээр гарч, зөнөж байна. Та нарын хэн нэгэн чинь голомт сахих болно. Би хэнд чинь ч ялгаагүй хайртай. Хэнийг чинь ч гомдоохыг бодохгүй байна. Тийм учраас та гуравт мөнгө өгье. Гурвуул харь газар орноор явж аз төөргөө туршиж гурван жил яваад эргэж ирэх хэрэгтэй. Тэгэхдээ хэрэгтэй юм авчирсан хүн өв хөрөнгийг минь авч гал голомтыг минь сахих болно гэж гэнэ ээ.

Ингээд гурван хүүдээ адилхан мөнгө өгч явуулжээ. Замдаа хоёр дүү нь

— Манай Ольдой ах ямар олз омогтой ирэх бол доо? гэж инээдэм наадам хийсээр салаа замын уулзварт хүрээд тэр хоёр хот хүрдэг тэргүүр замаар, ах нь хандсан зүг рүүгээ яваад өгч гэнэ. Тэр яв явсаар гүүр нь эвдэрч алга болсон өргөн голын эрэгт тулж очжээ. Голын тэртээ хүний хөл хүрээгүй удсанаас онгишоод, өвс ногоо нь халиурч ганхсан маш үзэсгэлэн төгс газрыг хараад «энэ их баялаг хүнд ашиглагдахгүй талаар өнгөрч байгаа нь гүүргүйгээс л болж байна» гэж харамсаад «гүүр барих л хэрэгтэй юм» гэж боджээ. Тэгээд өөрөө гүүр барих гэж гурван жил ажиллаж гэнэ. Эцгийнхээ өгсөн мөнгийг ч барж, буцах хугацаа ч дуусаж, гар хоосон харихаас өөр аргагүйдэж гэнэ. Барьсан гүүрнийхээ хажууд эцсийн удаа хоноглох болжээ. Зүүдэнд нь цал буурал сахалтай өвгөн үзэгдэж

— Чи хүн амьтны тусын тулд гайгүй сайн ажиллаж их зүйл бүтээжээ. Өөрийнхөө ашгийг өчүүхэн ч бодоогүй болохоор зохих шан харамж хүртэх ёстой. Май энэ загасны гөхий ав! Маргааш гөхийгөө голд гурвантаа хаяарай. Эхний удаа мөнгөн хэтэвч баригдах вий. Тэр бол энгийн хэтэвч биш, сэгсрэх тоолон алтан зоостой болдог юм. Хоёр дахь удаад бяцхан Домбо баригдана. Түүнийг тонгойлгох бүрийд амтат дарс гоожих болно. Гуравдах удаад шүүр баригдана. Тэр энгийн мэт харагдавч маш ид шидтэй шүүр, саран дээр ургасан модны мөчрөөр хийсэн юм. Түүгээр цохигдсон хэн боловч залууждаг юм. Харин хоёр гурваас илүү цохиж болохгүйг сайн санаж яваарай! гэж гэнэ.

Хүү өглөө нойрноос сэрж, зүүдээ хачирхан бодсоор өндийтөл хажууд нь гөхий харагдсанд гайхаж «үнэхээр зөнтэй зүүд байна» гэж бодоод гол орж гөхийгөө хаяж үзжээ. Тэгтэл ус нь мяралзаж холбого нь хөдлөхөд татвал хэтэвч гарч ирж гэнэ. Аваад сэгсэрч үзсэн чинь зөндөө алтан зоос асгарав. Гөхийгөө ахиад шидтэл бяцхан домбо баригдав. Тонгойлгож үзвэл урьд өмнө амсаж үзээгүй сайхан амтат дарс гарч гэнэ. Гурав дахь удаад нь хогийн шүүр баригдаж тэнэ. Хүү энэ гурван эрдэнээ аваад гэр лүгээ явжээ. Замдаа хоёр дүүтэйгээ дайралдсан чинь дүүрэн эд өлөг ачсан гурав гурван тэрэг хөтөлж гэнэ. Тэр ахаараа тоглоом тохуу хийж

— Хараач. Манай Ольдой ахын авч яваа юмыг! Энэ ч ингэж л эцгийн хөрөнгийг сүйдлэх эр дээ. Бид эс хэлдэг бил үү? гэж өөр хоорондоо ярилцахыг нь сонсоод ах нь дотроо инээд нь хүрчээ. Тэгээд харьцгаасанд эцэг нь гурван хүүгээ үзээд баярлаж, сайн сайхан угтаж авчээ. Авч ирсэн юмыг нь хийх агуулах ч тус тусад нь бэлдчихсэн байжээ. «Аавынхаа бэлдсэн агуулахыг юугаар дүүргэдэг хөвүүд бол» гэж хавь ойр, хамаатан садны улс ч цуглаж, хөл хөгжөөн болжээ.

Өвгөн отгон хүүгийнхээ агуулахыг шагайвал цэвцийтэл цайлгасан тутаргаар дүүргэсэн байхыг үзээд

— Цагаан будаа бол тариачин хүний амьдралын хэрэгцээ. Сайн байна! гэж магтжээ. Дунд хүүгийнхээ агуулахыг шагайж толгой толгойгоороо торго өрөөтэй байхыг үзээд

— Эд бараа бол эрхэм хөрөнгө, баяжжээ, сайн байна гэж магтжээ. Харин ууган хүүгийнхээ агуулахыг онгойлгох байтугай тэр зүг харсан ч үгүй эргэж гэрийн зүг явах гэхэд нь

— Аав минь миний агуулахыг яагаад үзэхгүй байгаа юм бэ? гэж ууган хүү нь асуув.

— Олны өмнө нүүрээ улайлгаад яах вэ. Чи чинь ганц домботой л ирсэн биз дээ гэж гэнэ.

— Аав минь, намайгаа бүү гомдоогооч дээ. Би эдний нэгэн адил таны хүү чинь биш бил үү? гэхэд дуртай дургүй очиж агуулахыг нь үүдийг нээвэл шижир алтан зооснууд наранд гялалзан гялтганав гэнэ. Хүмүүс гялбасан нүдээ анивалзуулан, хэлэх үгээ олж ядан хий л амаа ангалзуулж мэл гайхаж, цэл хөхөрч гэнэ. Тэгэхэд нь тэр хүү

— Нөхөд минь хүн бүр энэ зоосноос атга атгыг аваарай! Битгий нэрэлхээрэй! Тэгээд манайд орж найрлацгаа гэжээ.

Зочдыг суудал эзэлмэгц нөгөө бяцхан домбоо тонгойлгож хүн бүрд амтат дарс хундагалан өгчээ. Аав нь босож

— Өнөөдөр сайхан баяр болж байна. Энэ их баярын өдөр хэрэв зөнөж хөгшрөөгүй сэн бол ганц сайн бүжиглэх сэн, хэчнээн бахтай байх сан билээ дээ гэхэд хүү нь

— Аав минь таныхаа хүслийг хангах эм над бас бий. Та дороо л залуужин! гээд нөгөө шүүрээрээ эцгийнхээ нуруун дундуур ороолгоод авчээ. Хүмүүс гайхан байтал тэр дороо өвгөний цал буурал үс нь харлан, чийрэг хүдэр биетэй, гуч эргэм насны залуу болоод бүжиглэж гарчээ. Тэгсэн чинь тэнд байсан өвгөд хөгшид цөм л залуу болгож өгөхийг хүүгээс хүсэж гэнэ ээ. Эмгэн эх нь хүртэл залуу болгож өгсөн хүүдээ нүүрэн дээр нь их л баярласан дүр үзүүлсэн боловч «миний ач хүү тэр муу хогийн шүүрээ хайрлаад намайг санаснаар минь залуу болгож өгсөнгүй. Хорь юм уу, бүр арван долоотой болгоод өгөхөд, болох л байсан шүү дээ> гэж дотроо их л гоморхжээ. Залуу болсондоо баярлаж хүн болгон л бүжиг наадам, хөөр баяр, хөл хөөрцөг болоход ганцхан эмгэн эх нь энэ их наргиан даргианд оролцсонгүй. Харин нэг мэдсэн чинь шидэт шүүрийг нь сэм шүүрч аваад алга болсон байжээ. Бүгдээрээ эмгэнийг эрж сурч гэнэ. Тэгсэн чинь нөгөө өрөөнд дээл нь байх юм гэнэ. Дэргэд нь салмайтлаа эвдэрсэн шүүр байна гэнэ. Тэгтэл дээлийнх нь өрөөсөн ханцуйд нялх хүүхэд учир зүггүй уйлж байжээ. Ингэж нөгөө ид шидтэй шүүр ч үгүй болж. Бас эмгэн эхээ өсгөж бөөцийлөх хэрэг ач хүүд нь тулгарч гэнэ. Үүнээс хойш шунаг сэтгэлээс гай тотгор орчих вий гэхээс эмээн, хөгшид дахин залууждаггүй болсон юм гэнэ.

Эх сурвалж: Газар газрын үлгэр